Р.Ренчиндулам
Перугийн Серро Верде 2053 он хүртэл үйл ажиллагаагаа сунгах 2.1 тэрбум ам.долларын төлөвлөгөөг танилцууллаа. Перугийн хамгийн том зэс үйлдвэрлэгч “Серро Верде” уурхайн зүгээс олборлолтоо нэмэгдүүлж, Арекипа бүс дэх уурхайн ашиглалтын хугацааг 2053 он хүртэл сунгахад зэхэж байгаагаа мэдэгдсэн билээ.
Харин сүүлийн үед компанийн зүгээс хөрөнгө оруулалтаа бууруулахаар болсон талаар мэдээлэл гарах болсон. Тэгвэл “Bnamericas.com”-д бичсэнээр тус компанийн зүгээс энэ мэдээллийг няцааж байгаа аж. “Серро Верде”-гийн захирал Брюс Клементс "Мэдээж аливаа хөрөнгө оруулалтыг хийхэд нарийн тооцоололтой судалгаа хэрэгтэй. Энэ явцад нягтлах, тодруулах зүйл гардаг. Үүнээс үүдэж хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрсөн байхыг үгүйсгэхгүй. Ямар ч тохиолдолд бид Арекипа бүс дэх уурхайн ашиглалтын хугацааг 2053 он хүртэл сунгахад шаардагдах бүхнийг хийх болно” хэмээн ярьжээ.
“Cerro Verde нь” 1970 онд байгуулагдсан уул уурхайн компани бөгөөд Арекипа хотын зүүн өмнөд хэсэгт байрлах зэсийн ордоос зэс олборлох, ашиглах, үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Freeport-McMoran” 53.5 хувийг нь, “Sumitomo Metal Mining” 21 хувийг нь эзэмшдэг. Тус компани нь “Sumitomo Metal Mining” компанитай зэс худалдах гэрээ, мөн “Climax Molybdenum” компанитай молибден худалдах гэрээтэй ажилладаг юм байна.