Т.Бямбанаран
БНХАУ-ын ган үйлдвэрлэгч HBIS групп болон төмрийн хүдэр олборлогч Vale компани хамтран ган үйлдвэрлэлийн явцад үүсэх нүүрстөрөгчийн давхар ислийн (CO2) ялгаруулалтыг бууруулах зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр компани нүүрсний хэрэглээг багасгах үр дүнтэй шийдлүүдийг эрэлхийлэхээр тохиролцсон байна. Түүнчлэн, техноред зуухыг ашиглан хатуу хаягдлыг боловсруулж, үнэт металлыг гарган авах боломжийг судлах тухай санал солилцжээ.
HBIS болон Vale компаниуд 2050 он гэхэд үйл ажиллагаагаа нүүрстөрөгчийн ялгаруулалтгүй болгох зорилго тавьсан бөгөөд энэ нь агаар мандалд ялгарсан CO2-ыг тэнцүү хэмжээгээр бууруулахад оршино. Дэлхий дахинд гангийн үйлдвэрүүд байгаль орчинд ээлтэй, "ногоон" үйлдвэрлэлд шилжихийг эрмэлзэж байна. Учир нь, гангийн үйлдвэрлэл CO2-ийн 7%-ийг ялгаруулдаг билээ. Өөрөөр хэлбэл, энэ нь Энэтхэг улсын CO2-ийн ялгаруулалттай тэнцэх хэмжээ аж.
Дэлхийд ган үйлдвэрлэлээр тэргүүлэгч компаниуд нүүрстөрөгч багатай үйлдвэрлэл рүү шилжихээр оролдож байгаа ч хараахан амжилт олохгүй байна. Тэр ч байтугай эрчим хүчний хувьд хатуу түлшнээс бүрэн хамааралтай компани ч бий гэсэн судалгаа гарчээ.
Эх сурвалж: www.reuters.com