Ертөнц
Орос Алс Дорнодын бүс нутгаас 80.4 сая тонн нүүрс экспортолно
ОХУ-ын Алс Дорнодын чиглэлийн төмөр замын хоёрдугаар үе шатны өргөн шинэчлэх хөтөлбөр эхэлсэн билээ. Энэ хүрээнд, тус бүс нутгаар Хятад улстай хиллэх хуурай боомтуудын төмөр замын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Энэ тухай “Алс Дорнодын эрчим хүч” хурлын үеэр мэдээлжээ. Тухайлбал, Приморийн хязгаарын Махалино-Хуньчунь боомтод ачаа тээврийн терминалын цогцолбор байгуулж байна. Ингэснээр боомтын төмөр замаар нэвтрүүлэх өнөөгийн 2.6 сая тоннын хүчин чадал 8 сая тонн болж нэмэгдэх аж. Тус боомтоор нүүрс, төмрийн хүдэр, зэсийн нунтаг, мод зэрэг бүтээгдэхүүн Хятад руу экспортлохоос гадна Япон, Хойд Солонгосын транзит ачаа барааг нэвтрүүлдэг.
Чили цар тахлын өртгөө зэсийн роялтийг өсгөх замаар шийдвэрлэж болзошгүй
Зэсийн олборлогчдын татвар, роялти төлбөрийн хэмжээг огцом өсгөж 80%-д хүргэх хуулийн төслийг тэргүүлэх олборлогч Чили улс баталж магадгүй байна. Энэхүү татвар, хураамжийн өндөр түвшин нь гагцхүү газрын тосны салбарт ажиглагддаг.
Учир нь Чилийн Конгрессийн доод танхим (2021.05.06) өсөн нэмэгдэх роялтийн тухай хуулийн төслийг олонхийн саналаар дэмжсэн байна. Хуулийн төсөл нь цар тахлын хүндрэлийн үед нийгэм, эдийн засагт чиглэсэн зарцуулалтыг нэмэгдүүлэх зорилготой. Доод танхимд суудалтай Коммунист намын гишүүн Daniel Nunez-ийн тайлбарласнаар шинэ хууль хэрэгжсэнээр жил бүр Чилийн төсөвт нэмж 7 тэрбум ам.доллар орж ирэх боломжтой.
Оросын коксжих нүүрсний экспорт 48.82%-иар буурчээ
ОХУ-ын Холбооны гаалийн газрын мэдээллээр, дөрөвдүгээр сард тус улс 1.66 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.61%-иар, өмнөх гуравдугаар сараас 48.82% -иар тус тус буурсан үзүүлэлт аж. Оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 8.53 сая тонн коксжих нүүрс экспортолсон байна. Мөн хугацаанд тус улсын нүүрсний нийт экспортын хэмжээ 85.25 тоннд хүрсэн юм. Тэгвэл тавдугаар сард 19.27 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд хэмжээгээр тооцогдож байна.
Хятад нүүрсний нөөцөө нэмэгдүүлж, зарим мужийн импортын бодлогыг зөөлрүүлнэ
Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ өндөр буй үед өмнөд бүс нутгийн эрчим хүчний хомсдлоос сэргийлж тус улсын төр засгаас түүхий эд нөөцлөх дэд бүтцийг байгуулах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, нүүрсний салбарын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд хадгалалтын байгууламжуудыг өргөтгөн сайжруулах шаардлагатайг Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдэгдсэн байна. Тус хорооны Төрийн төлөвлөлтийн агентлагийн дарга Сюй Вэнбин “Нүүрсний нөөц, хуримтлалыг нэмэгдүүлснээр үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулна” хэмээн онцолжээ.
“GlobalData”: Дэлхийн ураны олборлолт жилд 6.2%-иар тогтмол өснө
2021 онд дэлхийн ураны олборлолт 3.1%-иар буюу 51.2 мянган фунтээр нэмэгдэнэ гэж “GlobalData”—аас мэдээлжээ. Энэхүү өсөлтөд нөлөөлөх гол үйлдвэрлэл бол дөрөвдүгээр сард үйл ажиллагаа нь сэргэсэн Канад дахь “Cigar Lake” уурхай аж. Цар тахлын улмаас 2020 оны эхний улиралд тус уурхайн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. “Cigar Lake” нь дэлхийн ураны үйлдвэрлэлийн 12-13%-ийг бүрдүүлж байна. Энэ онд томоохон олборлогч орнуудаас Казахстаны үйлдвэрлэл 15.5%, Орос улсынх 5.2%-иар өсөх таамгийг “GlobalData” дэвшүүлжээ. Харин Австралийн “Ranger” уурхай хаагдаж буйтай холбоотойгоор тус улсын ураны олборлолт 21.2%-иар буурах магадлалтай гэнэ.
Оросын нүүрсний экспорт түүхэн дээд үзүүлэлтэд хүрэв
ОХУ-ын Эрчим хүчний яамны мэдээлснээр, тавдугаар сард тус улс нийт 19.27 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өмнөх дөрөвдүгээр сарынхаас 5.12%-иар нэмэгдэж түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Оны эхний дөрвөн сарын экспортын нийт хэмжээ 85.25 сая тонн буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 18%-иар өсчээ. 2020 оны үзүүлэлтээр, дэлхийн нүүрсний нийт нөөцийн 17.61% нь Орос улсад ногдож байна. Мөн онд тус улс нүүрс олборлолтоороо Хятад, Америк, Энэтхэг, Австрали болон Индонезийн дараа оржээ. Тодруулбал, 396.6 сая тонн нүүрс олборлож дэлхийн нүүрсний үйлдвэрлэлийн 5%-ийг бүрдүүлсэн аж.
Хятадын тэргүүлэх 10 компани 710 сая тонн нүүрс олборложээ
Оны эхний дөрвөн сард, Хятадын уул уурхайн томоохон 90 компани нийт 940 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.4%-иар өсчээ. Үүнээс 710 сая тонныг тэргүүлэгч 10 компани олборлосныг тус улсын Нүүрсний үндэсний ассоциаци (CNCA) мэдээллээ. Энэ нь 2020 оны мөн үеийнхээс 69.37 сая тонноор өссөн үзүүлэлт аж. Томоохон 10 компанийн тухайд, Хятад улсын нүүрсний нийт олборлолтын 55%-ийг бүрдүүлж байна. Эдгээрээс 8 компанийн үйлдвэрлэл өссөн байна. Энэ онд Хятад улс 1.19 тэрбум тонн коксжих нүүрс олборлох урьдчилсан төлөв гарчээ.
Алс Дорнодоос нүүрс чингэлгээр Хятад руу экспортолж эхэлжээ
ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгаас анх удаа нүүрсийг задгай (open top) чингэлэгтэй төмөр замаар тээвэрлэж хуурай газрын Гродеково–Суйфэньхэ боомтоор Хятад руу экспортолж эхэлжээ. Нүүрсийг чингэлгээр тээвэрлэхэд хоёр улсын төмөр замын ялгаатай (Орос өргөн цариг буюу 1520 мм, Хятад нарийн цариг буюу 1435 мм)царигт шилжүүлэн ачих хугацааг богиносгож, нүүрсний тоосжилтыг бууруулж буйгаараа давуу талтайг Хятадын www.sxcoal.com мэдээндээ онцолсон байна. Хятадын зах зээлд нүүрсний экспортоо нэмэгдүүлэх зорилгоор Орос улс өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ноос Забайкалийн бүс нутгаас нүүрсийг 20 тонн чингэлгээр төмөр замаар тээвэрлэн экспортолж эхэлсэн юм. Одоо Алс Дорнодын бүс нутгаас нүүрсийг чингэлгээр экспортолж буй бөгөөд цаашид ийм хувилбараар бусад боомтууд руу тээвэрлэхээр төлөвлөжээ.
Орос, Хятадын Төрийн тэргүүн нар Тяньванийн АЦС-ын нээлтэд оролцоно
Өнөөдөр (2021.05.19) ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Жинпин нар цахим уулзалт хийж, хоёр улсын хамтарсан төсөл АЦС-ын нээлтийн ёслолд оролцохоор төлөвлөжээ. Тодруулбал, Хятад улс дахь цөмийн эрчим хүчний 4 блок бүхий Тяньванийн АЦС-ыг ашиглалтад оруулж байна. Оросын төрийн “Росатом” корпораци Тяньванийн АЦС-ын барилгын ажлыг гүйцэтгэсэн юм. Энэ нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа цөмийн эрчим хүчний салбар дахь хамгийн том төсөлд тооцогддог.
“Morgan Stanley”: II улиралд төмрийн хүдрийн ханш 200 ам.доллараас буурахгүй
Энэ долоо хоногийн эхнээс төмрийн хүдрийн үнэ 200 ам.доллар болж эргээд өсч байна. Хятадын Далианы түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн гэрээт үнэ 5.5%-иар өсч 195.26 ам.доллар (1256 юань) хүрчээ. Тэгвэл далайн хойд эргийн Циндао боомтод 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалыг 224.44 ам.доллараар худалдаалж байна. Хятадын аж үйлдвэрийн идэвхжил өндөр хэвээр байгаатай холбоотой төмрийн хүдрийн ханш эргээд өсч буйг шинжээчид тайлбарлаж байгаа юм. Учир нь дотоодын зах зээл дэх түүхий эдийн үнийн өсөлтийг хязгаарлах зорилтоор өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын төр засгаас аж үйлдвэрийн зарим томоохон бүс нутгийн үйлдвэрлэлийг танах зохицуулалтын арга хэмжээ авч эхэлсэн. Энэ нь зах зээлд болгоомжлол үүсгэн төмрийн хүдрийн ханш буурахад нөлөөлсөн.
Хятадын гангийн үйлдвэрлэл түүхэн дээд хэмжээнд хүрчээ
Энэ оны дөрөвдүгээр сард, Хятад улс 97.85 сая тонн ган үйлдвэрлэсэн нь түүхэн дээд үзүүлэлтээр тооцогдож байна. Өмнөх сарын үйлдвэрлэлийн хэмжээнээс 4.1%-иар өссөн болохыг тус улсын Статистикийн ерөнхий хорооноос мэдээлжээ. Өнгөрсөн сарын байдлаар, нэг өдрийн гангийн гарц 3.26 сая тонн буюу өмнөх сарынхаас 7.5%-иар нэмэгдсэн аж. Тэгвэл эхний дөрвөн сард Хятад улс нийт 374.56 сая тонн ган үйлдвэрлэжээ. Өмнөх оны мөн үеэс 16%-иар өссөн үзүүлэлттэй байна. Гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эдийн нэг төмрийн хүдрийн үнэ он гарснаас хойш 40%-иар нэмэгджээ. Тус улсын гангийн томоохон үйлдвэрлэлийн бүс нутаг Хэбэй мужийн үйлдвэрлэлийг хязгаарлах болсон нь түүхий эдийн үнэ өсөхөд нөлөөлж буйг шинжээчид тайлбарлаж байна.
Төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэ буурчээ
Түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өсөөд буй төмрийн хүдрийн ханш пүрэв гаригт 9.5%-иар буурчээ. Тухайн өдөр Далианы түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн гэрээт үнэ 7.5%-иар буурч 1217 юанийн (188.66 ам.доллар) ханштай хаагдсан байна. Тус бирж дээрх төмрийн хүдрийн үнэ тавдугаар сарын эхнээс 23%-иар өсчээ. Түүнчлэн, өчигдөр Хятадын зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 1988 юань хүрч 3.9%-иар буурсан байна. Лхагва гаригт БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс, түүхий эдийн ханш огцом өсч буйн улмаас эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах үүднээс мөнгө-зээлийн болон бусад санхүүгийн бодлогуудын зохицуулалтыг чангатгана гэдгээ мэдэгдсэн билээ.
“Wood Mackenzie”: “Ногоон” шилжилтэд уул уурхайн компаниуд 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай
Дэлхийн хэмжээнд нүүрстөрөгчгүй технологид шилжилтэд зэс, никель, кобальт, лити болон бусад металын нийлүүлэлтийг хангахын тулд ойрын 13 жилд уул уурхайн компаниуд нийт 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай. Ийм тооцоолол Их Британийн “Wood Mackenzie” байгууллагын судалгаагаар гарчээ. Тус судалгааг удирдсан Жулиан Кеттл “2050-2060 он гэхэд олон орнууд нүүрстөрөгчийн ялгаруулалтаас бүрэн ангижрах зорилттой. Үүний тулд дотоод шаталтат хөдөлгүүртэй ердийн машиныг цахилгаан машинаар солих, сэргээгдэх эх үүсвэрт суурилсан эрчим хүчний системийг суурилуулах хэрэгтэй болно. Ногоон эрчим хүчийг “хуримтлуулахад” асар их хөрөнгө зарцуулна. Энэ бүгд металын эрэлтийг огцом нэмэгдүүлнэ” хэмээжээ.
Хятад төмрийн үйлдвэр байгуулахад тавигдах шинэ журам мөрдөнө
Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос (NDRC) төмөрлөгийн үйлдвэр барих, хүчин чадлыг өргөтгөх төслүүдэд шинэ шалгуур тавих болжээ. Энэхүү өөрчлөлт нь тус улсын ган үйлдвэрлэлийн хүчин чадлыг танах, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг бууруулах, аж үйлдвэрийн гол бүс нутгийн байгаль орчны нөхцөл байдлыг сайжруулах хүрээнд хийгдэж буй аж. Шинэ журмаар, тухайлбал Бээжин, Тянжин, Хэбэй, Янзцы болон Сувдан гол, Шанси мужийн Фэнвэйн тал зэрэг бүс нутгуудад шинэ үйлдвэр байгуулах тусгай зөвшөөрөл авахын тулд хуучирсан тоног төхөөрөмжтэй үйлдвэрлэлээ хаах шаардлага тавигдаж байна. Муж, автономит бүс нутаг, хотууд нь шинэ үйлдвэрийн хүчин чадал нэмэх тохиолдолд бусад бүс нутагтай харилцан тохиролцоно. Өөрөөр хэлбэл, шинэ хүчин чадлыг нэмэх бол заавал хуучин үйлдвэрлэлийг хааж Хятадын Засгийн газраас заасан тодорхой хязгаарлалтаас давахгүй гэсэн үг.
БАМ, Транссибирийн төмөр замыг өргөтгөх 780 тэрбум рублийн хөтөлбөр хэрэгжүүлнэ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины захирамжаар, БАМ болон Транссибирийн төмөр замын шинэчлэн, өргөтгөх 2 дахь шатны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Тус улсын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин хөтөлбөрийг батлан гарын үсэг зуржээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч даргалсан нүүрсний салбарыг хөгжүүлэх тухай хуралдаанаар хэлэлцсэн юм. Тэрээр нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор баруун чиглэлийн төмөр замын тээврийн сүлжээг өргөтгөх ажлыг 2024 онд багтаан эрчимтэй, маш тодорхой хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатайг цохон тэмдэглэжээ. Энэ дагуу Ерөнхий сайдын үүрэг болгосноор Засгийн газар хөтөлбөрийг боловсруулаад буй аж.
Гвинейн “Симандоу” ордын төмөр замыг барьж эхэлжээ
Гвиней улс дахь төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй “Симандоу” ордыг ашиглах төслийн хүрээнд уурхайн дэд бүтцийг, тэр дундаа төмөр замыг барьж эхэлсэн байна. Энэ нь уурхайгаас Либери улсын нутаг дэвсгэрийг тойрч далайн боомт хүрэх 650 км төмөр замын байгууламж юм. Түүнчлэн дэд бүтцийн төслийн хүрээнд төмөр замын хамтаар боомт байгуулна. Төмөр зам, боомтыг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Дэд бүтэц бэлэн болсноор, уурхайгаас жилд 100 сая тонн төмрийн хүдэр экспортлох зорилттой.
Төмрийн хүдрийн үнэ 201-234 ам.доллар хүрч өсөв
Пүрэв гаригт (2021.05.07) төмрийн хүдрийн үнэ 200 ам.долларт хүрчээ. Тухайн түүхий эдийн ханшийн дээд үзүүлэлтээр тооцогдож байна. Тодруулбал, Хятадын хойд нутгийн Циндао боомтод төмрийн 62%-ийн агууламжтай хүдрийн тонн тутмын үнэ 201.88 ам.доллар хүрч өмнөх өдрийн (2021.05.06)ханшнаас 4.85%-иар өсчээ. Тэгвэл Бразилийн агууламж өндөртэй 65%-ийн төмрийн хүдрийн үнэ 234.7 ам.доллар болж нэмэгдсэн байна. Ингэж төмрийн хүдрийн үнэ огцом өссөн нь Хятад улсын зүгээс тодорхойгүй хугацаагаар Хятад, Австралийн эдийн засгийн стратегийн яриа хэлцлийн бүхий л үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой аж.
БНХАУ: Төмрийн хүдрийн үнийн өсөлтийг тогтворжуулахаар импортын татварыг тэглэв
Хятад улс нь гангийн үйлдвэрлэлд шаардлагатай зарим материалыг импортын татваргүй болгох замаар дотоод дахь төмрийн хүдрийн үнийн огцом өсөлттэй тэмцэх арга хэмжээгээ чангатгаж байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын комиссын (2021.04.28) мэдэгдсэнээр, тавдугаар сарын 1-ээс эхлэн ширэм, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, ган төмрийн хаягдлын импортын татварыг тэглэхээр болжээ. Ингэснээр Австралиас импортолдог төмрийн хүдрийн үнийн өсөлтийг тогтворжуулах нэг шийдэл гэж үзэж байна. Түүнчлэн, ирэх сараас Бээжин гангийн 146 төрлийн бүтээгдэхүүний экспортын татвар, тэр дундаа НӨАТ-ын буцаан олголтыг зогсоох шийдвэр гаргажээ.
Хятадын томоохон аж ахуйн нэгжүүдийн ашиг 92%-иар өсчээ
Оны эхний улиралд, Хятадын томоохон аж ахуйн нэгжүүд (жилийн нийт эргэлт 3.8 сая ам.доллар) 1.83 их наяд юанийн ашигтай ажиллажээ. Энэ нь нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 137%-ийн өсөлт болохыг тус улсын Үндэсний статистикийн товчооноос мэдээлсэн байна. Зөвхөн гуравдугаар сард, тухайн аж ахуйн нэгжүүд 711.18 тэрбум юанийн ашиг олж өмнөх оны мөн үеийнхээс 92.3%-иар өссөн аж.
Орос нефтийн бүтээгдэхүүний экспортоо түр хугацаанд хязгаарлах төсөл боловсруулж байна
ОХУ-ын Засгийн газраас нефтийн зарим төрлийн бүтээгдэхүүний экспортыг түр хугацаанд хориглох тухай төслийг боловсруулахыг тус улсын Эрчим хүчний яаманд үүрэг болгожээ. Газрын тосны зарим бүтээгдэхүүнд бензин багтсан байна. Тодруулбал, Оросын дотоодын зах зээлд нэн чухал бүтээгдэхүүн болох бензины экспортыг шаардлагатай тохиолдолд түр хугацаанд зогсоох, эсвэл хориглоно гэдгийг ОХУ-ын Засгийн газрын мэдэгдэлд онцолжээ. Шаардлага үүсвэл, эхний ээлжинд ЕАЭЗХ-ны гишүүн бус орнуудад нийлүүлж буй бензины экспортыг авч үзэх аж.