Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“GlobalData”: Австралийн нүүрсний олборлолт сэргэж байна Австрали дахь нүүрсний компаниудын үйлдвэрлэлийн талаарх судалгааны тайлангаа Их Британийн “GlobalData” байгууллагаас танилцуулжээ. Уг тайлангаар, 2021 онд нүүрсний томоохон олборлогч 10 компани болох “Coal India”, “Shenhua”, “Yanzhou Coal”, “Peabody”, “China National Coal”, “Glencore”, “Siberian Coal”, “PT Bumi”, BHP  болон “Arch Resources” нь нийт 1.68-1.74 тэрбум тонн нүүрс олборлох төлөвтэй байна. Эдгээр компанийн нүүрсний нийт олборлолт өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 6.6%-иар нэмэгдэх таамгийг дэвшүүлжээ. Нүүрсний үйлдвэрлэл сэргэж буйг тайланд тэмдэглэсэн байна. Учир нь дээрх 10 компани нь 2019 онд нийт 1.7 тэрбум тонн нүүрс олборлож байсан бол КОВИД-19 цар тахал дэгдсэн өнгөрсөн онд олборлолтын хэмжээ 4.2%-иар буурч 1.6 тэрбум тоннд хүрчээ.
“Рио Тинто” Оюутолгойн нэмэлт санхүүжилтийн төлөвлөгөөг “Туркойз Хилл Ресурс”-тэй тохирлоо “Рио Тинто” Монгол Улс дахь Оюутолгойн гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийн шинэчилсэн төлөвлөгөөний хүрээнд “Туркойз Хилл Ресурс” компанитай ерөнхий зохицуулалтын гэрээ байгууллаа. Өмнө нь 2020 оны есдүгээр сарын 9-ний өдөр “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс”-ийн хооронд байгуулсан санамж бичигт үндэслэн, энэхүү шинэчилсэн санхүүжилтийн төлөвлөгөөгөөр ойролцоогоор 2.3 тэрбум ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэсэн болно.
Хятадын Ганцмод боомтоор өдөрт дунджаар 15 машин нэвтэрч байна Хятадын нүүрсний мэдээллийн агентлаг “Фэнвэй Энержи”-ийн мэдээлснээр, тус улсын Ганцмод боомтоор өдөрт дунджаар 15 машин нэвтэрч буй ажээ. Энэ сарын 1-5-ны хооронд Хятадад Ханш нээх өдрийн баяр ёслол, мөн Ганцмод боомтод ашиглаж буй шинжилгээний төхөөрөмж эвдэрсэнтэй холбоотойгоор татан авалт бүрэн зогссон байна. Нүүрсний татан авалт бараг зогссоны улмаас Хятадын хилийн дотор боомттой ойролцоо орших нүүрс баяжуулах үйлдвэрүүдийн түүхий эдийн нөөц дууссанаас зарим нь үйл ажиллагаагаа зогсоосон тухай тус агентлаг мөн мэдээллээ.   Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ дөрөвдүгээр сарын 7-нд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай утсаар холбогдож хоёр улсын худалдаанд голлох үүрэгтэй боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох талаар ярилцсан юм.
“Рио Тинто” өнгөрсөн онд Монгол Улсад 277 сая долларын татвар төлжээ Цар тахал дэгдсэн өнгөрсөн онд тус компани уурхайн үйл ажиллагаа болон бусад бизнес эрхэлдэг улс орнуудад нийтдээ 47 тэрбум ам.долларын эдийн засгийн хувь нэмэр оруулсны дотор 8.4 тэрбум ам.долларын татвар хураамж, роялти багтсан талаар мэдээлэв. Эдгээр үзүүлэлт нь 2019 оныхоос өсөлттэй гарчээ. Тухайлбал 2019 онд тус компанийн эдийн засагт оруулсан хувь нэмэр 45.1 тэрбум ам.доллар, тэр дундаа татвар, хураамжийн үзүүлэлт 7.6 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан юм.  Тус компанийн голлох үйл ажиллагаа буюу төмрийн хүдрийн олборлолт төвлөрдөг Австралийн Засгийн газарт өнгөрсөн онд 6.8 тэрбум ам.долларыг татвар, хураамжид төлсөн байна.
Виртуал хөрөнгийн хөрөнгийн үйл ажиллагааг зохицуулах хуулийн төслийг боловсруулна Монголбанкны зүгээс ФАТФ-ын зөвлөмжийн дагуу виртуал хөрөнгийн хөрөнгийн үйл ажиллагааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр холбогдох байгууллагатай хамтран ажиллаж буйгаа өнгөрсөн сард мэдэгдсэн билээ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэлжүүлж, мөнгө угаах болоод терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд үйл ажиллагаанд нь хяналт тавихаар хуулийн төсөлд тусгажээ. Блокчейн бол анхлан биткойныг шилжүүлсэн тухай мэдээллийг хадгалах, эргэн харах боломж бүхий бүртгэлийн систем аж. Гэхдээ блокчейныг өөрчлөх болон нөлөөлөх огт боломжгүй нь давуу талтай. Одоогийн байдлаар манай улс блокчейныг сонгуулийн санал хураалт, даатгалын бүртгэл, эрүүл мэндийн дата, урлаг соёлын бүртгэл, төрийн үйлчилгээ зэрэг бүх төрлийн бүртгэлд дата байдлаар ашиглах боломжтой гэж судлаач үзэж байна
Ерөнхийлөгч Оюутолгойн арбитрын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах тухай зарлиг гаргав Ерөнхийлөгч Оюутолгойн асуудлаар арбитрт сөрөг нэхэмжлэл гаргах тухай зарлигийн төслийг Засгийн газарт хүргүүллээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр (2021.04.09) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэллээ. Тэрбээр “Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Ард иргэд ээ, Миний бие өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг хүргүүллээ.
“Оюутолгой” компанийн төлсөн татварын өрөөр иргэн бүрт 300 мянган ₮ хуваарилна Засгийн газар ээлжит бусаар хуралдан 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр боллоо. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан иргэн бүрт 300 мянган төгрөгийг дэмжлэг болгож өнөөдрөөс дансанд нь шилжүүлж эхлэхээр шийдвэрлэлээ. Шаардагдах хөрөнгийг Оюутолгой компанийн төлсөн татварын өр болох нэг их наяд гаруй төгрөгөөс гаргах юм. 
Хятад 2.5 тэрбум тонн нөөцтэй төмрийн хүдрийн ордыг ашиглалтад оруулна  2022 оны зургаадугаар сард Хятадад төмрийн хүдрийн “Sishanling” ордын уурхайн эхний үе шат ашиглалтад орно гэдгийг Ляонин муж дахь Бэньси хотын намын хорооноос мэдэгджээ. Энэхүү төслийг гангийн “Jianlong” групп хэрэгжүүлж байна. Өмнө нь төлөвлөсөн ашиглалт оруулах хугацааг хагас жилээр наашлуулж буй. Хятадын томоохон ордуудын нэгд тооцогддог “Sishanling” нь 2.5 тэрбум тонн төмрийн хүдрийн батлагдсан нөөцтэй. Хүдэр дэх төмрийн дундаж агуулга 31.19% буюу тус улсын уурхайнуудын хувьд өндөр агууламжтайд тооцогддог байна. Гэсэн ч энэ нь Гвинейн Симандоу болон Австралийн Пилбара дахь төмрийн хүдрийн уурхайнуудын агууламжийн дэргэд бага агуулгатай харагдаж байна.  
Алтны салбарын хэтийг тодорхойлох “БӨМ Алт” төсөл Үндэсний “Алт 2” хөтөлбөрийн хүрээнд Монгол орны баруун, зүүн нутгийг хамарсан алтны геологийн суурь судалгааны хоёр төслийн нэг нь “БӨМ Алт 2019” юм. Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган, Дундговь, Өмнөговь зэрэг 12 аймгийн нутгийг хамарсан Баруун, баруун өмнөд, хангайн бүсийн алтны хүдэржилт, хэтийн төлөвийн сэдэвчилсэн судалгаа 2019 оны наймдугаар сараас эхэлсэн юм.  Судалгааны нийт талбай нь манай улсын нийт нутаг дэвсгэрийн бараг 1/3 гэсэн үг. Тухайн бүс нутгийн алтны үндсэн болон шороон орд, илрэл, сарнилын хүрээ, геохимийн цэгэн гажил зэрэг тодорхой 5-6 мянган цэгийг судлах өргөн цар хүрээтэй төслийг үндэсний бүтээн байгуулагч “Монполимет” компани хэрэгжүүлж байна.
Хөрөнгийн зах зээлийн арилжааны 7.8%-ийг Хөрөнгийн оруулалтын сан бүрдүүлж байна  Санхүүгийн зохицуулах хороо жил бүр үйл ажиллагаагаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд тайлагнах үүрэг хүлээдэг. 2020 оны ажлын тайлангаа Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.07) хуралдаанаар хэлэлцүүлж дүгнүүлсэн байна. Хөрөнгийн зах зээл 2019 оноос 12.5%-иар өсч 3 их наяд төгрөг, нийт арилжааны хэмжээ 65.4 тэрбум төгрөг, хөрвөх чадварын хэмжээ 18%-д хүрчээ. Нийт арилжааны 82.5%-ийг хувьцаа, 7.8%-ийг хөрөнгө оруулалтын сан, 8.9%-ийг компанийн бонд, 0.9%-ийг Засгийн газрын үнэт цаас тус тус бүрдүүлсэн байна.
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг хоёрдугаар улирлаас барьж эхэлнэ Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /салбар төмөр зам, ачих байгууламж/-ийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг нь боловсруулан баталгаажуулж, хоёрдугаар улиралд багтаан барьж эхэлнэ. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил нэвтрэх цэг, шилжүүлэн ачих байгууламж барих талаар хятадын талтай энэ сард харилцан тохиролцох, боомттой холбоотой асуудлыг “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т энэ онд нэмэлтээр тусгахыг холбогдох сайд нарт даалгахаар Засгийн газрын ээлжит (2021.04.07) хуралдаанаар шийдвэрлэлээ.
Дэлхийн алт үйлдвэрлэлийн ТОП-10 уурхай Канадын судалгааны “Kitco” байгууллагаас 2020 онд дэлхийд алт үйлдвэрлэлээр тэргүүлэх 10 уурхайг тодорхойлжээ. Энэхүү ТОП-10 уурхайгаас тавд нь Канадын “Barrick Gold” компани хувь эзэмшиж байна. КОВИД-19 цар тахал дэгдсэн сүүлийн жилд ихэнх уурхайн алтны олборлолт буурчээ. Өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулсан АНУ-ын Геологийн албаны судалгаанд, дэлхийн хэмжээнд олборлох боломжтой алтны 50 мянган тонн нөөц буйг дурдсан байна. Хэрэв 2018, 2019 оны үзүүлэлтээр жилийн алтны олборлолтын хэмжээ 3000 тонн байх бол боломжит нөөц 15 жилийн дараа дуусч болзошгүйг судалгаанд онцолжээ.
Чили хилээ хааснаар зэсийн ханш өсөв Дэлхийн зэс олборлолтоор тэргүүлэгч Чили улс КОВИД-19-ийн дотоодын тархалтыг бууруулах зорилгоор өнгөрсөн пүрэв гаригт (2021.04.01) хилээ хаах болсноо зарласан. Тус улс хилээ хаах болсноор өчигдөр Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр зэсийн ханш тонн тутамдаа 9125 ам.долларт (~4.14 ам.доллар/фунт) хүрч нэмэгдсэн байна. Зэсийн ханш гуравдугаар сарын 23-наас эхлэн буурах хандлагатай байсан нь ийнхүү эргээд өсч эхэллээ. Чилид өдөрт халдвар авах хүний тоо дээд хэмжээнд хүрсэнтэй холбоотойгоор тус улс хилээ хаахаар шийдвэрлэжээ. Дөрөвдүгээр сарын 2-ны байдлаар тус улсад 8079 хүн шинээр халдвар авсан нь дээд хэмжээнд тооцогдсон байна. Ингэснээр Чилийн эрүүл мэндийн салбарт ачаалал эрс нэмэгджээ.
Тавантолгой, Нарийнсухайтын уурхайн ажилчдын 2 дахь тунгийн вакцинжуулалт маргааш эхэлнэ УОК, Өмнөговь аймгийн онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу дөрөвдүгээр сард уурхайн ажилчдын ээлж солих явцыг түр зогсоож, ажилчдыг вакцинжуулах ажлыг эрчимжүүлж байна. КОВИД-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтад уул уурхай, хүнд үйлдвэрийн салбараас нэн түрүүнд хамрагдах шаардлагатай уул уурхайн экспортын тээврийн нийт 7307 жолооч нар эхний тун бүхий вакцинд хамрагдсан. Тэгвэл хоёр дахь тунгийн вакцинжуулалт дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэх аж.  Уул уурхайн экспортын голлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч уурхайн нийт 38.8 мянга гаруй ажилчдын вакцинжуулалтыг 5 чиглэлээр төлөвлөсөн.
Чингэлэг тээврээр Шивээхүрэн боомтын нүүрсний экспортыг 10 сая тонноор нэмэгдүүлнэ Монгол Улсын экспортын гол боомтуудын нэвтрэлтийг дэмжих чиглэлээр, тухайлбал Шивээхүрэн боомтоор нүүрсийг чингэлэг тээврээр экспортлох тухай тогтоолыг ирэх долоо хоногийн лхагва гаригт (2021.04.13) Засгийн газрын хуралдаанд оруулахаар УУХҮЯ-наас бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл, энэ асуудал холбогдох яамдаас санал авах шатанд явж байгаа тухай УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа мэдээллээ. Чингэлэг тээвэртэй холбоотой Засгийн газрын тогтоол гарснаас хойш 1-2 сарын хугацаанд терминалыг барьж байгуулах ажил хийгдэнэ. Бүтээн байгуулалтад зориулан Шивээхүрэн боомтод 11.5 га газарт нягтаршуулсан талбай бэлтгэсэн.
Шивээхүрэн боомтоор нүүрсний экспортыг эхлүүллээ Гурвантэс суманд тэг зогсолт хийсэнтэй холбоотойгоор Шивээхүрэн боомтын нүүрсний экспортыг зогсоогоод байсан юм. Тэгвэл дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн нүүрс тээвэрлэсэн цөөн тооны машиныг нэвтрүүлж байна. Тодруулбал өнөөдрийн байдлаар (2021.04.06) тус боомтоор 91 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ. Өчигдөр (2021.04.05) тус боомтоор 88 машин нэвтэрсэн тухай Шивээхүрэн дэх Гаалийн газар мэдээлэв. Нүүрс нэвтрэлт удааширсны улмаас тус боомтын авто зам дээр 800 гаруй машины цуваа үүсчээ.
Аж үйлдвэрийн “Иннопром” үзэсгэлэн Екатеринбург хотноо болно Цар тахлын нөхцөл байдлаас үл хамаарч  “Иннопром” үзэсгэлэнгийн 11 дэх удаагийн  ээлжит арга хэмжээг ОХУ-ын Екатеринбург хотноо (2021.07.6-9) нээх бэлтгэл ажил  эхэлжээ. Тус үзэсгэлэнд олон улсын компани, бизнес эрхлэгчид өөрсдийн шинэ технологи, хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулах, цаашлаад бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжтой томоохон үзэсгэлэн юм. Энэхүү арга хэмжээнд оролцох сонирхолтой Монголын аж ахуй нэгжүүд танилцуулахаар төлөвлөж буй бүтээгдэхүүний мэдээллээ УУХҮЯ-нд хүргүүлэх аж. 2010 онд анх “Иннопром” үзэсгэлэнг ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамнаас зохион байгуулсан бөгөөд 2012 оноос тус улсын Засгийн газрын шийдвэрээр Холбооны статус, 2013 онд олон улсын статустай болсон байна. 
Ураны үнэ 30 ам.доллар хүрч нэмэгджээ  Японы “Фүкүшима” атомын цахилгаан станцад гарсан ослоос хойш уналтад ороод байсан ураны зах зээлд сэргэлт ажиглагдаж эхэлжээ. Тодруулбал, энэ онд анх удаа фунт ураны үнэ 30 ам.долларын босго давлаа. Үүнд уран үйлдвэрлэгчид түүхий эдийн нөөцөө нэмэгдүүлж, дагаад олборлолт өсч буйгаас гадна шинээр барих АЦС-ын төслүүд идэвхжиж байгаа нь нөлөөлж буй аж. “BMO Capital Markets” болон “Morgan Stanley”-аас ураны өнөөгийн үнэ бол хамгийн доод үзүүлэлт болохыг тэмдэглэж, 2024 он хүртэл 50 ам.доллар хүрч өснө гэсэн таамгийг дэвшүүлжээ.
Монголбанк: 2021 онд инфляц 7.2% байх төлөвтэй Төв банкнаас улирал бүр танилцуулдаг инфляцын үзүүлэлт шинэчлэгджээ. Инфляцад үзүүлэх эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлсийн нөлөө ирэх саруудад нэмэгдэхээр байгааг онцолсон байна. Эрэлтийн хүчин зүйлийн хувьд инфляцад үзүүлэх нөлөө нь эдийн засгийн идэвхжлийг даган аажмаар нэмэгдэх хандлагатай аж. Цаашлаад нийлүүлэлт талаасаа үнийн огцом хэлбэлзэл үүсэхгүй гэж үзвэл 2021 онд инфляц төв банкны зорилтот түвшинд (6%±2%) хадгалагдах хүлээлттэй байна.
“Baowu” группын гангийн үйлдвэрлэл 115 сая тоннд хүрэв Дэлхийн гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Baowu” групп өнгөрсөн онд 115 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 19.8%-иар өсчээ. Хятадын төрийн компанийн үйлдвэрлэл ийнхүү нэмэгдсэн нь гангийн үйлдвэрүүдийг групптээ нэгтгэн, худалдаж авсантай холбоотой аж. Тухайлбал, 2019 онд групптээ нэгтгэсэн “Magang Steel” компани л гэхэд өнгөрсөн онд 20.97 сая ган үйлдвэрлэсэн байна. Төлөвлөж буй бусад гангийн компаниудыг эзэмшсэнээр “Baowu” группын гангийн нийт үйлдвэрлэлийн жилийн хүчин чадал 155 сая тоннд хүрнэ гэж тооцож буй.