Нүүрс
"Чалко" нүүрс тээврийн тусгай гарц байгуулах хүсэлтээ илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 47 дугаар захирамжаар байгуулагдсан хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хотын болон Ганцмод боомтын захиргаа, БНХАУ-ын төрийн өмчит Чалко компанийн удирдлагуудтай цахим уулзалт (2022.06.09) хийлээ. "Чалко" компаниас цаашид нүүрс тээврийн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт, Гашуунсухайт-Ганцмод чиглэлд тусгайлсан нүүрс тээврийн гарц, битүүмжилсэн тээврийн багийг байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Нүүрсний экспорт тавдугаар сард 1.93 сая тонн болж огцом өсөв
Эрдсийн экспорт дундаа нүүрсний экспорт орлогын дүнгээр тэргүүлсэн байна. Оны эхний таван сарын байдлаар манай улс нийт 5.72 сая тонн нүүрсийг 1.7 тэрбум ам.доллараар борлуулсан байна. Өөрөөр хэлбэл нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад жингээр 33.7%-иар буурсан бол орлогын дүнгээр 82.7%-иар өсчээ. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн тавдугаар сард манай улс 1.93 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх сарынхаасаа 52.4%, өмнөх оны мөн үеийнхээс 46.2%-иар тус тус нэмэгджээ. Тавдугаар сард нүүрсний экспорт огцом өссөнөөр өнгөрсөн оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо.
Гашуунсухайт боомтоор задгай тээврээр нүүрс экспортлохыг хойшлуулав
Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрсний задгай тээврийн экспортын худалдааг сэргээх товыг хойшлуулсан тухай Хятадын нүүрсний мэдээллийн гол суваг “Фэнвэй Энержи” мэдээллээ. Учир нь тавдугаар сарын 31-нд манай улсын нэг жолоочоос коронавирусын халдварын тохиолдол бүртгэгджээ. Уг нь халдваргүй тохиолдолд энэ сарын 1-нээс задгай тээврийг эхлүүлэхээр болоод байсан юм.
Улсын хэмжээнд өдөрт нүүрсний 760 машин экспортод гарч байна
Одоогийн байдлаар улсын хэмжээнд өдөрт 750-760 машин нүүрс экспортод гарч байгаагийн 460 нь Гашуунсухайт боомтод ногдож байна. Цаашид тус боомтоор халдвар хамгааллын дэглэмийг алдалгүй баримталж чадвал өдөрт нэвтрэх машины тоог долоо хоног тутамд гучаар нэмэгдүүлэхээр Хятадын талтай тохиролцжээ. Энэ байдлаар өдөрт гарах машины тоог 800 болгох боломжтойг сайд уламжлав.
Шивээхүрэн боомтод ачаа тээврийн терминал энэ оны есдүгээр сард ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүний хамт Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагаа, ачаа шилжүүлэн ачиж, буулгах терминалын бүтээн байгуулалттай танилцлаа. Цар тахлын улмаас 2021 оны аравдугаар сараас үйл ажиллагаа нь зогсоод байсан тус боомт (2022.05.25) хэвийн ажиллаж эхэлсэн. Ойрын хугацаанд өдөрт 400-500 чингэлэг буюу 16000 тонн нүүрс экпортолно. Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагаа зогссоноос хойш тэнд 10 сая тонн нүүрс хуримтлагджээ.
Замын-Үүд-Эрээний боомтоор эрчим хүчний нүүрсний экспортын тээвэрлэлтийг сэргээв
Хятадын талын төв Засгийн газар болон орон нутгийн удирдлагатай хийсэн олон удаагийн уулзалт, хэлэлцээний дүнд Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрийн №104, №105 тоот шийдвэр гаргаж, мөн өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савалгаатай үр тарианы импорт-экспортын тээвэрлэлтийг сэргээх болсон талаар дипломат шугамаар мэдэгдээд байна.
Шивээхүрэн-Сэхээ боомтын тээврийн хөдөлгөөнийг сэргээв
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошуунд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас хятадын талын саналаар 2021 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын бүсэд чингэлэг солилцох талбай байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсийг чингэлэг тээврийн горимоор улс хооронд тээвэрлэхээр дипломат шугамаар тохиролцсоны үндсэн дээр тус боомтын үйл ажиллагааг 25-ны өдрөөс эхлүүлээд байна.
Нүүрсний уртын тээвэр эхэллээ
Өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхэлж, эхний ээлжид 100 машин өглөөний таван цагт ажилдаа гарчээ. "Цагаан хад" дахь халдвар хамгааллын дэглэм сайжруулах ажлыг шат дараалалтайгаар хийсэн нь өнөөгийн үр дүнг авчирсан гэхэд болно. Нөгөө талаас Ганц мод боомт дахь шинжилгээгээр богино тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоног ковидын эерэг тохиолдол илрээгүй байна. Иймд өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхлүүлж, тавдугаар сарын 31-нээс задгай нүүрсний тээврийг эхлүүлэхээр болжээ. Манай улс энэ жил 36.7 сая тонн нүүрс экспортлоно гэж төсөвтөө суулгасан.
Хятад улс нүүрсний ханшийг тогтворжуулахад анхаарна
Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо болон Үндэсний эрчим хүчний газар хуралдаж, цаашид нүүрсний ханшийг тогтвортой барих тухай уулзалт хийсэн (2022.02.10) байна. Тус улсад уурхайн аман дээрээс борлуулах эрчим хүчний нүүрсний ханшийг (5500 ккал илчлэгтэй) тонн тутамд нь 700 юань (110 ам.доллар)-д барихаар төлөвлөж байна. Харин эргийн боомтууд дээр 900 юань/тонн-оос дээшгүй байхаар уулзалтаар хэлэлцжээ. Уг уулзалтад нүүрс олборлолтын гол бүс нутаг болох Шанси, Шэнси, Өвөрмонгол зэрэг мужийн эрчим хүчний газрын төлөөллүүд болон China Energy Investment, China Coal Energy, Hebei Port Group –ийн удирдлагууд оролцжээ.
IEA: Нүүрсний цахилгаан үйлдвэрлэл 2021 онд дээд түвшинд хүрнэ
Олон улсын эрчим хүчний агентлаг арванхоёрдугаар сарын 17-нд гаргасан "Нүүрс 2021" тайланд дурдсанаар энэ онд нүүрсний цахилгаан үйлдвэрлэл өнгөрсөн онтой харьцуулахад 9%-иар өсөхөөр байгаа юм. Ингэснээр нүүрснээс эх үүсвэртэй цахилгаан үйлдвэрлэлийн хэмжээ дээд хэмжээнд буюу 10350 Тераватт.цаг-т хүрэхээр байгаа ажээ (мянган гегаватт.цаг нь нэг тераватт.цаг-тай тэнцдэг). Гэхдээ дэлхийн нийт цахилгаан үйлдвэрлэлд эзлэх нүүрсний генераторын хэмжээ 36%-д хүрэхээр байгаа нь 2007 оны оргил түвшнээс 5%-иар доогуур үзүүлэлт болохыг тэмдэглэжээ.
Хятадын нүүрсний импорт 35.05 сая тоннд хүрч 30%-иар өсөв
Хятадын нүүрсний нийт импорт өнгөрсөн арваннэгдүгээр сард 35.05 сая тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Нүүрсний импортын үзүүлэлт өмнөх оны мөн үед 11.67 сая тонн байсантай харьцуулахад гурав дахин, өнгөрсөн аравдугаар сард 26.94 сая тонн байсантай харьцуулахад 30.1%-иар тус тус өссөн байна. Ингэснээр Хятадын нүүрсний импорт он гарсаар хамгийн өндөр үзүүлэлтэд хүрлээ.
“Монгол Улсын нүүрсний экспорт: боломж, сорилтууд” зөвлөлдөх уулзалт боллоо
Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгээс зохион байгуулж буй “Монгол Улсын нүүрсний экспорт: боломж, сорилтууд” зөвлөлдөх уулзалт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн II байрны хурлын танхимд өнөөдөр зохион байгуулагдлаа. Зөвлөлдөх уулзалтыг ШУА-ийн Олон улс судлалын Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай хөтлөн явуулж, тус хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо нээж үг хэллээ.
Саусгоби уурхайн үйл ажиллагаагаа түр зогсоожээ
Цар тахалтай холбоотойгоор тус компани оны хоёрдугаар улиралд үйл ажиллагаагаа зогсоогоод байсан юм. Хэдийгээр уурхайн олборлолтыг гуравдугаар улиралд сэргээсэн ч Сэхээ боомтын нэвтрэлтийг түр зогсоосноос үүдэн арваннэгдүгээр сараас үйл ажиллагаагаа дахин түр зогсоогоод байгаа тухай мэдээлжээ. Учир нь аравдугаар сарын сүүлээр БНХАУ-ын Өвөрмонголын Алшаа аймгийн Эзнээ хошуунд цар тахлын халдвар бүртгэгдсэнээр халдвар хамгааллын дэглэмийг чангатгах болсон юм.
Хятад нүүрсний импортоо нэмэгдүүлнэ
Хятадын нүүрсний импорт аравдугаар сард 26.9 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 96.3%-иар өссөн байна. Гэхдээ энэ нь өнгөрсөн есдүгээр сард 32.9 сая тонн нүүрс импортолж байсантай харьцуулахад 18.2%-иар буурсан дүн боллоо. Хятадын хувьд аравдугаар сарын эхээр эрчим хүчний нийлүүлэлт тасалдалтай байгаа мужийн тоо 18 байсан нь сарын дундуур хоёр муж болж буурчээ. Өөрөөр хэлбэл эрчим хүчний хямралтай тулгараад байсан Хятадын нөхцөл байдал сайжирсан ч ирж буй өвөл дахин хүндрэлтэй тулгарч болзошгүй ажээ. Иймд нүүрсний хангалттай нөөц базаах асуудал хамгийн чухалд тооцогдож байна.
Хятадын коксжих нүүрсний нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй байна
Эрэлт, нийлүүлэлтийн нөхцөл байдлыг ерөнхийд нь авч үзвэл өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн нүүрсний нийлүүлэлт хумигдаж эрэлтээ гүйцэхгүйд хүрсэн байна. Ингэснээр энэ оны наймдугаар сарын эцэс хүртэлх хугацаанд ойролцоогоор 20 сая тонн орчим коксжих нүүрсний нийлүүлэлтийн алдагдал Хятадын зах зээлд үүсчээ. Ойрын хугацаанд коксжих нүүрсний нийлүүлэлийг нэмэгдүүлэхэд багагүй хүндрэл үүсэхийг Хятадын Нүүрс тээвэр, түгээлтийн холбоо мэдэгджээ. Учир нь коксжих нүүрсний нийлүүлэлт дэлхий дахинд төдийлөн их биш байгаагийн сацуу улс орнуудын гангийн нүүрсний эрэлт зэрэгцээд нэмэгдэж байгаа ажээ.
“Хилийн үнээр тооцсон бол нүүрс тээвэр ийм байдалд хүрэхгүй байсан”
Сүүлийн үед олон улсын зах зээлд эрдэс баялгийн, тэр дундаа нүүрсний үнэ өндөр байгаатай холбоотойгоор жишиг үнэ нь дагаад өсөж байгаа. Нүүрсний компаниудын хүсэлтээр урьд нь гэрээний үнээр АМНАТ тооцдог байсан ч хуулийнхаа дагуу төлөх нь зөв гэж үзээд энэ оны долдугаар сараас эхлэн жишиг үнээр төлбөрийг тооцох болсон. Сангийн сайд болон УУХҮ-ийн сайд нарын хамтарсан ажлын хэсгийн баг олон улсын зах зээлд эрдэс бүтээгдэхүүний үнэ ямар байгаа дээр үндэслэн жишиг үнийг тогтоодог. Нүүрсийг уурхайн амны үнээр бус хилийн үнээр тооцдог байсан бол тээвэр ложистикийн байдал одоогийнхоос арай өөр түвшинд байх байсан. Нүүрсээ зарчхаад л орхидгоос болоод тээвэр ложистикийн асуудал ийм байдалд хүртлээ хүндэрсэн гэж үзэж байна.
АМНАТ–ийн жишиг үнэ нь татварын дарамт үүсгэж байна гэв
Нүүрс олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд оролцсон “Жишиг үнэ ба АМНАТ” хэлэлцүүлэг өнөөдөр /2021.10.25/ боллоо. Хэлэлцүүлэгт оролцогчид Сангийн яам нь сар бүр нүүрсний зах зээлийн жишиг үнийг тогтоохдоо, бодит бус, хөөсөрсөн үнэ тогтоож байна гэж үзээд, тус яаманд шаардлага хүргүүлэхээр боллоо. Тодруулбал, АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр)-ийг 2021 оны долдугаар сараас эхлэн зөвхөн жишиг үнээр тооцдог болсон бөгөөд энэ нь үндэслэлгүйгээр татвар төлөхөд хүргэж, татварын дарамтад оруулж, цаашлаад аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсооход хүргээд байна гэж уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрс олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд үзэж байгаа аж.
Цогтцэций-Чойр чиглэлд нүүрс тээвэрлэлт ирэх оны эхний улирлыг дуустал үргэлжилнэ
Зам, тээврийн хөгжлийн сайд Л. Халтар Тавантолгой уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэл улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэхийг ирэх оны эхний улирлыг дуустал зөвшөөрөхөөр болсон байна. Өмнө нь салбарын сайдын А/158 тушаалаар энэ сарын 20-ноос эхлэн уг чиглэлд нүүрс тээвэрлэхийг хориглохоор байсан юм. Харин одоо уг тушаалын хэрэгжих хугацааг 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр болгож өөрчилж байна.
Нүүрс тээврийн шударга бус тогтолцоог эсэргүүцэж жолооч нар жагсаж эхэллээ
Нүүрсний гол гарц болсон Гашуунсухайт боомтын Цагаан хад бүсэд нүүрс тээврийн жолооч нар өнөөдрөөс зам хааж бөмбөлөг тээврийн тогтолцоонд буй шударга бус асуудлуудыг залруулахыг шаардаж эхэлжээ. 40 хүртэлх тооны жолоочийг нэг баг болгон нүүрс тээвэрт явуулах арга хэмжээ буюу бөмбөлөг тээврийн систем нь жолооч нарын тээвэрлэлт хийх хуваарьт тэгш бус нөхцөл үүсгэж буй ажээ. Ингэснээр тээвэрчид тодорхойгүй олон хоногоор сул зогсолт хийж, ажил, эрүүл мэндээрээ хохирч буй ажээ. Түүнчлэн жолооч нарын шинжилгээний хариу нөгөө талд эерэг, дотоодын шинжилгээгээр сөрөг гарч буй нь эргэлзээ төрүүлж байна. Иймд тээвэрчдийн зүгээс бөмбөлгийн тогтолцоог ил тод, шударга болгохыг шаардаж эхэллээ. Энэ долоо хоногт Сангийн сайд Б. Жавхлангаар ахлуулсан Ажлын хэсэг газар дээр нь асуудлыг шийдвэрлэж ажиллахаар болжээ.
“Эрдэнэс Монгол” БНСУ-ын Эрчим хүчний судалгааны хүрээлэнтэй санамж бичиг үзэглэлээ
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа, БНСУ-ын Эрчим хүчний судалгааны хүрээлэн (СЭХСХ)-гийн Ерөнхийлөгч Жонг Нам Кимтэй (2021.10.05) цахимаар уулзав. Энэхүү уулзалтаар нүүрсний чанарыг сайжруулж, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Уулзалтын эхэнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “СЭХСХ-тэй нүүрсний чанар, илчлэгийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэхээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж буйдаа баяртай байна” гэлээ.