Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Т. БАТТУЛГА: "MONGOLIA MINING-2025" ҮЗЭСГЭЛЭН “ ХӨГЖИНГҮЙ ТЕХНОЛОГИ - ХҮЧИРХЭГ УУРХАЙ” УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монголын уул уурхайн  хамгийн том арга хэмжээ болох Mongolia Mining- 2025 олон улсын үзэсгэлэнгийн 14 дэх удаагийн арга хэмжээ энэ хавар буюу 4 сарын 17-19-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт  зохион байгуулагдана. Энэ талаар үзэсгэлэнгийн зохион байгуулагч “Майнэкс Монголиа” компанийн Ерөнхий захирал Т. Баттулгатай ярилцлаа.

Mongoliа Mining үзэсгэлэн намрын улирлын хүлээлт өндөртэй арга хэмжээний нэгд зүй ёсоор ордог. Харин энэ удаагийнх яагаад хавар зарлагдах болов. Цаашдаа  зохион байгуулагдах  хугацаанд өөрчлөлт орох уу?
Mongolia Mining олон улсын уул уурхайн үзэсгэлэн 14 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Ер нь манай үзэсгэлэн-ЭКСПО хавар зохион байгуулагдаж ирсэн уламжлалтай. Салбарын хэрэгцээ шаардлага байсан учраас   намрын циклээр нэг хэсэг явсан. Энэ жилээс уул уурхайн их ажлын улирлыг угтаж, хавар 4 дүгээр сард хийгддэг байсан уламжлалаа сэргээж байна.

Mongolia Mining-2025 үзэсгэлэнгийн давуу тал, зохион байгуулалтын онцлогийг тайлбарлахгүй юу?

Mongolia Mining  арга хэмжээ  урт хугацааны төсөл. Дэлхийн уул уурхайн салбарт нэвтэрч буй шинэ техник  технологи, тоног төхөөрөмжийг Монголынхоо хэрэглэгчдэд сурталчлан, таниулах зорилгоор анх тавьсан технологийн гүүр байж, тогтвортой уул уурхайн хөгжлийн төлөө  олон жил хариуцлагатай ажиллах болно. Монголын уул уурхайн салбарын олборлох, баяжуулах үйлдвэрлэлийн бүтээмжийг сайжруулах хамгийн чухал технологийг бүрдүүлсэн, ханган нийлүүлэгчид нэг дор цугларсан худалдаа маркетингийн нэгдсэн орчинг бүрдүүлсээр байх болно. 


Ер нь бол уул уурхайн салбарын хувьд хамгийн идэвхтэй буюу хаврын улиралд томоохон арга хэмжээ зохион байгуулах нь зөв сонголт байж болох юм. Тэгвэл энэ жил Mongolia Mining-2025 үзэсгэлэнд оролцох томоохон байгууллагуудын идэвх оролцоо ямар байна вэ? Үзэсгэлэнгийн хүлээлт хэр байна вэ?
Үзэсгэлэнд оролцогчид маань урд урдынхаас илүү хүлээлттэй оролцдог. Тэрхүү хүлээлтийг хангах нь бидний үүрэг. Энэ жилийн хувьд олон жил хаагдмал байсан уул уурхайн хайгуулын зөвшөөрөл олгох үйл ажиллагаа сэргэж, энэ салбарт шинэ, шинэ хөрөнгө оруулалтууд хийх орчин бүрдэх учраас уул уурхайн салбарынхан ч их ажлын өмнө бэлтгэлээ базаахаар "Mongolia Mining-2025" үзэсгэлэнгийн өдрийг тэсэн ядан хүлээж байна.

Mongolia Mining үзэсгэлэнд жил бүр дэлхийд нэр хүндтэй уул уурхай, санхүү бизнесийн олон улсын томоохон байгууллагууд идэвхтэй оролцдог төдийгүй  Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдууд хамтран ажилладаг. Энэ жилийн онцлох оролцогч болон томоохон хамтралуудыг дурдвал?

Манай үзэсгэлэнд  уул уурхай эрчимтэй хөгжсөн,  дэлхийд тэргүүлэгч Австрали, Канад, АНУ, Казахстан зэрэг олон жилийн түнш 10 гаруй улсын ханган нийлүүлэгчид, хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирж оролцож байна. Мөн уул уурхайн тоног төхөөрөмжийн технологиор тэргүүлэгч Hitachi брэндийн дистрибьютер “Таванбогд Констракшн Машинери” ХХК, Wirtgen, Tonly, Shantui, Weichai зэрэг брэндийн дистрибьютер “Хэра Экьюпмент”, SANY брэндийн дистрибьютер “Гранд Майнинг Экьюпмент” зэрэг томоохон ханган нийлүүлэгчид ивээн тэтгэгчээр оролцож байна. Үүнээс гадна салбарын олон жилийн туршлагатай, нэр хүндтэй, томоохон байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилж, шинэлэг тоног төхөөрөмж, туршлагаа танилцуулж, үзэсгэлэн гаргаж оролцоно.

Mongolia Mining үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагддаг хөтөлбөр, сургалт, B2B арга хэмжээнүүд ач холбогдол болон үр дүнгээрээ салбарынхны анхаарлыг байнга татах болсон. Энэ жилийн хувьд тус арга хэмжээнүүдийн онцлог болон зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөхгүй юу?
Үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагддаг арга хэмжээ маань  салбарын эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдлэг мэдээлэл авах, харилцаа холбоо үүсгэх, ур чадвар сорих орчин болдог. Бид уламжлал ёсоор Монголын уул уурхайн салбарын  холбогдох байгууллагууд, “Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл” ТББ-тай хамтран дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

Үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагддаг хөтөлбөр, сургалтууд нь уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах, шинэ технологи нэвтрүүлэх, уул уурхайн эрх зүй, бодлогын асуудлуудыг хэлэлцэх, мэргэжилтнүүдийн илтгэл, хэлэлцүүлэг, нээлттэй ярилцлагуудыг сонсох мэдээлэл олж авах бизнесийн харилцааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой. 

Мөн тус үзэсгэлэнд бизнесийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжуудыг нээх B2B уулзалт зохион байгуулагдах бөгөөд Олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагчидтай уулзах, төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэх зэрэг олон боломжуудыг нэг дор бүрдүүлж байгаа нь үзэсгэлэнгийн томоохон давуу тал болж байгаа юм. Mongolia Mining үзэсгэлэн нь уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээнүүдийн нэг бөгөөд шинэ технологи, инноваци, хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулдаг.

Mongolia Mining-2025 үзэсгэлэн “Хөгжингүй технологи - Хүчирхэг уурхай”  (Smarter tech – Stronger Mines) гэсэн уриатай  зохион байгуулагдана. Технологийн дэвшил Монголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг өсгөж, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлнэ. Шинэ технологи уул уурхайн байгаль орчны аливаа сөрөг нөлөөллийг арилгаж, тогтвортой уурхайн хөгжлийг дэмжинэ. Mongolia Mining үзэсгэлэн анх зохион байгуулагдаж эхлэхдээ л “Дэлхийн технологи дэргэд ирлээ” гэсэн уриатай  байсан. Одоо Mongolia Mining дэлхий дахины хамгийн шилдэг, хамгийн орчин үеийн технологийг  танилцуулдгаараа онцлог.