Ертөнц
Хятадын эдийн засаг 8.1%-иар өслөө
Хэдийгээр цар тахлын нөлөө их байсан ч 2021 онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 8.1%-иар нэмэгдсэнийг тус улсын Үндэсний статистикийн газраас мэдээллээ. 2021 онд Хятадын эдийн засгийн эргэлтийн хэмжээ 114 их наяд юань буюу 18 их наяд ам.доллар давжээ. Аж үйлдвэрийн салбар 8.2%-иар буюу 7.1 их наяд ам.доллар, хөдөө аж ахуйн салбар 7.1%-иар өсч, 1.3 их наяд орчим ам.долларт хүрч, үйлчилгээний салбар 8.2 хувиар (9.59 их наяд ам. доллар болж) өссөн байна.
Хятад Цагаан сараар нефтийн нөөцөөсөө хэрэглэнэ
Нефтийн дэлхийн зах зээлийн үнийг бууруулахын тулд АНУ бусад томоохон хэрэглэгчидтэй хамтран ажиллаж байгаа билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Стратегийн нефтийн нөөцөөс чөлөөлөгдөх” боломжийн талаар олон улстай хэлэлцээ хийж байгаа нь үр дүнтэй байна. Энэ төлөвлөгөөний хүрээнд БНХАУ үндэсний стратегийн нөөцдөө байгаа түүхий нефтийг Цагаан сарын баяраар ашиглахаар тохиролцсон тухай Reuters агентлаг мэдээллээ.
Польш улс Оросын газрын тосноос татгалзахаар шийджээ
Оросын түүхий эдээс олон жил хараат байсан Польшийн нефтийн зах зээлд ойрын хугацаанд томоохон өөрчлөлт гарах гэж байна. Үүний шалтгаан нь Польшийн “Orlen” компанийн Саудын Арабын газрын тосны “Saudi Aramco” компанитай байгуулсан гэрээтэй холбоотой гэж “Коммерсант”-д бичжээ.
Казахстан уран, газрын тос зэрэг ашигт малтмалд шинээр татвар ногдуулна
Уран, зэс, төмрийн хүдэр, цайр зэрэг ашигт малтмалд нэмэлт татвар ногдуулах, мөн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийн ашгийн тодорхой хэсгийг авч байх саналыг Казахстаны Эдийн засгийн хөгжлийн сайд Алибек Куантыров Засгийн газрын хуралдаандаа өчигдөр /2022.01.12/ танилцуулсныг "Курсив" сонин мэдээллээ.
ОХУ-ын эрчим хүчний экспорт 2.3 дахин өсчээ
Олон улсын эрчим хүчний зах зээлийн томоохон тоглогчдын нэг ОХУ-ын эрчим хүчний экспорт 2020 онтой харьцуулахад өнгөрсөн онд 2.3 дахин өсчээ. “Известия” сонинд бичсэнээр тус улс 2021 оны арванхоёрдугаар сард л гэхэд 2.7 тэрбум кВт эрчим хүч экспортолсон байна.
Европын холбоо байгалийн хий, цөмийн эрчим хүчийг “ногоон” ангилалд оруулна
Европын холбоо байгалийн хий, цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг тодорхой нөхцөл хангасан тохиолдолд "ногоон" ангилалд оруулах тухай саналыг урьдчилсан байдлаар (2021.12.31) танилцууллаа. Европын холбоо ногоон хөрөнгө оруулалтын жагсаалтыг боловсруулж гаргасан байдаг ч эдгээр хоёр эх үүсвэрийг нэмж оруулах асуудал эцэслэгдээгүй байгаа юм. Байгалийн хий, цөмийн эрчим хүчний эх үүсвэр нь бүрэн "ногоон" ангилалд ордоггүй ч нүүрсний станцыг халах шилжилтийн хувилбар байх болно гэсэн санааг Европын Комисс дэвшүүлжээ. Тус саналыг боловсруулан энэ сарын сүүлээр эцсийн хувилбарыг танилцуулахаар зэхэж байна. Хэрэв саналыг Европын дийлэнх улс орон дэмжин баталбал 2023 оноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.
IEA: Нүүрсний цахилгаан үйлдвэрлэл 2021 онд дээд түвшинд хүрнэ
Олон улсын эрчим хүчний агентлаг арванхоёрдугаар сарын 17-нд гаргасан "Нүүрс 2021" тайланд дурдсанаар энэ онд нүүрсний цахилгаан үйлдвэрлэл өнгөрсөн онтой харьцуулахад 9%-иар өсөхөөр байгаа юм. Ингэснээр нүүрснээс эх үүсвэртэй цахилгаан үйлдвэрлэлийн хэмжээ дээд хэмжээнд буюу 10350 Тераватт.цаг-т хүрэхээр байгаа ажээ (мянган гегаватт.цаг нь нэг тераватт.цаг-тай тэнцдэг). Гэхдээ дэлхийн нийт цахилгаан үйлдвэрлэлд эзлэх нүүрсний генераторын хэмжээ 36%-д хүрэхээр байгаа нь 2007 оны оргил түвшнээс 5%-иар доогуур үзүүлэлт болохыг тэмдэглэжээ.
Fortescue Metals 2040 онд нийлүүлэлтийн сүлжээн дэх хүлэмжийн хийн ялгаруулалтаа бүрэн арилгах амлалт өгөв
Австралийн төмрийн хүдрийн дөрөв дэх томоохон компани “Fortescue Metals Group” үйл ажиллагааны хүрээн дэх шууд болон шууд бус (scope/хамрах хүрээ 1 болон 2) хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2040 он гэхэд арилгах амлалт өнгөрсөн онд өгсөн байсан юм. Улмаар энэ оны гуравдугаар сард уг хугацааны товыг 2030 он болгож наашлуулсан. Энэ нь “Рио Тинто”, “BHP”, “Вале” зэрэг томоохон компаниудаас даруй 20 жилээр эрт зорилтдоо хүрнэ гэсэн үг. Гэхдээ үүнд нийлүүлэлтийн сүлжээн дэх хүлэмжийн хийн ялгаруулалт буюу үйл ажиллагаанд хамааралгүй хэсгийг (scope/хамрах хүрээ 3) бууруулах амлалт багтаагүй байсан юм. Тэгвэл тус компани аравдугаар сарын 5-нд уг амлалтыг 2040 он гэхэд биелүүлэхээ мэдэгджээ. Ингэснээр тус компани хүлэмжийн хийн ялгаруулалтаа бүрэн хэмжээгээр бууруулах зорилтыг хамгийн эрт биелүүлэх олборлогч компаниар тодорч байна.
ОХУ-ын коксжих нүүрсний экспорт есдүгээр сард 13.7%-иар буурлаа
ОХУ-ын коксжих нүүрсний экспорт өнгөрсөн есдүгээр сард 3.58 сая тоннд хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 16.6%-иар өссөн бол сарын өмнөхөөсөө 13.7%-иар буурсан байна. Үүний 1.28 сая тонныг Хятад руу экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 85.6%-иар өссөн тухай “Фэнвэй Энержи” мэдээллээ. Оны эхний есөн сарын байдлаар Хятад улс ОХУ-аас нийт 7.75 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 77.4%-иар өссөн дүн болохыг Хятадын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ.
Малмыж ордыг ашигласнаар Оросын зэсийн үйлдвэрлэл 30% нэмэгдэнэ
Монголын зүүн хойхнотой Оросын Хабаровск мужид Малмыжийн зэсийн ордыг ашиглах бүтээн байгуулалт ид өрнөж байна. ОХУ-ын Баялгийн зөвлөл тус ордын нөөцийг энэ намар 8,32 сая тонн зэс, 347 тонн алт хэмээн нэмэгдүүлэн тогтоосон. Ингэснээр тус ордыг “Русская медная компания” /РМК/ 2018 онд худалдан авсан үеийнхээс нөөц нь 60% нэмэгдэж байгаа юм. Малмыжийн ордын бүтээн байгуулалтад РМК 2018 оноос хойш 2021 оны аравдугаар сар хүртэл 62 тэрбум рубль зарцуулаад байгааг тус компанийн дэд захирал Дмитрий Говоров есдүгээр сард болсон Дорнын Эдийн засгийн форумын үеэр мэдэгдэж байсан.
Перугийн уул уурхайн хөрөнгө оруулалтын нэр хүнд эрсдэлд оров
Дэлхийн зэсийн олборлолтоор эхнээсээ хоёрдугаарт орох Перу улсын төв банкны Ерөнхийлөгч Жулио Веларде сүүлийн саруудад томоохон уурхайнуудын эргэн тойронд өрнөж буй эсэргүүцэл тэмцэлтэй холбоотой мэдэгдэл /2021.11.02/ гаргалаа. Саяхан тус улсын томоохон зэсийн уурхай Антамина-ийн үйл ажиллагааг нутгийн иргэд зогсоогоод (2021.10.31) байсан юм. Иймэрхүү эсэргүүцлийн хөдөлгөөн нь тус улсын уул уурхайн хөрөнгө оруулалтын таатай бүс нутаг гэсэн дүр төрхөд эрсдэл үүсгэж байгаа ажээ. Тэрбээр “Эсэргүүцлийн үйл ажиллагааг зөвтгөх аргагүй, салбарт эмх замбараатай байдлыг эрх баригчид дахин тогтоохыг дэмжиж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
“Credit Suisse”: Хятадын гангийн эрэлт оны эцсээр буурах төлөвтэй
“Credit Suisse” банк долоо хоног тутмын “Metals & Mining Weekly” тайлангаа танилцуулжээ. Дэлхийн зах зээлийн метал, ашигт малтмалын нөхцөл байдлыг судалдаг энэхүү тайланд Хятад улсын барилгын салбар, төмрийн хүдрийн эрэлтийг онцолсон байна. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр улиралд Хятад улсын гангийн эрэлт сул байх төлөвтэй. Үүнд, үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд тавих Бээжингийн хязгаарлалтын бодлого, “Evergrande” компанийн санхүүгийн хүндрэл, тус улсын эрчим хүчний хомсдлын улмаас аж үйлдвэрлэл хязгаарлагдах зэргээр нөлөөлж болзошгүй аж.
“Evergrande”-ийн санхүүгийн хүндрэл улам гүнзгийрэх төлөвтэй
БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн “Evergrande” групп нь 2024 онд барагдуулах бондын 9.5%-ийн хүүгийн төлбөр 45.2 сая ам.долларыг өнгөрсөн лхагва гаригт (2021.09.29) төлөх үүрэгтэй байсан. Уг тогтсон хугацаанд төлбөрөө төлөөгүйг тус группын хувьцаа эзэмшигчид мэдэгдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Үүнээс өмнө есдүгээр сарын 23-нд дуусгавар болсон хүүгийн 83.5 сая долларын төлбөрийг мөн төлөөгүй талаараа “Evergrande” групп олон нийтэд тайлбар хийгээгүй аж. Хуулиар 30 хоногийн хугацаанд хүүгээ төлөөгүй бол дефолт зарлана.
Австрали стратегийн металын салбарт 1.5 тэрбум долларын зээл олгоно
Австрали улс стратегийн чухал эрдэс түүхий эдийн олборлолтын төслүүдэд 1.5 тэрбум ам.долларын зээл олгох талаар тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон (2021.09.28) мэдэгджээ. Лити, газрын ховор элементийн төслүүд нь олборлолт, боловсруулалтын хувьд илүү төвөгтэй байдгаас санхүүжилт олоход амаргүйд тооцогддог. Иймээс тус улсын Засгийн газар ногоон металуудын төсөлд зориулж санхүүжилт бүрдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эхний найман сард Хятад 30.74 сая тонн коксжих нүүрс импортолжээ
Наймдугаар сард, Хятад улс 4.68 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Энэ нь өмнөх долдугаар сарынхаас 24.14% өссөн үзүүлэлт юм. Гэлээ ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.7%-иар буурсан байна. Эхний найман сард тус улсын импортолсон коксжих нүүрсний нийт хэмжээ 30.74 сая тонн байгаа юм. 2020 оны мөн үеийнхээс 41.6%-ийн бууралттай байна.
“Bank of China”: Аравдугаар сараас эхлэн нүүрсний төсөл санхүүжүүлэхгүй
Аравдугаар сараас эхлэн Хятадын “Bank of China” банк нь нүүрсний олборлолт болон эрчим хүчний төслүүдийг шинээр санхүүжүүлэхгүй болсноо мэдэгджээ. Энэхүү шийдвэр нь тус улсын дарга Си Жинпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган (2021.09.21) дээр Хятад улс хилийн чанадад нүүрсний цахилгаан станц байгуулах төсөл хэрэгжүүлэхгүй бөгөөд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бусад улс орнуудтай нэгдэх тухай мэдэгдэлтэй холбоотой аж. “Bank of China” нь 1 их юанийн (154.7 тэрбум ам.доллар) санхүүжилтийг “ногоон” салбарт зарцуулах ба 2021-2025 онд XIV таван жилийн төлөвлөгөөний хугацаанд жил бүр “ногоон” зээлийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн “ногоон” технологийг дэмжих зээлийг түлхүү олгохоор болжээ.
“China Evergrande”-ийн мэдэгдэл төмрийн хүдрийн ханш өсөхөд нөлөөлөв
Дэлхий дахины анхаарлын төвд буй Хятадын үл хөдлөх хөрөнгийн “China Evergrande” групп нь хувьцаа эзэмшигчтэй тохиролцоонд хүрсэн талаар (2021.09.23) мэдэгдсэнээр төмрийн хүдрийн ханш ялимгүй өсөхөд нөлөөллөө. Өчигдрийн байдлаар, Даляны түүхий эдийн бирж дээр тонн тутамдаа төмрийн хүдрийн ханш 120 орчим ам.доллар байна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь том компани дампуурах тухай мэдээлэлтэй холбоотой даваа гаригт (2021.09.20) төмрийн хүдрийн ханш 100 ам.доллараас доош орж буурсан юм. Өнгөрсөн тавдугаар сард 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ 218.38 ам.доллар хүрч түүхэн дээд амжилт тогтоосон билээ.
Дэлхийн хэмжээнд 1.32 тэрбум тонн ган үйлдвэрлэжээ
“Worldsteel”-ийн мэдээллээр, оны эхний найман сард дэлхийн хэмжээнд нэг тэрбум 321 сая тонн ган үйлдвэрлэжээ. Өнгөрсөн оны мөн үетэй (нэг тэрбум 195 сая тонн) харьцуулахад 10.62%-иар нэмэгдсэн байна. Мөн хугацаанд 733.02 сая тонн (5.28%-ийн өсөлт)ган үйлдвэрлэсэн хэмжээгээр БНХАУ тэргүүлж буй. Тус улс нь дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 55%-ийг бүрдүүлж байна.
Хятадын зэсийн импорт буурсаар байна
Хятад улс наймдугаар сард 394 мянган тонн зэс импортолсныг тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээлжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Хятадын зэсийн импорт 41%-иар буурч, 2019 оноос хойших хамгийн бага үзүүлэлтээр тооцогдож байна. Энэ оны эхний найман сард нийт 3.6 сая тонн зэс хилийн чанадаас худалдан авсан нь 2020 оны мөн үеийнхээс 15.3%-ийн буурсан аж. 2020 оны аравдугаар сард Хятадын зэсийн импорт оргил хэмжээндээ хүрсэн бөгөөд тухайн үеэс тус улсын зэсийн импорт буурч иржээ. Хятад улсын дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж буй нь тодорхой хэмжээгээр зэсийн импорт буурахад нөлөөлж байгаа гэж олон улсын шинжээчид үзэж байна.