Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого
Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр чингэлэг тээврийн терминалууд байгуулна КОВИД-19 цар тахлын үед экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нүүрс экспортолж буй хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газарт чингэлэг тээврийн терминалууд байгуулахаар боллоо. Хилийн Замын-Үүд, Гашуунсухайт боомтын экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахална.
Оюутолгойн далд уурхайн төсөл дэх хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт ирэх сард гарна Засгийн газрын Ажлын хэсгийн танилцуулгыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго хийх үеэрээ Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа, хэлэлцээрт төдийлөн ахиц гараагүй байгааг дурдлаа.  Мөн Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр буюу 30 орчим хувиар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа даруй 22 сараар хойшилсон шалтгаан нөхцөл байдлыг судалж, дүгнэлт гаргах зорилгоор томилогдсон хөндлөнгийн шинжээчид 2021 оны долдугаар сарын эцсээр дүгнэлтээ гаргахаар ажиллаж байна.
“Эрдэнэс Монгол” орлогоо төрөлжүүлэхээс нааш тогтвортой сан болохгүй Монголын уул уурхайн салбарт томоохон тоглогч болох төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани нь хэтдээ нийт монголчуудад болон төрд ногдол ашиг түгээх зорилготойгоор ажиллаж буй юм. Энэ үүргээ сайтар гүйцэтгэхийн тулд тус компанид ил тод, үр ашигтай ажиллагаа нэн чухлаар тавигдах нь гарцаагүй. Компанийг төр 100% эзэмшдэгээс гадна иргэн бүрт компанийн давуу эрхийн хувьцааг эзэмшүүлсэн байдаг. Энэ ч үүднээс тус компани нь төр, иргэнд ногдол ашиг хуваарилахаар ажиллах үүрэгтэй юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сан байгуулах асуудал тусгалаа олсон. Уг Баялгийн сангийн гол хөрөнгийн эх үүсвэр нь төрийн мэдлийн уул уурхайд түшиглэсэн компаниуд, тэр дундаа “Эрдэнэс Монгол” компанитай салшгүй холбоотой байх нь дамжиггүй.
Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох хуулийн төсөл боловсруулжээ Улсын  тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах  хуулийн  төслийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өргөн барьж буйгаа (2021.05.14) онцоллоо. Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох зайлшгүй шаардлагатай байгааг тэрээр  тодотгоод  хуулийн төсөлд Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Жаргалан сумдын Далтын нуруу, Шаргачин голын ай савыг тусгай хамгаалалтад авахаар тусгасан гэлээ.  Тус бүс нутагт байгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл боловсруулагчид үзжээ.  Эдгээр  нь ураны маргаантай бүс нутаг байж ирсэн юм.
Гашуунсухайт боомтод “Ногоон бүс” түр журмыг нэг сар мөрдөнө Засгийн газрын өнөөдрийн (2021.05.12) хуралдаанаар хилийн бүсэд цар тахлын халдвар гарсантай холбогдуулан Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулах зорилгоор “Ногоон бүс” түр журмыг нэг сар бүрэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын технологийн асуудлаар БНХАУ-ын талтай хэлэлцэн тохирч төмөр замын өртөө, шилжүүлэн ачих байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, тэдгээрийг барих санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх,  Тавантолгой-Зүүнбаян төмөр замын үлдэгдэл санхүүжилтийг ойрын хугацаанд үе шаттай шийдвэрлэж бүтээн байгуулалт хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдүүлэх, хилийн боомтод Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч ажиллуулах саналыг судалж шийдвэрлэхийг холбогдох сайд, албан тушаалтнуудад даалгажээ.
Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийг 2023 онд ашиглалтад оруулна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар “Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр” байгуулах шийдвэр гаргасныг уурхайчдад танилцууллаа. Тус үйлдвэр 2023 онд ашиглалтад орох бөгөөд жилд 30 сая тн нүүрс баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргах юм. Ингэснээр Монгол Улсын уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна гэдгийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.
“Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулна Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2021.05.05) “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулахаар шийдвэрлэв. Энэхүү цогцолборыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байгуулах аж.  Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр”-т олгож байна. Тус үйлдвэр нь 1.8 их наяд төгрөгөөр зэсийн баяжмал хайлах, боловсруулах, Засвар механикийн, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмулсийн тэсрэх бодисын үйлдвэр барина. Төсөл хэрэгжсэнээр эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн орлого олж, 3.9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллан төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар төлнө гэж тооцжээ. 
Х.Нямбаатар: Монголын тал сөрөг нэхэмжлэл гаргасныг Нью-Йоркийн тал шалгаж байна Түр хорооноос өгсөн чиглэл, Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч буюу “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” болон “Туркойс Хилл Ресурсес Лимитед” компанийг арбитрын ажиллагааны оролцогчоор татах хүсэлтийг арбитрын бүрэлдэхүүнд гаргаж, дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд, “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнөөс Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах, мөн “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Оюутолгой төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хээл хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах тухай гэлээ.
2030 оноос цэнгэг усыг уул уурхайн зориулалтаар ашиглахыг хязгаарлана Усны салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан УИХ-ын хаврын ээлжит чуулганы цахим хуралдаанд (2021.04.30) мэдээлэл хийсэн юм. Говийн бүсэд ашигт малтмалын олборлолт эрчимжиж, аж үйлдвэрлэлийн гол түшиц газар болгохоор төлөвлөж байгаа хэдий ч өсөн нэмэгдэх усны хэрэгцээг хангахуйц нөөцгүйн улмаас усны хомстол нүүрлэх, улмаар үйлдвэрлэлийн хүчин чадлыг хязгаарлах нөхцөл байдал үүсч болзошгүй байгааг тэрээр мэдээлэлдээ онцлов. Ялангуяа 2030 он гэхэд цэнгэг усыг уул уурхайн зориулалтаар ашиглахыг хязгаарлах, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг хатуу мөрдүүлэх замаар усны нөөцийг бохирдох, хомстохоос сэргийлэхээр төлөвлөж байгаа аж.
Үндэсний баялгийн болон Хуримтлалын нэгдсэн сангууд байгуулах асуудлаар хуралджээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2021.04.29)Үндэсний баялгийн сан, Хуримтлалын нэгдсэн сангийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн гишүүдтэй зөвлөлдөх уулзалт хийжээ. Уулзалтаар төсөл тус бүрийн Ажлын хэсгийн ахлагч нар төсөл боловсруулалтын ажлын явцын мэдээллийг танилцуулсан байна. Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг дэмжиж төрөлжүүлэх, дэд бүтцэд хөрөнгө оруулж өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх болоод дундаж давхаргыг бий болгох зорилготой Хөгжлийн санг байгуулах талаар УҮХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал танилцуулжээ.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ерөнхий гүйцэтгэгчийг тодруулна Монгол Улсын эрчим хүчний салбарын тулгамдсан асуудал бол эх үүсвэр. Өнөөдөр эрчим хүчний эх үүсвэрийн бүтэц алдагдаад байгаа бөгөөд үүнийг төрөлжүүлэх шаардлага тулгараад буй. Улсын хэмжээнд нүүрсээр ажилладаг станцууд голлодог учраас оргил ачааллын үед ажиллах тохируулгын станцууд, усан станц, хуримтлуурын станцуудыг бий болгох ёстой хэмээн Эрчим хүчний яамныхан үзэж байна. Энэ хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх ажил эхэлж байгааг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх онцолжээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь  90МВт суурилуулсан хүчин чадалтай ажиллаж, жилийн нийт үйлдвэрлэл нь 366 сая.kВт байх бөгөөд  баруун таван  аймгийн хэрэгцээг бүрэн хангаж  эрчим хүчний их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэх юм.  
Тавантолгойн нүүрсний баяжуулах үйлдвэрийг байгуулах ажил III улиралд эхэлнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2021.04.28) “Таван толгойн ордыг ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталсан байна. Тогтоолд Тавантолгойн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтад багтаж буй төслүүд, нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг тус тус  техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлж, гүйцэтгэлийг эрчимжүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгожээ. Тавантолгойн ордын нүүрсийг нэмүү өртөг шингээн баяжуулж, эрдэс баялгийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх замаар ордын үнэ цэнийг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар хураамж орлогыг нэмэгдүүлэхэд энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулах нь чухал болохыг онцолсон байна.
Ерөнхий сайд боомтуудын үйл ажиллагаатай танилцана Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногт хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцахаар төлөвлөжээ. Энэ тухайгаа тэрээр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг (2021.04.26)хүлээн авч уулзах үеэр хэлсэн байна. Тус уулзалтаар Ерөнхий сайд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтэй дөрөвдүгээр сарын 7-ний өдөр утсаар ярьсан ажлууд бодит ажил хэрэг болж байгаад БНХАУ-ын Засгийн газар, ард түмэнд талархаж буйгаа Хятадын Элчин сайдад илэрхийлжээ. 
Оюутолгой төсөлтэй холбогдох татварын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргана Засгийн газрын Ажлын хэсэг хуулийн фирмтэй тогтмол харилцаж, хариу тайлбарыг үндэслэлтэй бэлтгэн эцэслэж байна. Монгол Улсын эрх ашгийг хангуулах, Засгийн газрын байр суурийг хамгаалах зорилгоор гурван асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзэн, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох төрийн байгууллагад сөрөг нэхэмжлэл гаргах эрх олгож, зохих арга хэмжээ авах чиглэл өглөө. Үүнд "Рио Тинто", "Туркойз Хилл Ресурс" компани  гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй, Оюутолгой төсөлтэй холбогдуулж нийтийн албан тушаалтнууд хууль зөрчин, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар гадаадын хөрөнгө оруулагч талд илт давуу байдал олгосон байж болзошгүй асуудал багтаж байна. 
Оюутолгойд 2.3 тэрбумын нэмэлт санхүүжилт авахыг үл дэмжих, Лондоны шүүхэд хариу нэхэмжлэл яаралтай гаргах үүрэг, чиглэл өглөө Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто Интернэшнл Холдингс” компаниудын зүгээс Оюутолгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад зориулан 2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авахаар тохиролцсонтой холбогдуулан Түр хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгөх болон Оюутолгойн гэрээ, байгаль орчин, татварын асуудлаар мэдээлэл сонсох гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав.
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэнэ Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх тухай "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн Ахлах мэргэжилтэн Э.Удвал мэдээлэл өгчээ. Тус хуулийн төслийг Зам тээвэр хөгжлийн яамнаас өнгөрсөн оны тавдугаар сард Засгийн газарт өргөн барьсан байна. Нийт 11 бүлэг бүхий энэхүү хуулийн төсөл батлагдснаар төмөр замын тээврийн сүлжээ, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөдлөх бүрэлдэхүүн чингэлэгтэй холбоотой харилцаа болон бусад олон асуудал хуульчлагдах аж. 
“Оюутолгой”-н хэлэлцээ эхэллээ Оюутолгой төсөлтэй холбоотой хоёр талын хэлэлцээр өнөөдөр (2021.04.12)Төрийн ордонд эхэлж байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг болон хөрөнгө оруулагч тал “Рио Тинто” компанийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөгчид уулзалт хийлээ. Уулзалтаар Оюутолгой төслийн үр өгөөж, хэрэгжилтийг сайжруулах асуудлыг хэлэлцсэн талаар Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цахимаар мэдээлэв.
Ерөнхийлөгч Оюутолгойн арбитрын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах тухай зарлиг гаргав Ерөнхийлөгч Оюутолгойн асуудлаар арбитрт сөрөг нэхэмжлэл гаргах тухай зарлигийн төслийг Засгийн газарт хүргүүллээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр (2021.04.09) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэллээ. Тэрбээр “Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Ард иргэд ээ, Миний бие өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг хүргүүллээ.
“Оюутолгой” компанийн төлсөн татварын өрөөр иргэн бүрт 300 мянган ₮ хуваарилна Засгийн газар ээлжит бусаар хуралдан 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр боллоо. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан иргэн бүрт 300 мянган төгрөгийг дэмжлэг болгож өнөөдрөөс дансанд нь шилжүүлж эхлэхээр шийдвэрлэлээ. Шаардагдах хөрөнгийг Оюутолгой компанийн төлсөн татварын өр болох нэг их наяд гаруй төгрөгөөс гаргах юм. 
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг хоёрдугаар улирлаас барьж эхэлнэ Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /салбар төмөр зам, ачих байгууламж/-ийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг нь боловсруулан баталгаажуулж, хоёрдугаар улиралд багтаан барьж эхэлнэ. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил нэвтрэх цэг, шилжүүлэн ачих байгууламж барих талаар хятадын талтай энэ сард харилцан тохиролцох, боомттой холбоотой асуудлыг “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т энэ онд нэмэлтээр тусгахыг холбогдох сайд нарт даалгахаар Засгийн газрын ээлжит (2021.04.07) хуралдаанаар шийдвэрлэлээ.
4 5 6 7 8 9 10