Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Хятадад нүүрсний төмөр зам шинээр ашиглалтад оржээ Хятадын Хэбэй муж дахь Хунхуа боомтыг Шандун мужийн Ингкоу боомттой холбосон 216.8 км төмөр зам шинээр (2020.12.26) ашиглалтад оржээ. Энэхүү төмөр зам нь жилд 32 сая тонн нүүрс тээх хүчин чадалтай бөгөөд цаашдаа 47.5 сая тоннд хүргэж нэмэгдүүлэх юм байна. Тонн нүүрсний тээврийн өртөг ойролцоогоор 107 юань байсан бол төмөр замаар 43 юаниар тээвэрлэх боломж бүрдэж, жилд тээврийн зардлаас 170 сая юань (24 сая ам.доллар) хэмнэх тооцоо гарчээ.
Дэлхийн банк : Монгол Улсын эдийн засаг 4.3% өсөх төсөөлөлтэй байна Дэлхийн эдийн засаг 2020 онд 4.3%-иар агшиж, цаашид эргэн сэргэх төлөвтэй байгаа ч цар тахлын нөлөөгөөр өвчлөл, нас баралт үлэмж хэмжээгээр нэмэгдсэнээс гадна сая сая хүн ядууралд өртөж, эдийн засгийн идэвхжил, орлогын сэргэлт багагүй хугацаа шаардахаар байна. Дэлхийн банк “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайлангаа шинэчлэн танилцуулжээ. Ингэхдээ дэлхийн эдийн засаг 2021 онд 4%-иар өсөх боломжтой бөгөөд вакцинжуулалт болон хөрөнгө оруулалт эдийн засгийн сэргэлтэд чухал үүрэгтэйг онцолж байна. Хөгжиж буй орнууд (БНХАУ-ыг оруулснаар)-ын эдийн засаг 2020 онд 2.6%-иар агшсан бол 2021 онд 5%-иар өснө хэмээн үзжээ.
“Mуsteel”: 2021 онд Хятадын гангийн үйлдвэрлэл 2%-иар өснө 2020 онд Хятад улсын гангийн нийт үйлдвэрлэл 5-6%-иар нэмэгдэж 1.05 тэрбум тоннд хүрэв. Агаарын бохирдолтой тэмцэж чанар муутай, бага хүчин чадалтай үйлдвэрүүдийг хаах хүрээнд 2021 онд гангийн үйлдвэрлэлээ бууруулах зорилт тавьжээ. Энэ онд тус улсын XIV таван жилийн төлөвлөгөө эхэлж байна. Тэгвэл төмрийн хүдэр, гангийн үйлдвэрлэлийн зах зээлийн шинжилгээний “Mуsteel” агентлагийн шинжээч Ван Цянхуа “2021-2025 онд дотоодын зах зээлийг өргөжүүлэх нь Хятад улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл байх болно. Энэ нь өргөн хэрэглээний бараа, өндөр технологийн аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд нөлөөлнө. Дэд бүтцийн төслүүд ч үргэлжилнэ. Тиймээс металлургийн салбарт ихээхэн түлхэц үзүүлнэ. 2021 онд Хятадын гангийн үйлдвэрлэл 2%-иар нэмэгдэнэ” гэж таамаглаж байна.
Жо Байден: “Ногоон” металын эрэлтийг өсгөнө АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль (2020.11.03) болж, үр дүнд нь “ногоон” металын ирээдүйг баталгаажууллаа.  Доналд Трамп, аль эсвэл Жо Байден ялах уу гэдэг нь яг тухайн өдөртөө тодорхой болоогүй учир хүмүүс урьдчилсан үр дүнг удтал хүлээсний эцэст дөрөв хоногийн дараа сонссон. Одоогийн байдлаар Байден ялах нь эргэлзээгүй болоод байгаа ч Трамп сонгуулийн дүнг хууль бус хэмээн хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна. Трамп сонгуулийн дүнтэй эвлэрэхгүй байгаа ч арванхоёрдугаар сарын 14-нд сонгуулийн дүнг эцэслэж гаргана. Энэ үеэр мэдээж Ардчилсан намаас нэр дэвшсэн Байдены ялалт албажиж, харин Конгрессын дээд танхим буюу Сенатад түүний өрсөлдөгч нам болох Бүгд Найрамдахчууд олонх болох магадлалтай байна. 
“Сибирийн хүч 1” хоолойгоор 3.84 тэрбум шоо метр хий Хятадад нийлүүлжээ “Сибирийн хүч 1” байгалийн хий дамжуулах хоолойг одоогоос жилийн өмнө (2019.12.02) ашиглалтад оруулж Оросоос анхны бүтээгдэхүүнийг Хятад руу нийлүүлж байсан билээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус хоолойгоор 3.84 тэрбум шоо метр хий экспортолсон тухай Оросын “Газпром” компани мэдээлэв. Гэрээний дагуу арванхоёрдугаар сард Хятадын тал Оросоос авах байгалийн хийн импортоо огцом нэмэгдүүлэх, эсвэл энэ оны үлдсэн нийлүүлэлтийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Орос, Хятадын тал 2014 онд байгуулсан гэрээгээр “Сибирийн хүч 1” хоолойгоор 2020 онд 5 тэрбум, 2021 онд 10 тэрбум, 2022 онд 15 тэрбум шоо метр хий нийлүүлэх хуваарьтай. Хий дамжуулах хоолойг бүрэн хүчин чадалд хүргэхэд Оросын талаас түүхий эдийн нөөц дутмаг гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. 
Канад, Австралийн хамтарсан компани зэс-цайрын төсөл хэрэгжүүлнэ  Канад, Австралийн хамтарсан “Ambler Metals” компани зэс-цайрын ордын “Upper Kobuk Mineral Projects” төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө баталжээ. Канадын “Trilogy Metals”, Австралийн “South32” хамтарсан компанийг 2020 оны хоёрдугаар сард байгуулсан байна. Тухайн үед “Upper Kobuk” ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Trilogy Metals” компани нь төслийг хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчийг хайж байжээ. “Upper Kobuk” орд нь 3.6 сая тонн зэс, 1.36 сая тонн цайр болон 1 сая унц алтны таамаг  нөөцтэй. Гэхдээ ордын алслагдсан байршил, байгалийн хүнд нөхцөл нь төслийн бүтээн байгуулалтын зардлыг ихээхэн нэмэгдүүлж байгаа юм.
“Codelco” компани Эквадор дахь төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байна Чилийн төрийн өмчит “Codelco” компани нь Эквадорын эрх баригчдаас зэсийн “Llurimagua” томоохон төсөлд тус улсын төрийн “Enami EP” компанитай хамтрахад "найрсаг" дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Эквадор дахь зэсийн ихээхэн нөөцтэй “Llurimagua” ордын хайгуулын ажилд 2012 оноос Чилийн компани оролцож ирсэн бөгөөд ойролцоогоор 60 сая ам.доллар зарцуулжээ. 2019 онд “Codelco” болон “Enami EP” компаниуд хамтарсан үйлдвэр байгуулах гэрээг үзэглэж, хамтарсан үйлдвэрийн 51%-ийг Эквадорын тал эзэмшихээр  тохиролцсон байна. Гэвч гэрээний нөхцөлөө зөрчсөн гэж талууд бие биенээ буруутгаснаар энэхүү төслийг хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөө нурсан аж. Түүнчлэн, Эквадорын байгаль орчныг хамгаалах ТББ-ууд “Llurimagua” төслийг хэрэгжүүлэхийн эсрэг байр суурьтай байгаа юм.
“Эливана” уурхайгаас хүдрийг төмөр замаар тээвэрлэхэд бэлэн болжээ “Fortescue Metals” компани нь Баруун Австрали дахь “Эливана” уурхайгаас төмрийн хүдрийн анхны тээвэрлэлтийг төмөр замаар хийхэд бэлэн болжээ. Тодруулбал, арванхоёрдугаар сараас тээврийг эхлүүлэх аж. Нийт 1.25 тэрбум ам.долларын өртөгтэй “Эливана” уурхайн цогцолборт, жилд 30 сая тонн хүдрийг хуурай аргаар баяжуулах үйлдвэр, 143 км төмөр замын төсөл багтаж байгаа юм. Төмөр зам барих ажил 2019 оны долдугаар сараас эхэлж ийнхүү ашиглалтад орж байна. Анх 2018 онд тус компаниас “Эливана” ордыг шинээр хэрэгжүүлэхээр болж, уурхайг 2020 оноос олборлохоор төлөвлөснөө мэдэгдсэн билээ. Ордын ашиглалтын хугацаа 18 жил бөгөөд 60%-ийн төмрийн агуулгатай хүдэр олборлоно. 2021 оны эхний хагаст уурхайн үйл ажиллагаа эхлэх юм.
“First Quantum” компани “Таса Таса” ордын  хайгуулын дүнг танилцуулав   Канадын “First Quantum” компаниас Аргентин дахь зэсийн “Таса Таса” ордын хайгуулын эцсийн үр дүнг танилцуулжээ. Тухайн дүгнэлтээр, эл орд нь 7.7 сая тонн зэс, 5 сая унц алт болон 210 мянган тонн молибдений нөөцтэй аж. Ингэснээр “First Quantum” компанийн нийт зэсийн нөөц 29 сая тонн хүрч, дэлхийд 5 дахь том зэс үйлдвэрлэгч болж байна. Тус компани нь “Таса Таса” ордыг түшиглэн жилд 60 сая тонн хүдэр боловсруулах УБҮ байгуулах юм. Тус үйлдвэрлэлд Панам дахь “Cobre Panama” болон Замби дахь “Sentinel" уурхайн техникүүдийн шийдлийг ашиглахаар төлөвлөжээ.
Simandou ордын төслийг 16 тэрбум доллараар хэрэгжүүлнэ   “Simandou” ордын төмрийн хүдрийг экспортлох зориулалтаар дэд бүтцийг байгуулах олон улсын консорциумыг Гвиней улсын Засгийн газраас баталсан билээ.  Уг дэд бүтцийн төслийн хүрээнд 650 км төмөр зам, гүний усны боомтыг барих аж. Үүнээс төслийн нийт өртөг 16 тэрбум ам.доллар бөгөөд өмнөх тооцооллоос 2 тэрбум ам.доллараар өсчээ. Тус ордын төмрийн хүдрийн 2 тэрбум тонн нөөц бүхий I, II хэсгийг олборлох эрх авсан олон улсын консорциумд Сингапурын тээврийн компани “Winning Shipping”, Хятадын хөнгөн цагааны үйлдвэрлэгч “Shandong Weiqiao”, Гвинейн ложистикийн компани “United Mining Supply (UMS)” багтаж байна. Мэдээж, мөн Гвинейн төр тодорхой хувь эзэмшинэ.
Австрали, Хятадын харилцааны “ан цав” улам гүнзгийрэв Худалдааны томоохон түншүүд Австрали, Хятадын харилцаа худалдааны салбарт улам бүр хүндэрч байна. Тодруулбал, Австралиас зэсийн баяжмал, дарс, дүнз/гуалин, хавч, арвай, элсэн чихэр, нүүрс зэрэг долоон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортлохгүй байх үүрэг даалгаврыг Хятад улс дотоодын компаниуддаа өгсөн тухай хэвлэлүүд мэдээлж байна. Энэхүү шийдвэр өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас (2020.10.30) эхлэн хэрэгжсэн байна. Гэхдээ уг шийдвэр нь албан бус бөгөөд Австрали улсад чиглэсэн бодлого явуулаагүй, зөвхөн холбогдох хууль, дүрмээ баримталж ажиллаж буй тухай Хятадын Гадаад хэргийн яам мэдэгджээ.
Даяаршил баяртай  Шинэ коронавирус  нь дэлхий дахиныг хамарсан цар тахал болж, хүмүүс ажлаа гэрээсээ хийхэд хүрэв. Энэ нь нэг талаас амаргүй хэрэг боловч нөгөө талдаа дижиталчлалын үйл явцыг урьд хожид байгаагүй хурдасгаж  байна. Массачусетсийн Технологийн Институтын профессор Дэвид Автор энэхүү цар тахал, түүнээс үүдсэн эдийн засгийн хямралыг автоматжуулалтыг хурдасгасан үйл явдал гэж тодорхойллоо. Өмнө нь автоматжуулалт, хиймэл оюун ухааны хөгжил хурдацтай явагдах болсон гэж яригдаж байсан бол одоо цар тахлын улмаас энэ үйл явц улам бүр түргэсэх болжээ.  Үүнтэй зэрэгцээд цар тахлын дараа дэлхийн эдийн засгийн тогтолцоо хэрхэн хувирч өөрчлөгдөх тухай асуулт гарч ирж байна. Үүнд шууд хариулахад бэрх ч цар тахлын дараа улс төр, худалдаа – эдийн засгийн тогтолцоонд гарцаагүй өөрчлөлт ирэхийг судлаачид хэлж байна. 
Энэтхэг төмрийн хүдрийн экспортоо Хятад руу хязгаарлана Энэтхэгийн Худалдааны танхимаас дотоодын ган үйлдвэрлэгчдийн түүхий эдийн хомсдлыг бууруулахын тулд төмрийн хүдэр Хятад руу экспортлохыг хориглох асуудлаар тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид хүсэлт тавьжээ.Худалдааны танхимын мэдээлснээр, 2020 оны дөрөвдүгээр сараас есдүгээр сар хүртэл цар тахлын хорио цээрийн дэглэмийн үеэр зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсож, олон ордын тусгай зөвшөөрлийг цуцласнаас Энэтхэгийн төмрийн хүдрийн үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин буурч 47 сая тонн болжээ. Харин энэ хугацаанд эсрэгээрээ төмрийн хүдрийн экспорт 63% -иар өсч 22 сая тоннд хүрсэн байна.
Монголын хүлээлт-“Сибирийн хүч 2” Монголын нутгаар дайруулан байгуулахаар “Сибирийн хүч 2” хоолойн төслийн яриа хэлэлцээр хоёр улсын Засгийн газрын түвшинд өрнөж байна. 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд Москвад хийсэн айлчлалаар Засгийн газар Оросын “Газпром” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэж байсан бол үүнээс хойш талуудын төлөөлөл багтсан Ажлын хэсэг гарч, төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Монгол, Оросын хамтарсан компанийг байгуулав. Дараагийн шатанд “Эрдэнэс Монгол” болон “Газпром” компани хооронд нууцлалын гэрээ байгуулж, харилцан мэдээлэл солилцох, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ажиллана гэдгийг Монголын төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү (2020.09.02) мэдэгдлээ.
БНАКонго улсын кобальт олборлолтод хүний эрх зөрчигдөж байна “Дэлхийн эдийн засгийн чуулган”-аас (World Economic Forum /WEF/) Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь кобальтын олборлолтод хөдөлмөрийн нөхцөл, хүний эрхийг сайжруулах шаардлагатай тухай “Уул уурхайг аюулгүй, шударга болгох нь: БНАКонго дахь гар аргаар кобальт олборлолт” тайлан гаргажээ. Кобальт нь цахилгаан машин болон ухаалаг гар утас, зөөврийн компьютерын зай хураагуурын үйлдвэрлэлд үндсэн чухал түүхий эд болдог. Энэхүү тайланд дурдсанаар дэлхийн кобальтын хэрэглээ 2030 он гэхэд одоогийнхоос 4 дахин нэмэгдэх хандлагатай ажээ. Одоогийн байдлаар дэлхийн нийт кобальтийн нийлүүлэлтийн 70% нь БНАКонго улсад ногдож байна. Харин тус улсын нийт олборлолтын 30 хүртэлх хувь нь бичил уурхайгаас эх үүсвэртэй юм. Гэвч Конго дахь кобальтын бичил уурхайнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн шударга үнэлэмж орхигдох байдал түгээмэл байна. Ийм нөхцөлд дэлхийн кобальтийн нийлүүлэлтийн сүлжээнд олборлолтыг хариуцлагатай болгоход бэрхшээл учрах нь гарцаагүй юм.
SEAISI: Хятадын компаниуд Зүүн өмнөд Азийн гангийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулж байна  “South-East Asia Iron & Steel Institute” (SEAISI) хагас жилийн тайланд, ойрын жилүүдэд Зүүн өмнөд Азийн орнуудад гангийн үйлдвэрлэл огцом нэмэгдэнэ гэж тэмдэглэсэн байна. Учир нь тухайн бүс нутагт төмөрлөгийн үйлдвэрүүд шинээр барих хөрөнгө оруулалт хийгдэж байгаа юм. Тухайлбал, Хятадын “WenAn Steel” компани жилд 10 сая тонн хүчин чадалтай гангийн үйлдвэр Малайзад барихаар төлөвлөжээ. Panhua Group болон HBIS хамтран жилд 8-10 сая тоннын хүчин чадал бүхий төмөрлөгийн үйлдвэр Филиппинд барих зорилттой. Индонзеди гэхэд Хятадын төмөрлөгийн 3 том үйлдвэрийн төсөл байна. Мөн Мьянмар, Камбожид 3-4 сая тонн ган боловсруулах үйлдвэрийг Хятадын талын хөрөнгө оруулалтаар байгуулах төслүүд хэрэгжиж буй. Түүнчлэн, Япон, Өмнөд Солонгосын хамтарсан компани Индонезийн “Krakatau Steel” гангийн үйлдвэрийн өнөөгийн 4.8 сая тонн хүчин чадлыг нэмэгдүүлж 10 сая тоннд хүргэх төслийг боловсруулж байна. Вьетнам дахь төмөрлөгийн үйлдвэрийн барилгын ажил эхэлжээ.
АНУ-ын Засгийн газар Оюутолгойн асуудлаар шалгалт хийж магадгүй Өнгөрсөн ням гаригт (2020.09.06) Оюутолгойн асуудлаар АНУ-ын Холбооны Засгийн газрын агентлаг болох Үнэт цаас, хөрөнгийн биржийн (SEC) хорооноос шалгалт хийж магадгүй тухай мэдээлэл “Financial Times” сонинд нийтлэгдсэн байна. Тодруулбал “Рио Тинто” компани нь Оюутолгой төслийн далд уурхайн геологийн нөхцөл хүндэрсэн тухай 2019 оны долдугаар сард олон нийтэд мэдэгдэхээсээ хавьгүй өмнө уг асуудлыг мэдэж байсныг компанийн хуучин ажилтан Richard Bowley мэдүүлжээ. Түүний энэ тайлбарт үндэслэн SEC шалгалт хийж магадгүй байгаа юм. Richard Bowley-ийн тухайд 2017-2019 онд “Рио Тинто” компанид Стратегийн төслүүд хариуцсан Ерөнхий менежерээр ажиллаж байжээ.
“Vale” компани Хятадад боловсруулах үйлдвэрээ нээжээ  Бразилийн “Vale” компани төмрийн хүдрийн сайн чанарын боловсруулах үйлдвэрийн цогцолборыг Хятадын Жэжиан муж дахь Нинбо боомтод ашиглалтад оруулж байна. Тус үйлдвэрт боловсруулах гол түүхий эдээр Австралийн “Carajas” ордоос төмрийн 65%-ийн агууламжтай IOCJ баяжмалыг нийлүүлэх юм. Боловсруулахад бэлэн GF88 бүтээгдэхүүн нь төмрийн өндөр агууламж, бохирдол багатайгаараа онцлогтой аж. Энэхүү бүтээгдэхүүн нь сайн чанарын төмрийн хорголж үйлдвэрлэхэд ашиглагддаг байна. “Carajas” ордын тухайд, “Vale” компанийн хамгийн том “S11D” төсөл юм. 
“Hebei Iron & Steel” корпораци төмөрлөгийн шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулж байна Хятадын төмөрлөгийн “Hebei Iron & Steel”(HBIS) корпораци нь шинэ үйлдвэрийнхээ барилга угсралтын ажлыг дуусгажээ. Хэбэй мужийн Таншан хотын ойролцоо төмөрлөгийн “Laoting Steel” үйлдвэрийг есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэхүү шинэ үйлдвэр нь жилд 7.47 сая тонн ган, 7.32 сая тонн ширэм боловсруулах хүчин чадалтай. “Laoting Steel” үйлдвэрийг ашиглалтад оруулахтай зэрэгцээд Хэбэй муж дахь “Xuangang” болон “Tanggang” зэрэг гангийн 2 үйлдвэрийг хаах аж. “Tanggang” нь 1943 онд байгуулагдсан бөгөөд Хятадын хамгийн эртний төмөрлөгийн үйлдвэрүүдийн нэг юм.
Хятад Оросын нүүрсний импортоо огцом бууруулжээ Оросын нүүрсний компаниуд болон төмөр замын РЖД нь Хятадын хил дээр экспортын бэрхшээлтэй тулгарч байна. Оросын нүүрс тээвэрлэсэн галт тэрэгний цуваа Хятадын хил дээр “түгжрэл” үүсэхэд хүрчээ. Үүний улмаас РЖД компани нь төмөр замын тус чиглэлд наймдугаар сарын 11-20-ны хооронд нүүрсний экспортын тээврийг  хязгаарласан аж. Оны эхний долоон сарын байдлаар, Оросын дорнод чиглэлд төмөр замаар Хятад руу экспортлох нүүрсний хэмжээ 10.7%-иар буурч 4.9 сая тоннд хүрсэн болохыг РЖД компанийн мэдээлэлд дурдсан байна. 
25 26 27 28 29 30 31