Зах зээл
Эрдсийн зах 2022 онд өсөлтөө хадгална
Эрдсийн зах зээлийн хувьд 2021 он томоохон өсөлтийн жил байсан бол энэ онд түүхий эдийн ханш өмнөх он шиг огцом дээшлэхгүй болов уу гэсэн таамгийг шинжээчдийн зүгээс өгч байна. Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, өсөлтийн нөлөөгөөр үнийн түвшин огцом буурахгүй, тогтвортой хадгалагдах болов уу гэсэн хүлээлт байна. Гэхдээ он гарсаар эрдсийн ханшийн үзүүлэлт өсөлттэй гарч байна. Цаашлаад энэ онд ганцхан макро түвшний хүчин зүйлсээс гадна нийлүүлэлтийн шинж чанартай үзэгдэл ханшийн өсөлтөд голлох нөлөө үзүүлэхээр байна. Он гарсаар лити, никелийн ханш нийлүүлэлтийн хумигдмал байдлаас үүдэн огцом өсөлт үзүүллээ. Ингээд Монгол улсын экспортын зарим эрдсийн зах зээлийн төлөв байдлыг хүргэе.
Брэнт газрын тосны ханш 119.78 доллар/баррель болж өсөв
Брэнт газрын тосны ханш 2012 оны дөрөвдүгээр сараас хойших дээд хэмжээнд хүрч өсөөд байгаа бөгөөд одоогийн байдлаар нэг баррель нь 119.78 ам.доллартай тэнцжээ. Орос, Украины хооронд үүссэн мөргөлдөөний улмаас барууны орнууд хориг арга хэмжээ авах болсон нь газрын тосны томоохон олборлогч хойд хөршийн нефть экспортод томоохон цохилт болно гэж шинжээчид үзэж байна. ОХУ нь газрын тосны экспортоор дэлхийд дээрээсээ хоёрт ордог.
Австралийн эрчим хүчний нүүрсний үнэ 440 ам.доллар/тонн болж түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
Австралийн Newcastle боомтоор худалдаалагддаг сайн чанарын эрчим хүчний нүүрсний ханш тонн тутамдаа 440 ам.доллар (2022.03.02) болж өсөөд байна. Ингэснээр өмнөх оны гуравдугаар сарын түвшнээс 357%-иар өссөн дүн боллоо. Ийнхүү эрчим хүчний нүүрсний ханш өсч байгаа нь ОХУ, Украины хооронд үүсээд буй мөргөлдөөний улмаас эрчим хүчний хямрал даамжирч болзошгүй байгаатай холбоотой. ОХУ нь дэлхийн зах зээл дэх эрчим хүчний нүүрсний экспортын 17%-ийг эзэлдэг байна.
Чилийн олборлолт буурснаар зэсийн ханш 2.9%-иар өсөв
Дэлхийн зэсийн хамгийн том нийлүүлэгч Чили улсын зэсийн олборлолт өнгөрсөн нэгдүгээр сард 2011 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн байна. Тодруулбал өнгөрсөн нэгдүгээр сард тус улсын зэс олборлолт 429.9 мянган тоннд хүрсэн нь өмнөх сарынхаасаа 15%-иар, өмнөх оны мөн үеийнхээс 7.5%-иар тус тус буурсныг Чилийн стастикийн газар даваа гаригт мэдээлжээ.
ОХУ-д тавьсан хориг металын зах зээлд “халалт” үүсгэж эхлэв
ОХУ, Украины хооронд үүсээд буй хурцадмал байдлаас үүдэн металын ханш аль хэдийнэ огцом өсч эхэллээ. Хөнгөн цагааны хомсдол нүүрлэх болгоомжлол нэмэгдэж ханш өчигдрийн байдлаар тонн тутамдаа 3420 ам.долларт хүрсэн нь түүхэн дээд хэмжээг шинэчлэн тогтоосон явдал болж байна. Мөн никелийн ханш тонн тутамдаа ганцхан өдрийн дотор 780 ам.доллар буюу 3.1%-иар өсч 25650 ам.долларт хүрчээ.
ОХУ-ын Донецк, Лугансктай холбоотой шийдвэрийн дараа алт, газрын тосны ханш өсөв
ОХУ Украины зүүн захад орших хоёр бүс нутаг, өөрийгөө зарлан тунхагласан Бүгд найрамдах Донецк болон Луганск Ард Улсын тусгаар тогтнолыг өчигдөр хүлээн зөвшөөрч, улмаар энхийг сахиулагчдыг нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ. Уг шийдвэрийн дараа голлох биржүүдийн индекс буурч, эсрэгээр алт болон газрын тосны ханш өсөх хандлагатай болж байна. S&P500, Nasdaq, Nikkei, Hang Seng зэрэг томоохон биржүүдийн голлох индекс бүгд бууралттай гарчээ.
Газрын тосны ханш 2014 оноос хойших дээд үзүүлэлтэд хүрэв
Дэлхийн зах зээлд Брэнт маркийн газрын тосны ханш үргэлжлэн өсч баррель тутамдаа 96.78 ам.долларт хүрсэн (2022.02.14) байна. Энэ нь газрын тосны ханшийн хувьд 2014 оноос хойших дээд үзүүлэлт бөгөөд он гарсаар ханш 20 гаруй хувиар өссөнийг илтгэнэ. Харин өнөөдрийн байдлаар Брэнт тосны ханш ялимгүй буурч 95.8 ам.доллар/баррель болоод байна. Газрын тосны томоохон олборлогч ОХУ болон Украины хооронд мөргөлдөөн үүсч болзошгүй гэсэн болгоомжлолоос үүдэлтэйгээр ийнхүү зах зээлд ханш өссөөр байна.
Зэсийн ханш 10200 доллар давж өслөө
Лондоны металын бирж дээр зэсийн ханш тонн тутамдаа 10220.5 ам.долларт хүрч (2022.02.10) өслөө. Тодруулбал өчигдөр ганцхан өдрийн дотор зэсийн ханш тус бирж дээр 3.4%-иар нэмэгджээ. Ингэснээр зэсийн ханш өнгөрсөн аравдугаар сараас хойших дээд хэмжээнд хүрлээ. Мөн Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр зэсийн ханш өчигдөр 10380 ам.доллар/тонн-д хүрч өсчээ.
Хятад улс нүүрсний ханшийг тогтворжуулахад анхаарна
Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо болон Үндэсний эрчим хүчний газар хуралдаж, цаашид нүүрсний ханшийг тогтвортой барих тухай уулзалт хийсэн (2022.02.10) байна. Тус улсад уурхайн аман дээрээс борлуулах эрчим хүчний нүүрсний ханшийг (5500 ккал илчлэгтэй) тонн тутамд нь 700 юань (110 ам.доллар)-д барихаар төлөвлөж байна. Харин эргийн боомтууд дээр 900 юань/тонн-оос дээшгүй байхаар уулзалтаар хэлэлцжээ. Уг уулзалтад нүүрс олборлолтын гол бүс нутаг болох Шанси, Шэнси, Өвөрмонгол зэрэг мужийн эрчим хүчний газрын төлөөллүүд болон China Energy Investment, China Coal Energy, Hebei Port Group –ийн удирдлагууд оролцжээ.
Дэлхийн алтны эрэлт хоёр жилийн дээд үзүүлэлтэд хүрэв
Дэлхийн алтны зөвлөл 2021 оны хэмжээнд алтны салбарын үзүүлэлтийг илтгэсэн "Алтны эрэлтийн хандлага" тайланг танилцуулсан байна. Уг тайланд өгүүлснээр өнгөрсөн онд алтны эрэлт 4021 тоннд хүрч өсчээ. 2020 оны хувьд цар тахлын нөлөөгөөр эрэлт 14%-иар буурч 3760 орчим тоннд хүрсэн нь 2009 оноос хойших доод хэмжээ байсан билээ. Ийнхүү 2021 онд нийт эрэлт 4000 тоннын шугамыг давснаар цар тахлаас үүдэн гарсан байсан бууралтыг харьцангуй нөхөж чадсаныг тус байгууллага онцолжээ. Гэхдээ 2019 онд алтны нийт эрэлт 4355.7 тоннд хүрч байсан юм.
Оросын байгалийн хий газрын тосноос илүү эрэлттэй
Оросын байгалийн хийн экспортын орлого 2021 оны дөрөвдүгээр улиралд 18.5 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа газрын тосны экспортын орлогоос давсан үзүүлэлт боллоо хэмээн тус улсын Төв банк мэдээлснийг "Интерфакс"-т эш татан бичсэн байна.
Брэнт газрын тосны ханш 86 доллар хүрч өсөв
Брэнт маркийн газрын тосны ханш өнөөдрийн (2022.01.17) байдлаар 86.47 ам.доллар/баррель болж өсөөд байна. Энэ нь сүүлийн гурван жил гаруй хугацаан дахь хамгийн дээд ханшид тооцогдоно. Зах зээлд голлох олборлогч орнуудын нийлүүлэлт дорвитой хэмжээгээр нэмэгдэхгүй болов уу гэсэн таамаг давамгайлсан нь үнэ өсөх гол шалтгаан болж байна. Нөгөөтэйгүүр цар тахлын шинэ хувилбарын тархалт газрын тосны эрэлтэд төдийлөн нөлөөлөхгүй гэж ОПЕК тооцоолсон байна. Цар тахлын шинэ хувилбарын болгоомжлол намжиж, улс орнуудад хязгаарлалтууд цуцлагдаж, зэрэгцээд газрын тосны нийлүүлэлт бага байх аваас ханш олон жилийн дээд түвшинд хүрч болзошгүйг шинжээчид сануулж байна.
Хятадын нүүрсний импорт 2021 онд 6.6%-иар өсөв
Дэлхийн нүүрсний хамгийн том худалдан авагч Хятадын нүүрсний импорт арванхоёрдугаар сард 30.95 сая тоннд хүрсэн нь өмнөх сарынхаасаа 11.7%-иар буурсан дүнтэй гарлаа. Энэ тухай тус улсын Гаалийн ерөнхий газар өнөөдөр (2022.01.14) мэдээлсэн байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард тус улсын нүүрсний импорт 35.05 сая тоннд хүрч өссөн. Өмнөх 2020 оны арванхоёрдугаар сард тус улсын нүүрсний импорт 39.08 сая тоннд хүрч нэмэгдэж байсан нь тухайн үед Хятадын Засгийн газар импортын хязгаарлалтыг сулруулж цахилгаан станцуудыг ахиухан нөөц базаах боломжоор хангаж байсан гэж хэлж болно.
Хятадын зах зээлд коксжих нүүрс, төмрийн хүдрийн ханш өсөв
Хятадын Далианы түүхий эдийн бирж дээр нэг тонн коксжих нүүрсний ханш 2.1%-иар өсч тонн тутамдаа 2310 юань буюу 363 ам.долларт хүрсэн (2022.01.12) байна. Энэ нь Цагаан сарын баярын өмнө гангийн үйлдвэрүүд агуулах дахь нөөцөө нэмэгдүүлэх бодлого барьж байгаа төдийгүй үйлдвэрлэлийн эрчим нэмэгдсэнтэй холбоотой. Нөгөөтэйгүүр зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлт харьцангуй хомс байгаагаас үүдэлтэй юм. Цар тахлын нөлөөгөөр Хятадад тээврийн нөхцөл хүндэрч, удааширсны сацуу уурхайн гарц ч буурах болжээ.
БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өсч эхэллээ
Дэлхийн нүүрсний томоохон хэрэглэгч БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өнгөрсөн оны 1-10 дугаар сард өмнөх оны мөн үеэс 31.6% буурч, 47.2 сая тоннд хүрсэн гэж Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд дурджээ. Өнгөрсөн оны буюу 2021 оны эхний есөн сард Хятадын хувьд Австралиас коксжих нүүрс бараг импортлоогүй төдийгүй Монголын нүүрсний нийлүүлэлт тасалдсан нь үүнд нөлөөлсөн гэж “Mysteel Global”-д онцолжээ. Хэдийгээр урд хөрш мөн хугацаанд АНУ, Канад, ОХУ-аас импортлох нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлсэн ч хүчтэй нөлөө үзүүлж чадаагүй байна.
Ганцмод боомтоор он гарсаар өдөрт нүүрсний 93 машин нэвтэрч байна
Монголын нүүрсний экспортын гол суваг болсон Гашуунсухайт-Ганцмод боомтын нэвтрэлт өнгөрсөн 2021 оны дөрөвдүгээр сараас хойших доод хэмжээнд хүрсэн тухай "Фэнвэй Энержи" мэдээллээ. Тус байгууллагын мэдээлснээр, он гарсаар буюу нэгдүгээр сарын 8-ныг хүртэлх хугацаанд өдөрт дунджаар нүүрс тээврийн 93 машин тус боомтоор нэвтэрчээ. Нэгдүгээр сарын 4-нд тус боомтоор 94 машин нэвтэрсэн бол 5-нд ердөө 58 машин гарчээ.
Зэсийн ханш АНУ-ын төв банк бодлогын хүүгээ өсгөх сургаар буурч эхэллээ
АНУ-ын төв банк бодлогын хүүгээ тооцоолсноос хурдан буюу ирэх гуравдугаар сард өсгөж болзошгүй тухай мэдээлэл гарсны дараа зэсийн ханш буурах шинжтэй болж ирлээ. Зэсийн ханш Лондоны металын бирж дээр нэгдүгээр сарын 5-ны байдлаар 9778 ам.доллар/тонн-ын ханштайгаар хаагдсан бол өчигдрийн байдлаар 9565 ам.доллар/тонн болсон нь 2.2%-иар буурсан гэсэн үг.
ОХУ-д шатахууны үнэ 8-10% өсч магадгүй
ОХУ-д шатахууны үнэ 2022 онд 8-10% буюу литр тутамд 5 орчим рублиэр нэмэгдэж магадгүй гэж "Известия"-д бичжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь инфляцийн өсөлтөөс гадна бизнесийн зардал нэмэгдсэнтэй холбоотой юм. Түүнчлэн өсөн нэмэгдэж буй эрэлт, онцгой албан татвар нэмэгдсэн зэрэг нь үнэ нэмэгдэх нөхцөлийг бий болгож байгаа ажээ.
Индонез нүүрсний экспортын хоригоо эргэн харж магадгүй
Дэлхийн эрчим хүчний нүүрсний хамгийн том экспортлогч Индонез улс энэ оны нэгдүгээр сарыг дуустал нүүрсний экспортод хориг тавих тухай (2021.12.31) зарласан билээ. Энэ нь дотоодын эрчим хүчний нүүрсний нийлүүлэлтийг баталгаажуулах зорилготой байв. Уг шийдвэрийг дотоодын олборлогчид нэлээд шүүмжлэлтэй хүлээж авсан. Учир нь тус улсын хилийн чанад дахь худалдан авагчдын дунд “найдвартай нийлүүлэгч” гэсэн нэр хүндийг нь унагасан үйлдэл болно гэж анхааруулжээ. Тэгвэл уг шийдвэрийг эргэн хянах уулзалт өнөөдөр (2022.01.06) болох юм байна. Зах зээлийн тоглогчид уг уулзалтын үр дүнг анхааралтай ажиглаж сууна. Хориг заавал нэг сар үргэлжлэхгүй байж мэдэх тухай таамгийг хэд хэдэн шинжээч өгч байна.
Цагаан алтны үнэ 2022 онд буурна
Сүүлийн жилүүдэд эрэлт нь нэмэгдэж байсан цагаан алтны (платинум) үнэ 2022 онд буурах магадлалтай байна гэж Дэлхийн Платинум хөрөнгө оруулалтын зөвлөл (WPIC)-ийн тайланд онцолжээ. Энэ нь автомашины катализаторт ашигладаг уг үнэт металлын илүүдэлтэй холбоотой ажээ.