"Монголын геологи, хайгуул-2025" чуулга уулзалт, үзэсгэлэн энэ сарын 27, 28-нд Корпорэйт Конвеншн төвд зохион байгуулагдаж байна.
Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар энэхүү чуулга уулзалтыг 2009 оноос зохион байгуулж байгаа. Энэ жил “Эрэл, хайгуулыг дэмжих нь” сэдвийн хүрээнд танхим болон онлайнаар шууд дамжуулж буйгаараа онцлог.
Төр засгийн удирдлагууд, салбарын шилдэг мэргэжилтнүүд нэгэн дор чуулж, хайгуул, ашиглалтын дэвшилтэт чиг хандлагыг тодорхойлох, үнэ цэнтэй туршлага, мэдээлэл солилцох чухал талбар болдог тус арга хэмжээний үеэр албаныхан дараах мэдээллийг өгсөн юм.
ГЕОЛОГИ ХАЙГУУЛЫН САЛБАР НЬ УУЛ УУРХАЙН ҮНДЭС СУУРЬ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан
-Уул уурхайн салбар нь улсын төсвийн 30 гаруй хувийг, экспортын орлогын 90 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг. Салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, төрөөс баримталж буй бодлого, байгууллага хоорондын уялдаа, хууль зүйн тогтвортой байдал гээд маш олон асуудлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн геологийн салбар бол уул уурхайн салбарын үндэс суурь. Тиймээс геологийн салбарт ач холбогдол өгөх бодлого баримталж байгаа.
Хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн 7 нь уул уурхайн салбарт хамарч байна. Эдгээрээс дөрөв нь амжилттай хэрэгжих шатандаа явна. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн УЦС, Францтай хамтран хэрэгжүүлэх ураны хөрөнгө оруулалтын төсөл, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилт зэрэг юм.
Хайгуулын лиценз нь ашиглалтынхаас 5 дахин олон байж өөрөөр хэлбэл, хайгуул нь түрүүлж явснаар уул уурхайн салбар хөгжинө. Улс төрөөс шалтгаалаад геологи хайгуулын лицензийг үе үе гацааж, зогсоож ирсэн нь тун харамсалтай. Хамтарсан Засгийн газар шинээр журам гаргасантай холбоотойгоор энэ оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн улс төрийн зорилготойгоор энэ ажлыг зогсоох асуудал дахин үүсэхгүй.
Монгол Улсын нутаг дэвсгэрийн хаана нь ямар төрлийн ашигт малтмал байгааг мэдсэнээр дэлхийн нийтийн чиг хандлагатай уялдаж хэзээ нь ямар ордоо ашиглах үгүйгээ шийдвэрлэх боломжтой болох юм. Одоогоор Монгол Улс нийт нутаг дэвсгэрийнхээ 3,2%-д 900 гаруй хайгуулын лицензтэй байгаа. Харин 1700 ашиглалтын лиценз бий. Гэтэл Австрали улс нь газар нутгийнхаа 50 хувьд хайгуулын лиценз олгосон. Канад улс газар нутгийнхаа бүх хэсэгт хайгуул явуулаад дууссан байна. Тиймээс хайгуулыг эрчимжүүлэх бодлого баримтална.
2025 оны улсын төсвөөс геологи хайгуулын салбарт 20 тэрбум төгрөг зарцуулна. Сүүлийн үед хурдацтай хөгжиж байгаа агаарын геофизикийн судалгааны ажилд тодорхой хувийг, уламжлалт геологийн ажилд мөн тодорхой хувийг хуваарилна. 2025 оны гуравдугаар сарын байдлаар хайгуулын болон, ашиглалтын тусгай зөвшөөрөл нь нийлээд нийт газар нутгийн 4,3 хувийг эзэлж байгаа.
ЭНЭ ОНД ХИЛИЙН БОЛОН ГИДРОГЕОЛОГИЙН СУДАЛГААГ ЭХЛҮҮЛНЭ
Үндэсний геологийн албаны Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Н.Мөнхбилэг
-Өнгөрсөн таван жилд хийсэн шинэлэг зүйл нь гео орчны судалгааны ажил байлаа. Геологийн судалгаа нь зөвхөн ашигт малтмалаар хязгаарлагддаггүй. Үндэсний аюулгүй байдлын судалгаанд ч ашиглагддаг. Гео орчны судалгааны төслийг бид томоохон суурьшлын бүсүүдэд хийсэн. Газар хөдлөлт, ус, хөрсний чанар, цэвдэг, ургамалжилт гээд маш олон төрлийн зургийг гаргасан. Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн судалгааг Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн. Уг судалгааг хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгахыг зөвлөсөн.
Улсын төсвөөс геологийн хайгуулд зарцуулах 20 тэрбум төгрөгийн 9.1 тэрбум төгрөгийг геологийн зураглал хийхэд, 9.6 тэрбум төгрөгийг сэдэвчилсэн судалгаа хийхэд. 0.8 тэрбум төгрөгийг хамтын ажиллагааны төслийн эхний жилийн санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөөд байна.
Энэ онд хилийн болон гидрогеологийн хэд хэдэн судалгааг шинээр эхлүүлнэ. Хил дархан байхыг байнга ярьдаг ч судалгаа нь хангалтгүй байдаг. Тиймээс Баруун бүсийн судалгааг илүү нарийвчлан хийж, шинээр таван төсөл хэрэгжүүлнэ. Бүсчилсэн хөгжлийн талаар ярьж буй энэ үетэй нийцүүлэн судлахыг зорьж байна.