Компанийн мэдээлэл
“Занаду Майнз” Улаан уул талбай дахь өрөмдлөгийн ажлаа танилцууллаа
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнз” компани (ASX:XAM, TSX:XAM) Дорноговь аймгийн нутаг дахь Улаан уул зэс, алтны хайгуулын талбайн өрөмдлөгийн ажлын үр дүнг танилцууллаа. Өрөмдлөгийн талбайг тус компани JOGMEC (Japan Oil, Gas and Metals National Corp)-тэй хамтран эзэмшдэг.
Тус компани уг талбайн Stairy хэсгийн ойролцоо нийтдээ 3000 тууш метр өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэснээр зэс, мөнгөний баялаг агуулга бүхий хэд хэдэн цооног өрөмдсөн тухайгаа өгүүлжээ.
“Айвенхоу Майнз”, “BHP Group”-ийн хэлэлцээр уул уурхайнхны анхаарлыг татав
Зэсийн үлэмж нөөцтэй “Камоа-Какула” бүлэг ордын талбайтай зэргэлдээ орших геологи хайгуулын “Western Foreland” төслийг “Айвенхоу Майнз”-аас худалдан авах урьдчилсан хэлэлцээрийг “BHP Group” хийж байгаа мэдээлэл дэлхийн уул уурхайн салбарынхны анхаарлыг татлаа. Хэлэлцээрийн талаар “Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч Роберт Фридланд албан ёсны мэдэгдэл хийгээгүйн зэрэгцээ “BHP Group” зүгээс ч тайлбар өгөөгүй байна. Уул уурхайн хоёр том компани хэлэлцээр хийж буй албан бус мэдээллээр даваа гаригт (2021.09.04) “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны ханш 10%-иар өсчээ.
Дэлхийн кобальтын зах зээлд илүүдэл үүснэ
2022-2024 онд дэлхийн кобальтын үйлдвэрлэлийн нийлүүлэлт зах зээлийн эрэлтийг давна гэж “S&P Global Intelligence” тооцжээ. Цахилгаан машины гол эд анги болох литийн зай хураагуурын үндсэн түүхий эдийн тоонд кобальт ордог. Кобальтын зах зээлд илүүдэл үүсэх шалтгаан нь шинэ төслүүд ашиглалтад орохтой холбоотой аж. Энэ онд кобальтын үнэ дунджаар 50%-иар өсөх таамгийг "Platts” дэвшүүлжээ. Тус агентлагийн судалгаагаар, 2021 онд дэлхийн зах зээл дээр 1.8 мянган тонн кобальтын хомсдолтой байгаа ч 2022 оноос илүүдэл үүсч 2024 он хүртэл үргэлжлэх төлөвтэй.
“Эрдэнэ Ресурс”-ын нэмэлт хувьцааны захиалгын нээлтийн ёслол боллоо
“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” нь үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх зорилгоор нэг бүр нь 815 төгрөгийн үнэтэй нэмэлт үнэт цаас гаргах замаар нийт таван сая ам.доллар буюу 14.25 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн арилжааны захилгыг энэ сарын 4-8-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд хүлээн авч эхэллээ. Энэхүү хувьцаа нь Торонтогийн хөрөнгийн бирж дээр канад доллараар арилжаалагддаг тул валютын ханшийн эрсдлээс хамгаалагдсанаас гадна хоёр биржийн хооронд хөрвөх боломжтой тул хувьцааны хөрвөх чадвар сайтай гэдгээрээ давуу талтай юм.
Рио Тинто: Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй санал нийлэхгүй
Оюутолгой төслийн менежментийг хэрэгжүүлэгч "Рио Тинто" компани далд уурхайн төслийн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа тухай mining.com мэдээлсэн байна.
Наймдугаар сард гарсан Хөндлөнгийн шинжээчдийн тайлангаар, далд уурхайн зардлын хэтэрсэн, хугацаа хойшилсон асуудал нь геотехникийн хүндрэлээс бус, “Рио Тинто”-гийн алдаатай менежментийн улмаас үүдсэн гэж дүгнэсэн юм. Тэгвэл уг дүгнэлтийн хариу болгож "Рио Тинто" компани нь төслийн зураг төслийг дахин шинэчлэхэд хүргэсэн чулуулгийн тогтоц тооцоолсноос сул болж ирсэн нөхцөл байдлын нөлөөллийг тайланд бүрэн авч үзээгүйг Монголын Засгийн газарт илэрхийлжээ.
“Эрдэнэ Ресурс” нэмэлт хувьцааны арилжаагаар 14.2 тэрбум төгрөг босгоно
Баянхонгор аймагт Баян Хөндий алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй Канадын хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани нэмэлт хувьцаа гаргахаар ажиллаж байна. Тодруулбал нэмэлт хувьцааны арилжаагаар нийт 14.25 тэрбум төгрөг (5 сая ам.доллар)-ийн санхүүжилтийг Монголын хөрөнгийн захаас бүрдүүлэхээр төлөвлөжээ.
“China Minmetals”, “Chinalco” корпораци нэгдэнэ
Хятадын төрийн “China Minmetals” нь бүтцэдээ стратегийн өөрчлөлт хийж “Chinalco” корпорацитай хувь эзэмшлээ нэгтгэхээр хэлэлцэж байна. Энэ талаар, газрын ховор металын “China Minmetals”-ийн охин компани “China Minmetals Rare Earth” мэдээлжээ. Шэнзэнийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “China Minmetals Rare Earth” нь толгой корпорацийн бүтцийн шинэчлэлийн тухай тодорхой дурдаагүй аж. Нэгдэх хэлцэл нь Төрийн дээд байгууллагаар зөвшөөрөгдөх ёстой. Тиймээс одоогоор, талууд албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байна.
УУХҮЯ: Гашуунсухайт боомтын чингэлэг тээврийн терминал байгуулж дууслаа
Монгол Улсын нүүрсний экспортын 60 гаруй хувийг хангадаг Гашуунсухайт боомтын чингэлэгт тээврийн терминал байгуулж дууссан талаар УУХҮЯ (2021.09.06)мэдээлэв. Энэхүү бүтээн байгуулалтыг төр - хувийн хэвшлийн түншлсэн юм. Тодруулбал, “Энержи Ресурс” ХХК шуурхай зохион байгуулж, туслан гүйцэтгэгч 17 компанийн нийт 430 орчим хүн хоёр сарын хугацаанд гүйцэтгэн, хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.
Якутын бүс нутагт АЦС барина
ОХУ-ын Дорнын эдийн засгийн форумын үеэр тус улсын БНСаха улсын Дорнын хөгжлийн яам, “Росатом” корпораци хооронд атомын эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрийг үзэглэжээ. Хэлэлцээрт ОХУ-ын Саха улсын тэргүүн А.Николаев, “Алс Дорнодын Арктикийг хөгжлийн сан” нийгэмлэгийн захирал А.Чекунков, “Росатом” корпорацийн Ерөнхий захирал А.Лихачев нар гарын үсэг зуржээ. Энэхүү төслийн хүрээнд, Якутын бүс нутагт бага хүчин чадалтай атомын цахилгаан станц (АЦС) барихаар төлөвлөжээ. Хүчин чадал 55МВт-аас хэтрэхгүй, 60 жил ашиглах цахилгаан станцыг 2028 онд ашигалтад оруулахаар тооцсон аж.
Уул уурхайн хүнд машин механизм үйлдвэрлэлээр дэлхийд эрэмблэгддэг "Гранд Майнинг Экюпмент"
Манай Гранд Майнинг Экюпмент компани нь уул уурхайн хүнд машин механизм үйлдвэрлэлээр Хятадад тэргүүлэгч, дэлхийд 3-рт эрэмблэгдсэн топ компани болох SANY брендийн албан ёсны дистрибютороор сонгогдон амжилттай ажиллаж байгаа бөгөөд SANY нь 1989 онд байгууллагдсан, 90,000 гаруй ажилчидтай, дэлхийн 150 гаруй оронд техник нийлүүлдэг FT Global 500-д бүртгэглсэн Хятад улсын анхны нээлттэй хувьцаат компани юм.
Австралийн литийн томоохон компаниуд нэгдэв
Австралийн литийн “Orocobre” болон “Galaxy Resources” компаниуд нэгдсэн талаар албан ёсоор мэдэгдлээ. Нэгдэх хэлэлцээр өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн юм. Шинэ нэгдэл “Allkem” хэмээх компани болж байна. Тус компани нь литийн үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэнэ. Нэгдэх хэлэлцээрийн нийт дүн 2.9 тэрбум ам.доллар аж. “Allkem” компанийн 54.2%-ийг “Orocobre”, 45.8%-ийг “Galaxy Resources” тус тус эзэмшжээ. Хоёр компанийн гол төслүүд Аргентинд байршдаг. Тухайлбал, “Orocobre” компани нь литийн “Olaroz” ордын төслийг хэрэгжүүлдэг.
ЭТТ бондын хоёр дахь шатны захиалга 117%-иар давж биеллээ
Монголын хөрөнгийн биржийн бүртгэл шивэлтээр 164 тэрбум төгрөг, 13.1 сая ам.долларын захиалга бүртгэгдлээ. Мөн банкуудаас авсан санхүүжитийн бүтцийн өөрчлөлтөөр 70 тэрбум төгрөгийн захиалга авсан. Олон улсын хөрөнгө оруулалтын сангуудаас ирүүлсэн захиалгат үнийн дүнгээр 285 тэрбум төгрөг, 40 сая ам.долларын Бондын захиалга тус тус хийгджээ.
Хятад, Австралийн хамтарсан компани литийн шинэ үйлдвэр нээлээ
Хятадын “Tianqi Lithium”, Австралийн “Independence”-ийн хамтарсан компани Баруун Австрали дахь лити боловсруулах “Kwinana” үйлдвэрийг ашиглалтад оруулж буйгаа мэдэгджээ. Уг хамтрал үйлдвэрийг 2020 онд худалдаж авсан юм. Дэлхийн литийн томоохон ордын нэг “Greenbushes” уурхайгаас түүхий эдийг “Kwinana” үйлдвэрт нийлүүлж байна. Үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн болох литийн гидроксидийн эхний багцыг туршилтаар үйлдвэрлэжээ. Тухайн бүтээгдэхүүн нь литийн цэнэг хураагуурын үйлдвэрлэлд ашиглагддаг. 2022 оны дөрөвдүгээр улирал гэхэд “Kwinana” үйлдвэрийн эхний шат жилийн 24 мянган тонн үйлдвэрлэлийн хүчин чадалд хүрэх аж.
“А Проперти” Элга ордоос татах төмөр замын өртгийг 97.1 тэрбум рублиэр үнэлжээ
Оросын РЖД тэргүүн ээлжээр “Элгауголь” компанийн уурхайгаас жилд 30 сая тонн нүүрсийг 5 жилийн хугацаанд БАМ-ын шугамаар тээвэрлэх тохиолдолд Элга ордоос Охотын тэнгис хүртэл төмөр зам татахад бэлэн гэдгээ тус нүүрсний компанийн удирдлага мэдэгджээ. Ийн мэдэгдэл бүхий албан захидлыг “Элгауголь” компанийн Ерөнхий захирал Александр Исаев ОХУ-ын Зам тээврийн сайдад илгээсэн аж. Элга ордын ойролцоох төмөр замын Улак өртөөг Охотын тэнгисийн эрэг буюу Чумикана тосгонтой холбох 500 км төмөр замыг барьж байгуулах нийт өртгийг 97.1 тэрбум рубль гэж компани тооцоолжээ.
Орос, Казахстан хилийн бүсэд зэсийн төсөл хамтран хэрэгжүүлнэ
ОХУ, Казахстаны Засгийн газар нь хоёр улсын хилийн бүсийн ойролцоо орших зэсийн төслийг хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, Оросын Ерөнхий сайд М.В.Мишустин (2021.08.18) Казахстан улсад албан айлчлал хийх үеэр төслийн баримт бичгийг үзэглэсэн байна. Энэхүү хэлэлцээрт хоёр улсын Эрдэс баялгийн сайд нар гарын үсэг зурсан аж. Хамтран хэрэгжүүлэх зэсийн Тарутины орд нь Оросын Челябинск мужийн нутаг дамнан Казахстаны хилийн бүсэд оршдог байна.
Хятадын гангийн хоёр том үйлдвэрлэгч нэгдэв
Хятадын гангийн хоёр том үйлдвэрлэгч “Ansteel” болон “Ben Gang” компани нэгджээ. Ингэснээр үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэх гангийн үйлдвэрлэгч болох аж. Тус компаниуд нь Хятадын Ляонин мужид гангийн үйлдвэрлэл эрхэлдэг. Олон улсын ган үйлдвэрлэгчдийн ассоциацийн мэдээллээр, 2019 онд “Ansteel” компани 39.2 сая тонн, “Ben Gang” компани 16.18 сая тонн ган тус тус үйлдвэрлэжээ.
“Эрдэнэс Тавантолгой”-н том амбиц
Монголын нүүрсний хамгийн том олборлогч, экспортлогч “Эрдэнэс Тавантолгой” компани цаашид цар хүрээгээ улам өргөтгөхөөр ажиллаж байна. Компанийн орлого 2025 он гэхэд төлөвлөгөө ёсоор 10 их наяд төгрөгөөр хэмжигдэх боломжтой гэж мэдээллээ. Учир нь мөн онд компанийн нүүрс борлуулалтын хэмжээ 47 сая тоннд хүрэх юм. Өөрөөр хэлбэл компанийн орлого ирэх он жилүүдэд “геометрийн прогресс”-оор өснө. 81.5%-ийн төр, 18.44%-ийн иргэдийн эзэмшлийн тус компанийн орлого нэмэгдсэнээр төр болон иргэдэд очих ногдол ашиг өсөн нэмэгдэх сайн талтай.
"Степ Голд” Монголын хөрөнгийн бирж дээр есдүгээр сард хувьцаагаа гаргана
“Степ Голд Лимитед” компанийн хувьцааг Канад, Монголын хөрөнгийн биржүүдийн хооронд хөрвүүлэх боломжийг олгосон гурвалсан гэрээг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Канадын “TSX Trust” байгууллага болон тус компанийн төлөөлөл харилцан байгууллаа. Ингэснээр хоёр биржийн хооронд хувьцаагаа хөрвүүлэх боломжтой төдийгүй Монголын Хөрөнгийн Бирж дээр давхар бүртгүүлсэн хоёр дахь компани болж байна. “Степ Голд” нь Монголын Хөрөнгийн Биржид бүртгүүлж, холбогдох зөвшөөрлүүдээ авснаар хувьцаагаа гаргах ажил дуусах шатандаа орлоо. Ирэх есдүгээр сард хувьцаагаа Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаалахаар төлөвлөн бэлтгэж байна.
BHP: Канадын никелийн “Eagle’s Nest” төслийг хэрэгжүүлнэ
Австралийн уул уурхайн BHP нь Канадын “Noront Resources” компанийг 238 сая ам.доллараар худалдан авах санал тавьжээ. Энэ нь “Wyloo Metals” компанийн саналаас 75%-иар илүү өндөр үнэ аж. “Wyloo Metals”-ийн тухайд Австралийн уул уурхайн магнат Эндрю Форрестын үүсгэн байгуулсан компани бөгөөд тэрээр өмнө нь төмрийн хүдрийн “Fortescue Metals” группын Ерөнхий захирлаар ажиллаж байсан юм.
“Posco”: Цахилгаан машины түүхий эдийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ
Өмнөд Солонгосын “Posco” компани нь никель боловсруулах үйлдвэр байгуулахад 200 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. 2023 онд үйлдвэрлэлээ эхлэх аж. Тус улсын металлургийн “Gwangyang Steel” цогцолборын бүрэлдэхүүнд багтаж байгаа юм. Никель боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнийг цахилгаан машины цэнэг хураагуурын (аккумулятор) үйлдвэрлэлд ашиглах зорилттой. “Posco” болон “South Pacific Mining”(SMSP)-ийн хамтарсан SNCC компани нь Шинэ Каледониа арал дахь никелийн ордод олборлолт явуулж байна. Эндээс түүхий эдийг никель боловсруулах үйлдвэрт нийлүүлэх аж.