Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

УУЛ УУРХАЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТАД ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ АШИГЛАЖ БАЙНА

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн Хэрэглээний математикийн тэнхимийн багш, доктор, профессор: А.Энхбаяр 

Шинжлэх ухаан, технологийн хурдацтай хөгжлийн үр дүнд уул уурхайн салбарын Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын (ХЭМАБ) сургалтыг улам боловсронгуй болгох шинэ боломжууд бий болж байна. Өнөөдөр дэлхийн дахинд аж үйлдвэрийн IV хувьсгал эрчимтэй өрнөж, хиймэл оюун ухаан, интернэт технологи, 3D хэвлэх, биотехнологи, виртуал технологи зэрэг дэвшилтэт шийдлүүд аж үйлдвэрт өргөн нэвтэрч байна.

Аж үйлдвэрийн шинэ эриний гол өөрчлөлт болох дижитал шилжилт нь ерөнхийдөө 10 гаруй технологи дээр суурилж байгаа юм. Энэ бүгдийг зэрэг хөгжүүлэх боломж хязгаарлагдмал. Метаверс, виртуал реалити зэрэг виртуал технологиудын талаар нэгдсэн мэдээлэлтэй болох, энэ талын мэдлэгийг олон нийтэд хүргэхийг бид зорьдог.

Үүний нэг жишээ бол виртуал технологийг ашиглан ХЭМАБ-ын сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх явдал юм.

Виртуал реалити (VR) технологи нь бодит орчныг загварчилж, хэрэглэгчдэд дижитал орчинд биеэр оролцож буй мэт мэдрэмж төрүүлэх боломжийг олгодог. Энэ нь сургалтын чанарыг сайжруулж, аюулгүй ажиллагааны дадлагыг бодит мэтээр турших нөхцөлийг бүрдүүлнэ. Судалгаагаар хүмүүс уншсан мэдээллийнхээ 10%-ийг, харж сонссон зүйлийнхээ 50%-ийг, өөрийн биеэр мэдэрсэн үйл явдлынхаа 80%-ийг санаж үлддэг гэж тогтоогдсон тул VR технологи сургалтын хамгийн үр дүнтэй шийдлүүдийн нэг болж байна.

Британийн "The Immersive Economy in the UK 2019" тайланд дурдсанаар, VR-д суурилсан сургалт нь уламжлалт сургалтаас 40%-иар бага хугацаа зарцуулдаг бөгөөд сургалтын чанар, ажилчдын гүйцэтгэлийг 70%-иар нэмэгдүүлдэг гэсэн дүгнэлт гарчээ. Үүнээс харахад VR технологи нь ХЭМАБ-ын сургалтыг илүү хялбар, үр дүнтэй, бодитой болгож байна.

Монгол Улсад виртуал технологийн хэрэглээг хөгжүүлж буй гол компаниудын нэг бол "Дижитал Солюшнс" юм. 2019 онд МУИС-ийн дэргэд гарааны бизнесийн статустай байгуулагдсан тус компани нь VR, MR, метаверс зэрэг дэвшилтэт технологи хөгжүүлдэг бөгөөд түүх, соёл, боловсрол, сургалтын чиглэлээр олон нийтэд инновацын шийдлүүдийг санал болгодог.

Тус компани нь хүн бүрийн, бизнесийн байгууллагуудын өдөр тутмын амьдралд тулгардаг асуудал, бэрхшээл, түүнээс үүсэх хүндрэл, санхүүгийн зардлыг бууруулах зорилгоор цаг хугацааг илүү үр бүтээлтэй ашиглах технологийн болон бизнесийн цоо шинэ шийдлийг нийгмийн бүхий л салбарт түгээх зорилготой.

Тэр дундаа VR технологид суурилсан уул уурхайн аюулгүй ажиллагааны олон хэрэглэгч бүхий сургалтын симуляторын шинэ хувилбарыг бэлтгэн гаргасан бөгөөд сүүлийн 4 жилд сургалтын симуляторын програм хангамж, техник хангамж, электроникийн удирдлагыг тасралтгүй хөгжүүлж байна. Энэ хугацаанд "Багануур" ХК, "Шарын гол" ХК, Мonnis Service Support LLC зэрэг уул уурхайн олборлолтын болон тоног төхөөрөмж, ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаа явуулдаг компанитай хамтран ажилласан байна. 

Мөн "Дижитал Солюшнс" компани ХЭМАБ-ын сургалтын VR контентуудыг сүүлийн 5 жилийн турш хөгжүүлж байна. "Оюу Толгой" ХХК, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ зэрэг томоохон уул уурхайн компаниудын захиалгаар дараах VR сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулжээ.

  • Галын аюулгүй байдлын сургалт
  • Далд уурхайн зөөврийн болон нийтийн хоргодох байрны сургалт
  • Уул уурхайн хүнд машин механизмын дохиочны сургалт
  • Үйлдвэрийн орчны аюултай нөхцөл байдлыг илрүүлэх сургалт. 

Эдгээр VR сургалтууд нь ажилчдыг аюулгүй ажиллагаанд дадлагажуулахад өндөр үр дүнтэй бөгөөд сургалтын дараа тест өгөх, аюулгүй байдлын мэдлэгийг үнэлэх боломжийг олгоно. Энэ нь сургалтын чанарыг сайжруулах, компаниудад зардал хэмнэх, осол гэмтлээс сэргийлэх боломжийг бүрдүүлж байна.

Эдгээр VR сургалтын контентууд нь бүгд интерактив бөгөөд хэрэглэгч бодит орчинд сургалт хийж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Тухайлбал, Оюу толгой компанийн галын аюулгүй ажиллагааны сургалтын контент нь оффисын орчин, ажлын байр, хүнд даацын машин, галын хор ашиглалт гэсэн 4 хэсгээс бүрддэг.

Жишээ болгон оффисын орчин дахь галын сургалтын контентыг тайлбарлая.

Контент эхлэхэд хэрэглэгч Оюу толгойн оффисын байранд ширээнийхээ ард сууж байна. Энэ үед нэгэн эмэгтэй залгуур ашигласнаас болж цахилгааны гэмтэл үүсэж, гал гардаг. Энэ үед сандралгүй зөв арга хэмжээ авах эсвэл буруу шийдвэр гаргах гэсэн 2 боломж гарч ирнэ. Хэрэглэгч буруу үйлдэл хийвэл (Жишээ нь, цахилгааныг шууд салгах, ус цацах гэх мэт) гал улам өргөжиж, эрсдэл үүсдэг. Харин зөв шийдэл (дохиолол асаах, гал унтраах зэрэг зөв арга хэмжээг авах) хэрэгжүүлснээр сургалтыг амжилттай дуусгах боломжтой.

Энэ мэтчилэн контент бүр ХЭМАБ-ЫН мэргэжилтнүүдийн зөвлөмж дээр үндэслэн бүтээсэн бөгөөд интерактив байдлаар сургалтын үр дүнг нэмэгдүүлж байна.

Уул уурхайн компаниуд ХЭМАБ-ЫН сургалтад дэвшилтэт технологи, ялангуяа VR-д суурилсан сургалтыг нэвтрүүлснээр ажилчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн ослын эрсдэлийг бууруулахад чухал хувь нэмэр оруулж байна. "Дижитал Солюшнс" компанийн хөгжүүлсэн VR сургалтын контентууд нь Монгол Улсад технологид суурилсан сургалтын шинэ үеийг нээж, уул уурхайн салбарт аюулгүй ажиллагааны стандартыг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулах юм.

Үйлдвэржсэн нийгмээс мэдээлэлжсэн нийгэмд шилжиж байгаа үед мэдээллийн технологид суурилсан ажил, үйлчилгээ эрс нэмэгдэж байна. Монгол Улсын хувьд мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд ажиллах чадварлаг боловсон хүчний хүрэлцээ дэлхий нийттэй харьцуулахад бага байгаа боловч бид хөгжлийн хурдаас хоцрох учиргүй.