Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
“Shanghai Metals Market”: Хятадын зэсийн үйлдвэрлэл гуравдугаар сараас сэргэнэ Хоёрдугаар сард Хятад улс 683.1 мянган тонн катодын зэс үйлдвэрлэжээ. Энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.1%-иар буурсан гэж “Shanghai Metals Market” мэдээлсэн байна. Тус улсын дотоодын тээврийн хөдөлгөөний хязгаарлалтын улмаас эрэлт буурч, үйлдвэрүүдийн нөөц нэмэгдсэнээр зарим компаниуд зэсийн үйлдвэрлэлээ танах, түр зогсооход хүрсэн. Энэ сарын эхээр гол бүс нутгийн тээврийн хөдөлгөөнийг нээж байгаа учир Хятадын үйлдвэрүүд сэргэхэд нөлөөлнө шинжээчид үзэж байна. 
ОХУ: Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг хязгаарлахгүй ОХУ-ын Үндсэн хуулийг өөрчлөх төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг  Төрийн Дум (2020.03.10) хийсэн байна. Анхны сансрын нисгэгч эмэгтэй Валентина Терешкова төрийн Думын гишүүний хувьд “Нэгдсэн Орос” намыг төлөөлж Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг  2 удаа улиран ажиллах хязгаарыг хүчингүй болгох саналыг дэвшүүлжээ. Төрийн Дум хагас цагийн завсарлага авсан бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж үг хэлэхдээ шинэ саналыг дэмжиж буйгаа мэдэгдсэн аж. Түүний мэдэгдлийн дараагаар, Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг хязгаарлахгүй байхаар төрийн Дум болон доод танхим тогтсон байна.
Алс Дорнодын хуурай  боомтууд  хаагджээ  Коронавирусын дэгдэлтийн улмаас ОХУ-ын Ерөнхий сайд Сергей Мишустин Алс Дорнодын бүс нутгийн Хятадтай хиллэх хуурай боомтын 16 цэгийг нэгдүгээр сарын 30-наас гуравдугаар сар хүртэл хаах шийдвэрийг гаргасан юм. Тэр дунд төмөр болон авто замын Забайкальск-Манжур, Благовещенск -Хэйхэ, Нижнеленинское-Тунзян, Пограничный–Суйфэнхэ, Гродеково–Суйфэньхэ болон Махалино–Хуньчунь   багтаж байна. Оросын хувьд Хятад, цаашлаад Азийн нутгийн орнуудын зах зээлд Монголын нүүрсний томоохон өрсөлдөгч орон юм. Хуурай боомтын тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хорьсноор Оросын нүүрсний экспортод   нөлөөлж эхэлжээ.
Роберт Фрийдланд: Зэсийн ханш огцом өсөх нь гарцаагүй Даваа гаригт (2020.03.02) Торонто хотноо эхэлсэн “PDAC 2020“ чуулганаар “Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд илтгэлдээ зэсийн болон платинумын бүлгийн металын ирээдүй хэрхэн өнгөтэй байгааг тодорхой танилцуулсан байна. Тэрээр “2020 оны  нэгдүгээр сар нь сүүлийн 141 жилийн хамгийн “дулаан сард” тооцогдсон бөгөөд агаарын бохирдол нэмэгдсээр байгаа нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал хэвээр байна. Үүнээс болж дэлхийн эдийн засагт жилд 5 их наяд ам.долларын зардал гарч, 7 сая хүн эндэж байна. Энэ бол коронавирусээс илүү ноцтой зүйл”
PDAC 2020: Коронавирус уул уурхайн төлөвийг хүндрүүлж байна Жил бүрийн гуравдугаар сард Торонто хотод болдог PDAC чуулганы үеэр суудал олох нь ихэвчлэн хэцүү байдаг. Гэсэн ч энэ жилийн чуулганаар өмнөх жилүүдээс харьцангуй цөөн зочид цугларчээ. “CRU” группийн захирал Пол Робинсон, метал олборлолтын төлөв байдлын талаарх илтгэлээ чуулганы сийрэг ирцийн талаар эхлүүлсэн байна. Тэрээр “Бид коронавирусын талаар ярихгүй байж болохгүй. Одоогоор дэлхий дахинд эрдэс, түүхий эдийн эрэлтэд төдийлөн өөрчлөлт гараагүй. Гэвч аялал жуулчлалын салбар,  гадаадад зорчиход бэрхшээлтэй байгааг чуулганы энгийн үе болон одоогийн ирцийг хараад та бүхэн ойлгох байх. Гэхдээ бидэнд БНХАУ, БНСУ-д тохиолдсон шиг цохилт хараахан тохиолдоогүй байгаа” гэлээ. Лондон хотод байрлах, бараа бүтээгдэхүүний судалгааны чиглэлийн компанийн удирдлагын Пол Робинсон уул уурхай, металын салбарт үүсээд байгаа өөрчлөлт, эргэлзээний талаар илтгэлдээ хуваалцсан байна.
Хятадын эдийн засгийн идэвхжил түүхэн доод хэмжээнд хүрлээ Улс орны эдийн засгийн эрчмийг илтгэдэг (аж үйлдвэрийн) PMI үзүүлэлтээр Хятадын хувьд өнгөрсөн хоёрдугаар сард түүхэн доод хэмжээнд хүрчээ. Тодруулбал уг үзүүлэлт өнгөрсөн сард 35.7%-тай гарчээ (50-иас доош бол бууралтыг илтгэдэг). Өнгөрсөн нэгдүгээр сард тус улсын PMI үзүүлэлт 50%-тай гарч байсан юм. Ийнхүү хоёрдугаар сард тун доогуур дүн гарсан нь ялангуяа Хятадын барилгын салбарын уналтаас болжээ. Гэхдээ коронавирусын тархалтыг тус улс хяналтандаа авсан тул ирэх саруудад сэргэлт ирнэ гэж Capital Economics тайлбарлажээ.
Орос Хятад руу эрчим хүч экспортлох нүүрсний цахилгаан станцын төслөө хийн болгож өөрчилнө Хятадын хилд ойр буюу Амар мужид Оросын хамгийн том цахилгаан станц байгуулах төслийг шинэчлэхээр болжээ. Тодруулбал, 1 ГВт хүчин чадалтай хийн цахилгаан станц болгож өөрчлөхөөр болсон тухай Оросын “Интер РАО” компани мэдэгдсэн байна. Хийн түүхий эдийн хувьд “Сибирийн хүч” хоолойгоос цахилгаан станцид нийлүүлэх боломжийг судлах аж. Цахилгаан станцын үйлдвэрлэлийг хийн болгох нь төслийн өртгийг бууруулж 80 тэрбум рублийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх урьдчилсан тооцоо гарчээ. 2009 оноос анх уг цахилгаан станцыг барих асуудал яригдсан. Улмаар 2013 онд Оросын “Интер РАО” компани болон Хятадын эрчим хүчний сүлжээний корпорацийн хооронд хамтын ажиллагааны гэрээ үзэглэсэн байдаг.
Орост нүүрсний салбараа хөгжүүлэхэд 6 их наяд рубль шаардлагатай  Өнөөдөр ОХУ-ын Засгийн газар “Нүүрсний аж үйлдвэрлэлийг 2035 он хүртэл хөгжүүлэх стратеги” хөтөлбөрийг хэлэлцэж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 6 их наяд рубль шаардлагатай гэж урьдчилан тооцож буй. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгджээ. 2035 он гэхэд Орос улс нийт 485-668 сая тонн нүүрс олборлохоор зорьж байна. Ирэх 15 жилд нүүрсний экспортын хэмжээг 259 сая, 2035 онд 390 сая тоннд хүргэхээр төлөвлөж байгаа юм. 2025 он хүртэл нүүрсний салбарт 1 их наяд рублийг хувийн хөрөнгө оруулалтаар татна гэж харж байна. Үүний тулд нүүрсний гол үйлдвэрлэлийн Тува, Якут, Забайкаль, Алс Дорнодын гол бүс нутагт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд анхаарах гэнэ. Шинээр 14 уурхайг нээж, нүүрс баяжуулах 20 үйлдвэрийг ашиглалтад оруулж, одоо үйл ажиллагаа явуулж буй 8 үйлдвэрийг шинэчлэн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хөтөлбөрт тусгажээ. 
ОХУ: Төмөр замаар Казахстаны нутгаар дамжин Хятад руу нүүрс экспортлоно 2020 оны хоёрдугаар сараас Орос улс төмөр замаар Казахстаны нутгаар дамжин Хятад руу нүүрс экспортлох талаар Москва, Нур-Султан хэлэлцэж байна. Тус хэлэлцээрээр талууд төмөр замын тээврийн тарифыг 65%-иар хөнгөлөх асуудлыг хэлэлцэж буй. Экспортын шинэ чиглэл нь Оросын “Кузбасс” компанийн нүүрсний Хятад руу нийлүүлэлтийг өргөжүүлж, Алс Дорнодын чиглэлийг нүүрсний төмөр замын тээврийг ачааллын дарамтыг бууруулна гэж үзэж байгаа юм. Казахстан улсын хувьд төмөр замын транзит тээврийг нэмэгдүүлэх сонирхолтой байна. Орос нь Хятадын зах зээлд нүүрсний нийлүүлэлтээр Австрали, Индонезийн дараагаар гуравдугаарт орохоор эрмэлзэж байгаа юм. Тус улс нь ирэх 10 жилд Хятад рүү экспортлох нүүрсний хэмжээгээ жилд 55 сая тоннд хүргэх зорилттой.
Хятад: Америкийн бараанд ногдуулах импортын татвараа 50%-иар багасгана Өнгөрсөн пүрэв гаригт БНХАУ-ын зүгээс АНУ-тай хийсэн Худалдааны хэлэлцээрийн эхний шатны гэрээний хэрэгжилт болгож татвар бууруулахаар болсноо зарлалаа. Тодруулбал Америкаас импортолдог 75 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг 50%-иар багасгахаар болжээ. Уг шийдвэр энэ сарын 14-нөөс хэрэгжиж эхлэх бөгөөд цаашид хоёр улсад үлдээд буй импортын нэмэлт татварыг бүхэлд нь цуцлах хүртэл хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа Хятадын зүгээс илэрхийллээ.
S&P Global Platts: Коронавирусын улмаас Хятадын гангийн хэрэглээ 45-60%-иар буурч болзошгүй Коронавирусын дэгдэлтийн улмаас хоёрдугаар сард Хятадын гангийн хэрэглээ буурч 31-43 сая тоннд хүрч болзошгүй гэсэн таамгийг “S&P Global Platts” агентлагаас дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл 2018 оны мөн үеэс 45-60%-иар буурна гэж тус агентлаг үзэж байна. “S&P Global Platts” агентлагийн шинжээчид, гангийн нийт хэрэглээний 55%-ийг бүрдүүлдэг барилгын салбартай холбон тайлбарлажээ. Учир нь Хятадын ихэнх бүс нутагт хоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэл барилгын үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байгаа юм. Барилгын ажилчдын хоёр долоо хоногийн хугацаатай карантиныг энэ сарын 24-ныг хүртэл сунгахаар болжээ. Зарим хотод барилгын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл зогсоосон байна. Коронавирусээр халдварласан иргэдийн тоо буурахгүй байгаа энэ үед Хятад улсын хэмжээнд барилгын салбарын үйл ажиллагааг дөрөвдүгээр сар хүртэл царцааж магадгүй гэж “S&P Global Platts” агентлаг таамаглаж байгаа юм.
Cochilco: Чили улсын зэсийн үйлдвэрлэл 2027 онд дээд хэмжээнд хүрнэ Чилийн төрийн зэсийн “Cochilco” хорооноос үндэсний зэсийн салбарын 2030 он хүртэлх зэс үйлдвэрлэлийн таамгийг гаргасан байна. Энэхүү таамгийг дэвшүүлэхдээ тус улс дахь гадаад, дотоодын компаниудын одоо хэрэгжүүлж буй болон шинээр хэрэгжих зэсийн төслүүдийг хамруулжээ. Уг таамгаар, ирэх 10 жилд Чили улсын зэсийн үйлдвэрлэл 20.5%-иар өсч 7.04 сая тоннд хүрэх аж. Гэхдээ 2027 онд зэсийн үйлдвэрлэл 7.33 сая тонн хүрч дээд амжилт үзүүлэх ч эргээд 4%-иар буурна гэж таамаглажээ.
Австралийн уул уурхай, барилгын гүйцэтгэгч "CIMIC" группын шинэ захирлыг томиллоо Австралийн уул уурхай, барилгын гүйцэтгэгч "CIMIC" групп шинэ гүйцэтгэх захирлаараа Жан Сантамариаг дэвшүүлэн томиллоо. Тэрбээр төрийн болоод хувийн хэвшлийн хувьд уул уурхай, барилгын салбарт ажиллахуйц хангалттай туршлагатай нэгэн юм. Өмнө нь "CIMIC" группын Гүйцэтгэх захирлаар Майкл Райт ажиллаж байсан. "CIMIC" группын ТУЗ-ийн дарга Марселино Фернандез Вердез “Жан Сантамариагийн уул уурхай, барилгын бизнесийн салбарт ажилласан 20-иод жилийн туршлага нь цаашид "CIMIC" группын үйл ажиллагааг тогтвортой өсөлтийг үргэлжлүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Мөн “Сантамариа бол "CIMIC" группын бүхий л үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд мэддэг учраас ажилчдыг хөгжүүлэх, цаашлаад үйлчлүүлэгчдэд мэргэжлийн үйлчилгээг үзүүлж чадна” гэжээ. 
Си Жинпин коронавирус Хятадын нийгмийн тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэлтэйг санууллаа Даваа гаригт (02.03)Хятадын Коммунист намын хоёр дахь хурал болсон байна. Энэ үеэр БНХАУ-ын дарга Си Жинпин коронавирусын дэгдэлтийг дарахын тулд бүх шатны байгууллагууд хамтран ажиллах шаардлагатайг хэлжээ. Мөн үхлийн аюулт энэхүү вирус нь Хятад улсын нийгмийн тогтвортой байдалд нөлөөлж болзошгүйг сануулав. Энэ жилийн зорилт нь дундаж давхаргыг нэмэгдүүлэх гэдгийг Коммунист намын удирдлага хэллээ. Хятадад үүссэн нөхцөл байдлаас үүдэж тус улсын удирдлагууд сүүлийн жилүүдэд дээд хэмжээний уулзалтуудыг ойр ойрх зохион байгуулж байгаа юм. Мөн коронавирусийн халдвараар нас барагсдын тоо 400 зуу хол давсан нь Хятадын хөрөнгийн биржүүдэд хувьцааны үнэ унахад нөлөөлж байна.
Трампын "парадокс"  Тэргүүлэх эдийн засагтай хоёр гүрэн  АНУ-Хятадын хооронд хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн худалдааны дайныг эцэслэх тухай эхний шатны хэлэлцээрт   хүрч чадсан талаар арванхоёрдугаар  сарын 13-нд талууд албан ёсоор мэдэгдэв. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа хүрэн метал буюу зэсийн ханш Лондоны металын бирж дээр 6000 мянган ам.доллар/тонн-ын босгыг хол давж тавдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрэв. Газрын тосны ханш ч өсөх шинжтэй болж ирлээ. АНУ нь арванхоёрдугаар сарын 15-нд Хятадаас импортолдог 160 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд “торгууль” болгож нэмэлтээр 15%-ийн татвар ногдуулах  байснаа цуцаллаа.  Гэхдээ АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар Хятадын 250 тэрбум ам.долларын импортын татварын хувь хэмжээг 25%-иар хэвээр үлдээж, харин 120 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварын хувь хэмжээг 7.5% руу буулгаж байгааг мэдэгдээд (2019.12.13) байна. 
Хятадын газрын ховор металын экспорт буурчээ 2019 онд Хятад 46.33 мянган тонн газрын ховор метал экспортолсон нь 2015 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болохыг тус улсын Гаалийн Ерөнхий газраас мэдээлжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 3657 тонн газрын ховор метал экспортолсон нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 32.5%-иар буурчээ. Энэхүү бууралтыг Хятадын шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлт буурч, Япон, АНУ болон Европын Холбооны аж үйлдвэрлэл саарч буйтай холбон тайлбарлаж байна. АНУ-Хятадын худалдааны зөрчилтэй шууд холбоогүй гэдгийг ч тэмдэглэж байгаа юм. 
АНУ-Хятадын худалдааны эхний шатны гэрээг үзэглэв Сүүлийн 18 сарын хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийн эцэст АНУ-Хятадын худалдааны дайныг "зөөлрүүлэх" томоохон гэрээнд талууд лхагва гаригт Цагаан ордонд үзэглэлээ. Энэхүү 86 хуудас бүхий гэрээнд АНУ-ын талаас Ерөнхийлөгч Доналд Трамп, Хятадын талаас Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ гарын үсэг зурсан байна. Гэрээ зурагдсан явдлыг Трамп АНУ-ын эдийн засгийн хувьд ялалт болсныг зарлажээ. Ингэснээр түүний хувьд 2020 оны сонгуулийн кампанит ажилдаа хэлэх үгтэй болж байна.
Platts: 2020 онд Хятадын гангийн үйлдвэрлэл түүхэн дээд хэмжээнд хүрнэ Энэ онд Хятадын гангийн үйлдвэрлэл 1 тэрбум тонноос давна гэж “Platts” агентлагийн шинжээчид таамаглаж байна. Хэдийгээр тус улсын төрийн бодлогоор төвийн бүс нутгуудад хүнд аж үйлдвэрлэлийн хүчин чадлыг танаж байгаа ч зах зээлийн эрэлтийг дагаад гангийн үйлдвэрлэл өснө гэж үзжээ. Дэлхийн гангийн холбооны мэдээллээр, 2019 оны эхний 11 сард Хятадын гангийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 7%-иар өсч 904.18 сая тоннд хүрсэн аж. Өнгөрсөн оны нийт үйлдвэрлэл 986 сая тонн байхаар байна.
Узбекистан тэрбум гаруй долларын уран Японд нийлүүлэхээр төлөвлөжээ Узбекистан улсын Ерөнхийлөгчийн "Узбекистан, Япон улс хоорондын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээний тухай" зарлигийн дагуу Навоигийн уулын баяжуулах үйлдвэр 2023-2030 онд 1.14 тэрбум долларын үнэтэй уран Японд нийлүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, “Марубени”-д 510.1 сая ам.доллар, “Иточу” компанид 636.4 сая ам.долларын уран тус тус нийлүүлэх аж. Навоигийн уулыг баяжуулах үйлдвэр нь Узбекистан улсын уран экспортолдог ганц үйлдвэр юм.  
Хэбэй муж коксжих нүүрсний үйлдвэрлэлээ 2 сая тонноор танана Хятадын гангийн үйлдвэрлэлийн хамгийн том бүс нутаг Хэбэй муж гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа  үргэлжлүүлэн танана гэж тус мужийн амбан захирагч Сю Цинь мэдэгджээ.  Тодруулбал, 2020 онд Хэбэй мужийн гангийн нийт үйлдвэрлэлийг 14 сая тонноор танах аж. Мөн агаарын бохирдлыг бууруулах төрийн бодлогын дагуу, тус муж нүүрсний олборлолтоо 6 сая тонн, тэр дундаа коксжих нүүрснийхийг 2 сая тонноор тус тус танах юм байна. Өнгөрсөн 2019 онд Хэбэй муж гангийн үйлдвэрлэлийг 14.02 сая, нүүрсийг 10.06 сая тонноор бууруулжээ.
27 28 29 30 31 32 33