Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
“Evergrande”-ийн санхүүгийн хүндрэл улам гүнзгийрэх төлөвтэй БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн “Evergrande” групп нь 2024 онд барагдуулах бондын 9.5%-ийн хүүгийн төлбөр 45.2 сая ам.долларыг өнгөрсөн лхагва гаригт (2021.09.29) төлөх үүрэгтэй байсан. Уг тогтсон хугацаанд төлбөрөө төлөөгүйг тус группын хувьцаа эзэмшигчид мэдэгдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Үүнээс өмнө есдүгээр сарын 23-нд дуусгавар болсон хүүгийн 83.5 сая долларын төлбөрийг мөн төлөөгүй талаараа “Evergrande” групп олон нийтэд тайлбар хийгээгүй аж. Хуулиар 30 хоногийн хугацаанд хүүгээ төлөөгүй бол дефолт зарлана. 
Австрали стратегийн металын салбарт 1.5 тэрбум долларын зээл олгоно Австрали улс стратегийн чухал эрдэс түүхий эдийн олборлолтын төслүүдэд 1.5 тэрбум ам.долларын зээл олгох талаар тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон (2021.09.28) мэдэгджээ. Лити, газрын ховор элементийн төслүүд нь олборлолт, боловсруулалтын хувьд илүү төвөгтэй байдгаас санхүүжилт олоход амаргүйд тооцогддог. Иймээс тус улсын Засгийн газар ногоон металуудын төсөлд зориулж санхүүжилт бүрдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эхний найман сард Хятад 30.74 сая тонн коксжих нүүрс импортолжээ Наймдугаар сард, Хятад улс 4.68 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Энэ нь өмнөх долдугаар сарынхаас 24.14% өссөн үзүүлэлт юм. Гэлээ ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.7%-иар буурсан байна. Эхний найман сард тус улсын импортолсон коксжих нүүрсний нийт хэмжээ 30.74 сая тонн байгаа юм. 2020 оны мөн үеийнхээс 41.6%-ийн бууралттай байна.
“Bank of China”: Аравдугаар сараас эхлэн нүүрсний төсөл санхүүжүүлэхгүй Аравдугаар сараас эхлэн Хятадын “Bank of China” банк нь нүүрсний олборлолт болон эрчим хүчний төслүүдийг шинээр санхүүжүүлэхгүй болсноо мэдэгджээ. Энэхүү шийдвэр нь тус улсын дарга Си Жинпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган (2021.09.21) дээр Хятад улс хилийн чанадад нүүрсний цахилгаан станц байгуулах төсөл хэрэгжүүлэхгүй бөгөөд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бусад улс орнуудтай нэгдэх тухай мэдэгдэлтэй холбоотой аж. “Bank of China”  нь 1 их юанийн (154.7 тэрбум ам.доллар) санхүүжилтийг “ногоон” салбарт зарцуулах ба 2021-2025 онд XIV таван жилийн төлөвлөгөөний хугацаанд жил бүр “ногоон” зээлийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн “ногоон” технологийг дэмжих зээлийг түлхүү олгохоор болжээ.
“China Evergrande”-ийн мэдэгдэл төмрийн хүдрийн ханш өсөхөд нөлөөлөв Дэлхий дахины анхаарлын төвд буй Хятадын үл хөдлөх хөрөнгийн “China Evergrande” групп нь хувьцаа эзэмшигчтэй тохиролцоонд хүрсэн талаар (2021.09.23) мэдэгдсэнээр төмрийн хүдрийн ханш ялимгүй өсөхөд нөлөөллөө. Өчигдрийн байдлаар, Даляны түүхий эдийн бирж дээр тонн тутамдаа төмрийн хүдрийн ханш 120 орчим ам.доллар байна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь том компани дампуурах тухай мэдээлэлтэй холбоотой даваа гаригт (2021.09.20) төмрийн хүдрийн ханш 100 ам.доллараас доош орж буурсан юм. Өнгөрсөн тавдугаар сард 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ 218.38 ам.доллар хүрч түүхэн дээд амжилт тогтоосон билээ.
Дэлхийн хэмжээнд 1.32 тэрбум тонн ган үйлдвэрлэжээ “Worldsteel”-ийн мэдээллээр, оны эхний найман сард дэлхийн хэмжээнд нэг тэрбум 321 сая тонн ган үйлдвэрлэжээ. Өнгөрсөн оны мөн үетэй (нэг тэрбум 195 сая тонн) харьцуулахад 10.62%-иар нэмэгдсэн байна.  Мөн хугацаанд 733.02 сая тонн (5.28%-ийн өсөлт)ган үйлдвэрлэсэн хэмжээгээр БНХАУ тэргүүлж буй. Тус улс нь дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 55%-ийг бүрдүүлж байна. 
Хятадын зэсийн импорт буурсаар байна Хятад улс наймдугаар сард 394 мянган тонн зэс импортолсныг тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээлжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Хятадын зэсийн импорт 41%-иар буурч, 2019 оноос хойших хамгийн бага үзүүлэлтээр тооцогдож байна. Энэ оны эхний найман сард нийт 3.6 сая тонн зэс хилийн чанадаас худалдан авсан нь 2020 оны мөн үеийнхээс 15.3%-ийн буурсан аж. 2020 оны аравдугаар сард Хятадын зэсийн импорт оргил хэмжээндээ хүрсэн бөгөөд тухайн үеэс тус улсын зэсийн импорт буурч иржээ. Хятад улсын дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж буй нь тодорхой хэмжээгээр зэсийн импорт буурахад нөлөөлж байгаа гэж олон улсын шинжээчид үзэж байна.
Ураны ханш эрчимтэй өсч, цөмийн эрчим хүчний салбар сэргэж байна Есдүгээр сар гарснаас хойш ураны ханш ойролцоогоор 40%-иар нэмэгдэж фунт тутамд 49.4 ам.доллар байна. Энэ нь 2015 оноос хойшхи хамгийн хамгийн өндөр үнэд тооцогдож байгаа юм. Өнгөрсөн онд фунт уран 30 ам.долларын үнэтэй байв. “World Nuclear Association”-ийн сүүлд гаргасан тайланд, ирэх 10 жилд дэлхийн ураны эрэлт 26%-иар өснө. Өнөөгийн байдлаар, дэлхийн хэмжээнд шинээр төлөвлөгдсөн цөмийн энергийн 100 реактороос 53 нь барилга угсралтын шатандаа байгаа бол хэрэгжихэд бэлтгэгдсэн 320 төсөл байна.
Хятад улс хилийн чанадад нүүрсний цахилгаан станц шинээр байгуулахгүй  Хятад улс хилийн чанадад нүүрсний цахилгаан станц шинээр байгуулах төсөл хэрэгжүүлэхгүй бөгөөд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бусад улс орнуудтай нэгдэнэ. Энэ талаар БНХАУ-ын дарга Си Жинпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган дээр (2021.09.21) мэдэгджээ. Тэрээр “Хятад улс нь хөгжиж буй бусад орнуудын “ногоон” болоод нүүрстөрөгч бага ялгаруулдаг эрчим хүчийг хөгжүүлэхэд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлж, хилийн чанадад нүүрсний цахилгаан станц шинээр барихгүй”  гэж видео мэдэгдэлдээ дурдсан аж.
Фридландын харизм ...Супер циклийг март, түүнээс ч цараатай хэмээн эрдсийн зах зээлийн хандлагын талаар Роберт Фридланд ярьжээ. Урьд хожид үзээгүй томоохон хувьсгал гэж “ногоон” эдийн засгийн шилжилтийг тэр тодорхойлов. Тэрээр “Цэвэр эрчим хүчний дэд бүтэц, цахилгаан машин цэнэглэх станцуудын сүлжээ гэх мэт бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хэрэгцээ өмнөх супер циклийн үеийн хөрөнгө оруулалтаас ч давах нь гарцаагүй. Энэ нь уул уурхайн төслүүд, хөрөнгө оруулагчдад асар их боломжийг нээнэ” гэдэгт итгэлтэй байна.
Зэсийн нийлүүлэлтэд Камоа Какула хүч нэмэхээр ирлээ Канадын “Айвенхоу Майнз” болон Хятадын “Zijin Mining” дэлхийд хамгийн томд тооцогдох зэсийн шинэ төслийг Африкийн БНАКонго (Конго) улсад эхлүүлсэн нь эдүгээ нийлүүлэлтийн томоохон эх үүсвэр болон зах зээлд нэгдлээ. Өмнөд Африкийн Дурбаны далайн боомт хүртэл 3000 км замыг туулан   цааш Хятад руу далайгаар тээвэр­лэгдэн хэрэглэгчид очих анхны экспортын баяжмал ачсан машины цуваа Камоа Какула уурхайгаас  (долдугаар сарын 17-нд) хөдөллөө. Хятадын гол хэрэглэгчид нь “Zjijn Mining” болон “Citic Metal” бөгөөд уурхайгаас зэсийн баяжмал худалдан авах урт хугацааны гэрээ уурхайг эрхлэгч “Kamoa Copper SA” компанитай байгуулжээ.
Австралийн засаг коксжих нүүрс олборлохыг “Posco” компанид хоригложээ Шинэ Өмнөд Уэльс мужийн Хараат бус төлөвлөгөөний комисс нь коксжих нүүрсний төслийг хэрэгжүүлэх эрхийг “Hume Coal” компанид олгохоос татгалзжээ. Тус компани Өмнөд Солонгосын металургийн “Posco” корпорацийн салбар нэгж юм. “Hume Coal” компани Австралийн Сидней хотоос 175 км зайд орших ордоос нийт 50 сая тонн коксжих нүүрс 23 жилийн хугацаанд олборлон Өмнөд Солонгос руу экспортлохоор төлөвлөж байжээ. Ашиглах эрхийг олгоогүй шалтгаан нь уг орд усны эх үүсвэрт ойр оршдог тул байгаль орчинд сөргөөр нөлөөнө гэж Хараат бус төлөвлөгөөний комисс үзсэн байна. 
Орост металын экспортод түр хугацааны татвар ногдуулж эхлэв Наймдугаар сарын 1-нээс ОХУ-ын металын (өнгөт, хар)экспортын түр хугацааны татвар мөрдөгдөж эхэлжээ. Металын (өнгөт) төрөл болоод боловсруулалтын зэргээс (хар металын хувьд) харгалзан, 2021 оны эхний таван сарын дэлхийн түүхий эдийн зах зээл дэх ханшийн хэлбэлзлийг тооцож экспортын бүтээгдэхүүнд 15%-ийн татвар ногдуулж байна. Тухайлбал, экспортын тонн зэсээс 1226 ам.доллар, никелээс 2321 ам. доллар, хөнгөн цагаанаас 254 ам.долларын татвар авч байгаа аж. Энэхүү татвар нь зөвхөн Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭБ) –ны гишүүн бус орнууд руу экспортлоход хамаарч байна.
Орос дотоод дахь шатахууны үнээс шалтгаалан экспортыг хязгаарлана Амралт, аяллын улиралтай холбоотойгоор Оросын дотоодын хэрэглэгчдийн эрэлт нэмэгдэж буйн улмаас тус улсын зах зээл дээр шатахууны үнэ өсч дээд үзүүлэлтэд (2021.07.22)хүрсэн юм. Тухайлбал, АИ-95 шатахуун тонн тутамдаа 60029 рубль хүрч өнгөрсөн оны долдугаар сарын 20-ноос хойших хамгийн өндөр үнэ болжээ. Мөн АИ-92 шатахууны үнэ таван өдөр дараалан өсч 57597 рубльтэй тэнцсэн аж. Хэрэв долдугаар сарыг дуустал шатахууны үнэ өндөр хэвээр байх юм бол нефтийн бүтээгдэхүүний зарим төрлийн экспортыг тур хугацаагаар хязгаарлах арга хэмжээ авахаар ОХУ-ын Эрчим хүчний яамнаас төлөвлөжээ. 
Хятад нүүрсний олборлолтоо 110 сая тонноор нэмэгдүүлнэ  Хятад улс 2021 оны хоёрдугаар хагаст нүүрсний олборлолтын хүчин чадлыг 110 сая тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүний тулд шинэ уурхайнуудыг ашиглалтад оруулахаар болсон байна. Энэ нь дотоодын нүүрсний эрэлт нэмэгдсэнтэй холбоотой аж. Өнөөгийн байдлаар, 40 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхайнууд ашиглалтын зөвшөөрлөө төрийн байгууллагаас хүлээж байгаа бол 70 сая тонн нүүрс олборлолтын хүчин чадалтай төслүүд бэлтгэлийн шатандаа буйг Хятадын хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдээлжээ. Эдгээр уурхайг шат дараатай ашиглалтад оруулахаар судалж байна.
Хятад улс 600 сая тонн нүүрсний нөөц бүрдүүлнэ  Хятад улс нүүрсний нөөцийн хэмжээгээ нэмэгдүүлж 600 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна. Энэ нь тус улсын нүүрсний жилийн нийт хэрэглээний 15%-тай тэнцэхүйц хэмжээ болохыг Хятадын хөгжил, шинэчлэлийн хорооноос (2021.07.16) мэдээлжээ. Уг хорооноос өнгөрсөн дөрөвдүгээр сард, дотоодын зах зээл дэх ханган нийлүүлэлт хязгаарлагдах, улмаар хэрэглээ өсч болзошгүй байдлаас сэргийлж нүүрсний томоохон олборлогчид болон тээврийн гол зангилаа төв, цахилгаан станцуудыг түүхий эдийн нөөцөө нэмэгдүүлэхийг анхааруулсан байна. Тухайн үед Хятад улсын нүүрсний нийт нөөцийг 120 сая тоннд хүргэж нэмэгдүүлэх талаар мэдэгдсэн аж.
Хятадын хаягдал гангийн хэрэглээ 23%-иар нэмэгдэнэ 2025 он гэхэд Хятад улсын хаягдал гангийн хэрэглээ 23%-иар өсч 320 сая тоннд хүрэх бөгөөд өнгөт металын дахин боловсруулалтыг нэмэгдүүлэх төлөвийг тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос(NDRC) мэдээлжээ. Мэдээнд дурдсанаар, ирэх таван жилд Хятадын өнгөт металын дахин боловсруулалтын үйлдвэрлэл 20 сая тонн болж нэмэгдэх аж. 2021 оны байдлаар тус үйлдвэрлэлийн хэмжээ 14.5 сая тонн байна. Түүнчлэн, бага агуулгатай хүдэр, хаягдал болон бусад нөөцийн ашиглалтыг сайжруулахад анхаарах талаар Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо мэдэгджээ.
Хятад гангийн үйлдвэрлэлийн хязгаарлалтыг сулруулжээ Хятадын Хэбэй мужид гангийн үйлдвэрүүдийн хүчин чадлын хязгаарлалтыг сулруулж байна. Тодруулбал, гангийн үйлдвэрүүдийн хайлуулах зуухны ашиглалтыг 70% болгож нэмэгдүүлжээ. Уг зохицуулалт энэ оныг дуустал үргэлжлэх аж. Өмнө нь ган хайлуулах зуухны ашиглалтыг 50%-иар хязгаарласан юм. Үүний улмаас Хэбэй мужийн төв Таншан орчмын гангийн үйлдвэрлэл 34 сая тонноор буурч болзошгүй байв. Хэбэй мужийн Таншан орчмын бүс нутаг Хятад улсын гангийн нийт үйлдвэрлэлийн 14%-ийг бүрдүүлдэг.
“ОПЕК+” орнууд тохиролцоонд хүрч чадахгүй байна Газрын тосны олборлогч “ОПЕК+”-ийн гишүүн орнуудын Сайд нарын уулзалт даваа гаригт (2021.07.05) болох байсан ч цуцлагджээ. Наймдугаар сарын олборлолтын хэмжээг гишүүн орнууд зургаадугаар сарын 30-наас долдугаар сарын 1-ний хооронд тохирох ёстой байв. Гэвч гурав дахь өдрөө тохиролцоонд хүрч чадахгүй байгааг албаныхан мэдээлсэн байна. Шалтгаан нь Саудын Араб, АНЭУ-ын санал зөрөлдсөн нь хэлэлцээрийг саатуулжээ. Шинэ уулзалтын тов тодорхойгүй байгаа аж. Уулзалт цуцлагдсаны дараа Brent маркийн газрын тосны үнэ 77 ам.доллар хүрч өссөн бөгөөд энэ нь 2018 оны аравдугаар сараас хойших хамгийн өндөр ханшид тооцогдож байна. 
Хятад гангийн хуучирсан үйлдвэрүүдийг орлох 9 төслийг баталжээ Хятадын Засгийн газраас 2022-2024 онд төмөрлөгийн салбарт хэрэгжих төслүүдийн жагсаалтыг шинэчлэн (2021.07.01) баталсан тухай “S&P Global Platts” мэдээлжээ. Шинээр 9 төсөлд зөвшөөрөл олгосон байна. Бүх төсөл нь хуучирсан үйлдвэрүүдийг солих зарчмаар хэрэгжих юм. Тухайлбал, томоохон аж үйлдвэрлэл төвлөрсөн, агаарын бохирдол ихтэй Бээжин, Тянжин, Хэбэй, Гуанжоу, Шанхай зэрэг бүс нутагт жилийн 1 сая тонн хүчин чадалтай үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэхдээ 1.5 сая тонн хүчин чадалтай хуучин үйлдвэрийг хаана гэсэн үг. Бусад мужид энэ харьцаа 1:1.25 байх аж.
21 22 23 24 25 26 27