Ертөнц
Өвөр Монголоос нүүрсийг анх удаа төмөр замаар шууд Цаофэйдянь боомт хүртэл тээвэрлэжээ
БНХАУ-ын Өвөр Монголын Долоон нуур аймгаас анх удаа 3281 тонн нүүрсийг төмөр замаар тээвэрлэн Хэбэй муж дахь Цаофэйдянь боомтын төмөр замын өртөөнд хүргэсэн талаар www.sxcoal.com сайтад мэдээлжээ. Өвөр Монголын нутаг Шилийн гол хотоос Бээжин, Хэнан мужийн Жэнжоу, Шандун мужийн Жинан хотуудаар дайруулан далайн боомт гэсэн чиглэлд туршилтын тээврийг Хятадын үндэсний төмөр замын группээс зөвшөөрсний дараагаар хэрэгжүүлж байна. Хоёр том бүс нутгийн гол төмөр замын сүлжээ, тээврийг холбосноор Өвөр Монголын зүүн нутгаас нүүрсний шинэ гарцыг Цаофэйдянь боомтоор нээх зорилттой аж.
Уул уурхайн компаниуд нэгдэх хэлэлцээрийн нийт дүн 13 тэрбум доллар хүрэв
Их Британийн “Global Data” байгууллагын судалгаагаар, 2021 оны эхний улиралд дэлхийн уул уурхайн салбар дахь компаниудын нэгдэх, эзэмших, худалдан авах зэрэг 374 хэлэлцээр өрнөж байна. Хил дамнасан эдгээр хэлэлцээрийн нийт дүн 13 тэрбум ам.доллар аж. Энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн улирлын 12 тэрбум ам.доллартай харьцуулахад 8.3%-иар өссөн байна. Уул уурхайн компаниудын ийм хэлэлцээрт зөвлөх үйлчилгээ үзүүлсэн тоогоор “TD Securities”, хэлэлцээрийн үнийн дүнгээр “Goldman Sachs” болон “Perella Weinberg Partners” нар тэргүүлжээ. Тус 3 байгууллагын зөвлөгөө үзүүлсэн хэлэлцээрийн нийт дүн 1 тэрбум ам.долларыг давж буй.
Шандун мужийн гангийн үйлдвэрлэлийг 21.41 сая тонноор бууруулна
Хятадын Шандун мужийн Засаг захиргаанаас 2022 он гэхэд тус мужийн гангийн үйлдвэрлэлийн хэмжээг 21.41 сая тонноор бууруулж бага хүчин чадалтай зарим үйлдвэрүүдийг хаахаар шийдвэрлэсэн талаар “Аргус” агентлаг мэдээлжээ. Тус шийдвэрийн хэрэгжилт Шандун мужийн 11 үйлдвэрийг хамрах аж. Энэ хүрээнд тус мужийн гангийн үйлдвэрлэлийг 2021 онд 4.65 сая, 2022 онд 16.76 сая тонноор тус тус бууруулахаар төлөвлөжээ. Шандун нь Хятадын гангийн үйлдвэрлэлийн гол мужуудын нэг бөгөөд “2+26” багтсан зарим хотууд хамаардаг байна.
Хятадын гангийн үйлдвэрүүдийн коксжих нүүрсний нөөц буурч байна
Хятад улсад сүүлийн саруудад нүүрсний хэд хэдэн уурхайд ажилчид амиа алдсан томоохон аваар осол гарсны улмаас өндөр эрсдэлтэй уурхайн зарим үйлдвэрлэл, үйл ажиллагааг зогсоосон билээ. Энэ асуудлаас үүдэн Шанси, Хэнан болон ӨМӨЗО-ны бүс нутаг дахь нүүрсний уурхайнуудын аюулгүй ажиллагааны хяналт шалгалтыг эрчимжүүлж байна. Хятадын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, гуравдугаар сард тус улсын нүүрсний нийт олборлолт 0.2%-иар буурчээ. Өнгөрсөн оны мөн үед 340.76 сая тонн нүүрс олборлосон байна.
Хятад дотоодын түүхий эдийн зах зээлийн зохицуулалтыг чангатгана
Хятадад (2021.04.13) болсон онлайн симпозиум дээр тус улсын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэөцян мэдэгдэлдээ түүхий эдийн дотоодын зах зээлийг хатуу зохицуулах асуудлыг хөндсөн нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, зарим түүхий эдийн ханшид нөлөөлөв. Тэрээр “Улсын нийт эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаа сэргэж байгаа ч дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлт нь дотоодын компанийн зардалд хүчтэй дарамт учруулж байна” гэдгийг цохон тэмдэглэжээ.
Хятад коксжих нүүрсний импортынхоо 61.7%-ийг Монголоос бүрдүүлжээ
Австралийн нүүрсний эсрэг Хятадын импортын хориг үргэлжилж байна. Энэ оны эхний хоёр сарын байдлаар, хоригтой холбоотойгоор Австралиас коксжих нүүрс импортлоогүй бол Хятадын коксжих нүүрсний нийт импортын 61.7%-ийг Монгол Улс эзэлж буй. Өнгөрсөн оны мөн үед манай улс Хятадын коксжих нүүрсний нийт импортын 17.7%-ийг бүрдүүлж байжээ. Коксжих нүүрсний томоохон нийлүүлэгч улс Хятадын импортын хоригтой тулгарснаар бусад орон болох Монгол, Орос, Индонез болон АНУ-ын нийлүүлэлт нэмэгдсэн байна. Гэвч Хятадын тал илүү өндөр үнээр коксжих нүүрс импортлоход хүрч буй юм. “Аргус” агентлагийн мэдээллээр, өнгөрсөн пүрэв гаригт (2021.04.08) АНУ-ын “Hampton Roads” боомтод коксжих нүүрсний үнэ 152.75 ам.доллар/тн-д хүрч 34%-иар өсчээ.
“GlobalData”: Австралийн нүүрсний олборлолт сэргэж байна
Австрали дахь нүүрсний компаниудын үйлдвэрлэлийн талаарх судалгааны тайлангаа Их Британийн “GlobalData” байгууллагаас танилцуулжээ. Уг тайлангаар, 2021 онд нүүрсний томоохон олборлогч 10 компани болох “Coal India”, “Shenhua”, “Yanzhou Coal”, “Peabody”, “China National Coal”, “Glencore”, “Siberian Coal”, “PT Bumi”, BHP болон “Arch Resources” нь нийт 1.68-1.74 тэрбум тонн нүүрс олборлох төлөвтэй байна. Эдгээр компанийн нүүрсний нийт олборлолт өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 6.6%-иар нэмэгдэх таамгийг дэвшүүлжээ. Нүүрсний үйлдвэрлэл сэргэж буйг тайланд тэмдэглэсэн байна. Учир нь дээрх 10 компани нь 2019 онд нийт 1.7 тэрбум тонн нүүрс олборлож байсан бол КОВИД-19 цар тахал дэгдсэн өнгөрсөн онд олборлолтын хэмжээ 4.2%-иар буурч 1.6 тэрбум тоннд хүрчээ.
Дэлхийн алт үйлдвэрлэлийн ТОП-10 уурхай
Канадын судалгааны “Kitco” байгууллагаас 2020 онд дэлхийд алт үйлдвэрлэлээр тэргүүлэх 10 уурхайг тодорхойлжээ. Энэхүү ТОП-10 уурхайгаас тавд нь Канадын “Barrick Gold” компани хувь эзэмшиж байна. КОВИД-19 цар тахал дэгдсэн сүүлийн жилд ихэнх уурхайн алтны олборлолт буурчээ. Өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулсан АНУ-ын Геологийн албаны судалгаанд, дэлхийн хэмжээнд олборлох боломжтой алтны 50 мянган тонн нөөц буйг дурдсан байна. Хэрэв 2018, 2019 оны үзүүлэлтээр жилийн алтны олборлолтын хэмжээ 3000 тонн байх бол боломжит нөөц 15 жилийн дараа дуусч болзошгүйг судалгаанд онцолжээ.
Ураны үнэ 30 ам.доллар хүрч нэмэгджээ
Японы “Фүкүшима” атомын цахилгаан станцад гарсан ослоос хойш уналтад ороод байсан ураны зах зээлд сэргэлт ажиглагдаж эхэлжээ. Тодруулбал, энэ онд анх удаа фунт ураны үнэ 30 ам.долларын босго давлаа. Үүнд уран үйлдвэрлэгчид түүхий эдийн нөөцөө нэмэгдүүлж, дагаад олборлолт өсч буйгаас гадна шинээр барих АЦС-ын төслүүд идэвхжиж байгаа нь нөлөөлж буй аж. “BMO Capital Markets” болон “Morgan Stanley”-аас ураны өнөөгийн үнэ бол хамгийн доод үзүүлэлт болохыг тэмдэглэж, 2024 он хүртэл 50 ам.доллар хүрч өснө гэсэн таамгийг дэвшүүлжээ.
Гуравдугаар сард Оросын нүүрсний экспорт өсчээ
Гуравдугаар сард Орос улс 38 сая тонн нүүрс олборложээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.7%-иар өссөн байна. Мөн сард гадаад зах зээлд 16.64 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 12.1%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм. Хоёрдугаар сард экспортолсон нүүрсний хэмжээ 14.65 сая тонн байна. Тус улсын нүүрсний нийт экспортын 14%-ийг коксжих нүүрс бүрдүүлж буй. Нэгдүгээр сард Орос 176.8 мянган тонн коксжих нүүрс Хятад руу экспортолсон байна.
Оросын Засгийн газраас “Элегест-Кызыл-Курагино” төмөр замын төслийг 5 жилээр царцаалаа
ОХУ-ын Засгийн газраас “Элегест-Кызыл-Курагино” чиглэлийн 410 км төмөр замын төслийг 5 жилээр царцаахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, уг төмөр замын төслийн Концессын гэрээг 2026 он хүртэл хойшлуулж байна. Тус улсын Тувагийн нутаг дахь Элегестийн нүүрсний сав газраас Транссибирийн төмөр замтай холбох зорилттой энэхүү төслийг хэрэгжүүлэх асуудал бараг 20 жил яригдаж буй. Энэхүү төмөр замыг шугамыг үргэлжлүүлэн Монголын нутагт шинээр барихаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д 2018 онд нэмсэн Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замтай холбох асуудал яригддаг. “Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Овоот-Эрдэнэт-Салхит-Замын-Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тянжин” чиглэл нь Орос, Монгол, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт багтсан төслүүдийн нэг юм.
Ерөнхийлөгч Жо Байден 2.3 их наяд ам.долларын санхүүжилттэй төлөвлөгөө танилцууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нь дэд бүтцийг шинэчлэн өргөтгөх, нүүрсхүчлийн хийн ялгаралгүй технологийг нэвтрүүлэх, аж үйлдвэр, нийгмийн хөгжлийг идэвхжүүлэхэд 2.3 их наяд ам.долларын санхүүжилттэй 8 жилийн хөтөлбөрийн төлөвлөгөөний талаар мэдэгдлээ. Төлөвлөгөөнд тусгаснаар, 650 тэрбум ам.долларыг зам тээврийн дэд бүтцэд зарцуулна. Засгийн газрын тус хөтөлбөрт “Америкийн бүтээгдэхүүнийг худалдан авах” (Buy American) зарчмыг ашиглахаар онцгойлон тусгасан бөгөөд үндэсний үйлдвэрлэлийн бараа материалыг ашиглах шаардлага тавигдах аж. Хөтөлбөр хэрэгжсэнээр эрчим хүч, цахилгаан автомашин, цэнэглэх станцад ашигладаг зэс, никель, лити болон бусад металлын эрэлт эрс нэмэгдэнэ гэж зах зээлийн шинжээчид үзэж байна.
Австрали төмрийн хүдрийн экспортоо 1.1 тэрбум тоннд хүргэнэ
Даваа гаригт (2021.03.29) Австралийн Засгийн газрын мэдэгдсэнээр, 2020-2021 оны санхүүгийн жилд тус улсын төмрийн хүдрийн экспорт дээд хэмжээнд хүрч 136 тэрбум австрали долларын (104 тэрбум ам.доллар) орлого бүрдэнэ гэж тооцжээ. Үүнд КОВИД-19 цар тахлын дараа эдийн засаг сэргэж буйн улмаас дэлхийн гангийн үйлдвэрлэлийн идэвхжил нөлөөлнө гэж үзэж байна. Тус улсын 2020-2021 оны 900 сая тонн төмрийн хүдрийн экспортын хэмжээ 2025 он гэхэд 1.1 тэрбум тоннд хүрэх хүлээлттэй байна.
Австрали нүүрсний экспортын төмөр замаа хэсэгчлэн нээж эхэлжээ
Австралийн “Rail Track” компанийн (2021.03.24) мэдэгдсэнээр, нүүрсний Хантер Валли сав газраас нүүрсний экспортын хамгийн том боомт Ньюкасл хүртэлх төмөр замыг хэсэгчлэн нээж байна. Шинэ Өмнөд Уэльс мужид долоо хоног үргэлжилсэн борооны улмаас нүүрсний экспортын гол төмөр замын хөдөлгөөнийг (2021.03.18) хаасан юм. Энэ нь сүүлийн 50 жилд тохиож буй хамгийн ширүүн бороо аж. 2020 онд уг төмөр замаар нийт 158 сая тонн нүүрс Ньюкасл боомт руу тээвэрлэжээ. Тухайн төмөр зам нь “BHP”, “Glencore”, “New Hope”, “Whitehaven Coal” болон “Yancoal Australia” зэрэг компаниудын түүхий эдийн экспортын тээврийг хангадаг.
Эхний хоёр сард Хятадын нүүрсний импорт 39.5%-иар буурчээ
Хятадын Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, эхний хоёр сард тус улс 620 сая тонн нүүрс олборложээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25%-иар нэмэгдсэн дүн боллоо. Мөн хугацаанд Хятад улс 41.13 сая тонн нүүрс импортолсон аж. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 39.5%-иар буурсан үзүүлэлт юм. 2020 оны байдлаар, дэлхийн нийт нүүрсний олборлолтын 51%-ийг Хятад бүрдүүлжээ. Тэгвэл тус улсын нүүрсний импорт нийт хэрэглээний 7.1%-ийг бүрдүүлж байна. БНХАУ-ын XIV таван жилийн төлөвлөгөө хэрэгжиж (2021-2025 он) дуусах үед тус улсын нүүрсний олборлолтын хэмжээг жилд 4.1 тэрбум тонн байхаар төлөвлөж буй юм.
Хэбэй мужийн гангийн 23 үйлдвэрийн гарцыг хязгаарлав
Хэбэй мужийн төмөрлөгийн 23 үйлдвэрийн гарцыг гуравдугаар сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хязгаарлахаар Таншан хотын Засаг захиргаанаас шийдвэрлэжээ. Энэ нь жилийн эцэс гэхэд тус хотын агаарын бохирдлыг 30-50% бууруулах зорилттой холбоотойг “S&P Global Platts” мэдээлэв. Тус агентлагийн тооцоолсноор, Хятадын гангийн томоохон үйлдвэрлэгч бүс нутгийн үйлдвэрлэл 35 сая тонноор буурахаар байна. Улмаар ойрын саруудад төмрийн хүдрийн үнэ буурахад нөлөөлнө гэж шинжээчид таамаглажээ.
Дэлхийн уул уурхайн салбарт хийгдсэн 5 том хэлэлцээр
2020 оны дөрөвдүгээр улиралд дэлхийн уул уурхайн салбар дахь компаниудын нэгдэх, эзэмших, худалдан авах зэрэг хил дамнасан хэлэлцээрийн нийт мөнгөн дүн 7.7 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ тухай Их Британийн судалгааны “GlobalData” компани мэдээлсэн байна. Тухайн хэлэлцээрийн дүнг харьцуулж үзвэл, өмнөх гуравдугаар улирлынхаас 594%-иар нэмэгдэж, сүүлийн дөрвөн улирлын дундаж үзүүлэлтээс 71.5%-иар өсчээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын нийт хэлэлцээрийн 79.3% буюу 6.11 тэрбум ам.доллар нь 5 хэлэлцээрт хамаарч буй аж.
Орос тээврийн салбарыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин зам тээврийн дэд бүтцийн асуудлаар (2021.03.11) онлайн хуралд оролцжээ. Тэрээр тээврийн салбарыг хөгжүүлэх Үндэсний хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулахыг үүрэгдсэн байна. Дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг цохон тэмдэглэжээ. Мөн ОХУ-ын Үндэсний баялгийн сангаас санхүүжүүлэх дэд бүтцийн томоохон төслүүдийг хэлэлцсэн бөгөөд төлөвлөгөөг дөрөвдүгээр сард Кремльд танилцуулах аж. “Элегест-Кызыл-Курагино” (410км) болон “Тында-Комсомольск-Ванино” (1000 гаруй км) чиглэлд төмөр зам барих, Баруун Сибирийн нефть-химийн үйлдвэр байгуулах төслүүдийг Үндэсний баялгийн сангаас санхүүжүүлэхээр төлөвлөж буй.
2025 онд Орос 174 сая тонн нүүрс Ази-Номхон далайн орнууд руу экспортолно
ОХУ-ын Эрчим хүчний яамны мэдэгдлээр, тус улс 2025 он гэхэд Ази-Номхон далайн орнууд руу хийх нүүрсний экспортын хэмжээгээ 174 сая тоннд хүргэж, 2020 оны үзүүлэлтээс 42%-иар нэмэгдүүлэх төлөвтэй. Мөн нүүрсний импорт эрчимтэй өсч буй Энэтхэг, Вьетнам, Тайланд зэрэг орны зах зээлд нийлүүлэх боломжтой гэж үзсэн байна. Энэ чиглэлд Орос 60 сая тонн нүүрс экспортлохоор тооцжээ. 2016-2020 онд Ази-Номхон далайн орнууд руу Оросын нүүрсний экспорт 40%-иар нэмэгдсэн тухай Эрчим хүчний дэд сайд Анатолий Яновский танилцуулсан байна. 2019 онд тус улсын хэмжээнд 338 сая тонн эрчим хүчний нүүрс, 103 сая тонн коксжих нүүрс олборложээ.
Хятадын хөрөнгө оруулалтаар Орос кокс-химийн үйлдвэр байгуулна
ОХУ-д кокс-химийн үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх гэрээг Бүгд Найрамдах Саха (Якут)-ын Засгийн газар болон Хятадын “Цинань” компанийн хооронд байгуулжээ. Жилд 4 сая тонн металургийн кокс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн төсөлд Хятадын компани 5 тэрбум юанийн хөрөнгө оруулна.