Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
БНХАУ-ын эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлттэй холбоотой зэсийн үнэ  өсчээ Лхагва гарагт зэсийн үнэ  өнгөрсөн оны зургадугаар  сараас хойш хамгийн дээд түвшинд хүрч, зэсийн нөөц буурч, Хятадын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа нь үнэ өсөхөд нөлөөлнө гэж  таамаглаж байна.   Урьдчилсан таамаглалаар г уравдугаар сард зэсийн үнэ Нью-Йоркийн Comex зах зээл дээр өсч, нэг фунт нь 4.35 ам.долларт (нэг тонн 9581 ам.доллар) хүрсэн нь мягмар гарагийн хаалтын ханштай харьцуулахад 3%-иар өссөн байна. Хятад улс Ковид-19-ийн хязгаарлалтыг цуцалснаар эдийн засаг нь сэргэнэ гэж хөрөнгө оруулагчид үзэж байна. Эрэлт сайжирна гэж BMO банкны (Bank of Montreal) шинжээч Колин Хэмилтон хэлэв. "Зэсийн үнэ суурь үзүүлэлтээс бага зэрэг өссөн боловч  түүхий эдийн нөөц  хомсдож байна" гэж тэрбээр хэлэв.
Саудын Араб газрын тосны худалдааг доллараас бусад валютаар хийхэд бэлэн байна Саудын Арабын Сангийн сайд Мохаммед Аль-Жадаан мягмар гарагт Давос хотноо дэлхийн хамгийн том түүхий нефтийн экспортлогч Саудын Араб нефтийн худалдааг ам.доллараас өөр валютаар хийх асуудлыг хэлэлцэхэд нээлттэй гэж Блүүмбергт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.   Саудын Арабын зүгээс газрын тосны худалдааг ам.доллараас бусад валютаар хийх боломжтой гэсэн дохио өгч байгаа нь дэлхийн нефтийн худалдаанд тогтсон АНУ-ын долларын ноёрхолд нэг аюул учруулж болзошгүй юм. Аль-Жадаан Блүүмбергт өгсөн ярилцлагадаа "Худалдаагаа бид доллар, еврогоор эсвэл Саудын риалаар хийх үү гэдгийг хэлэлцэхэд ямар ч асуудал байхгүй." гэжээ.
2030 онд дэлхийн томоохон зах зээлд борлуулагдах автомашины тал хувь нь цахилгаан болно 2030 он гэхэд Хятад, Европ, АНУ-ын  гурван том цахилгаан автомашины зах зээлд зарагдсан хоёр автомашин тутмын нэг нь цахилгаан автомашин байх болно гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭХА) гүйцэтгэх захирал Фатих Бирол  мягмар гарагт Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын үеэр мэдэгдэв. "Эдгээр орнуудад эрчим хүчний хямралыг даван туулах арга хэмжээ авахаас гадна бүтцийн томоохон өөрчлөлтүүд явагдаж байна" гэж Бирол хэлэв.   2022 оны тавдугаар сард нийтлэгдсэн “2022 оны дэлхийн цахилгаан автомашины төлөв байдал” (Global EV Outlook 2022) тайланд цахилгаан автомашины борлуулалт дээд амжилтыг эвдсэн хэвээр байгаа ч, үйлдвэрлэлд шаардлагатай эрдэс түүхий эдийн хангамжийн асуудал тулгараад байна” хэмээн ОУЭХА мэдэгджээ. ОУЭХА-ийн мэдээлснээр батерейны металл боловсруулалтын дийлэнх нь Хятадад хийгддэг тул цахилгаан машины батерейны нийлүүлэлтэд  хүндрэл  тулгардаг.
Хятадын эдийн засгийн өсөлт нь сүүлийн 46 жилийн хоёр дахь хамгийн доод өсөлт боллоо Хятадын эдийн засаг 2022 оны IV улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.9%-иар өссөн. Энэ нь өмнөх улирлын 3.9%-ийн өсөлтөөс буурсан үзүүлэлт болсон байна.   Хятадын эдийн засгийн өсөлт 2022 онд 3%-д хүрч, зорилтот 5.5%-иас доогуур гарлаа. Хятад өнгөрсөн онд эдийн засгийн өсөлтөө 5.5% орчимд хүргэх зорилт тавьсан ч коронавирусын улмаас энэ нь биелэх боломжгүй болсон юм. 2022 онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 121 их наяд юань (18 их наяд ам.доллар) хүрсэн нь 2021 оны ДНБ-тэй харьцуулахад (114.37 их наяд юань) бага зэрэг өссөн үзүүлэлт юм. Хятадын 2020 оны 2.3%-ийн эдийн засгийн өсөлт 1976 оноос хойших хамгийн бага өсөлт байсан бол 2022 оны өсөлт нь хоёр дахь хамгийн доод үзүүлэлт боллоо.
Казахстан улс энэ онд газрын тосны экспортоо нэмэгдүүлнэ Казахстанд олборлосон газрын тосны ихэнх хэсгийг тээвэрлэх, экспортлох ажлыг хариуцдаг Каспийн хоолойн консорциум (КХК) Хар тэнгис дэх экспортын терминалууд руу илүү их хэмжээний түүхий нефтийг дамжуулахад бэлэн байна гэж   Ерөнхий захирал Николай Горбан нэгдүгээр  сарын 13-нд мэдэгдэв. Өнгөрсөн онд Тенгиз-Новороссийскийн хоолойгоор нийт 58.7 сая тонн газрын тос дамжуулсан бөгөөд түүнээс 52.2 сая тонныг нь Казахстанд олборлосон гэж Н. Горбан Казахстаны Эрчим хүчний сайд Булат Акчулаковт  болсон уулзалтын үеэрээ мэдэгдэв.   Каспийн тэнгис дэх Казахстаны аварга том нефтийн ордуудаас Оросын Хар тэнгисийн эрэг дэх Новороссийск боомт хүртэлх 1500 км урт КХК-ийн дамжуулах хоолой нь Казахстаны нийт нефтийн экспортын гуравны хоёроос илүүг дамжуулдаг.
Шведийн хойд бүс нутагт газрын ховор металлын асар том орд нээгджээ Гар утаснаас сансрын хөлөг хүртэл олон төрлийн бүтээгдэхүүнд ашиглагддаг ховор элементийн Европ дахь хамгийн том ордыг Шведэд нээн илрүүлжээ. Одоогоор Европт ховор элементийг олборлодоггүй бөгөөд  энэхүү нээлтийг Европын Холбоог Хятадын хараат байдлаас гарах арга зам хэмээжээ.  Цахилгаан тээврийн хэрэгсэл, салхин сэнсний эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа тул энэхүү нээлт нь ногоон эрчим хүчний хувьд “шийдвэрлэх” нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. 2021 онд Европын холбоонд ашигласан газрын ховор элементийн 98%-ийг Хятадаас импортолжээ.  Одоогоор Шведийн алс хойд хэсэгт нэг сая гаруй тонн ховор элементийн нөөц олдсон гэж мэдээлсэн. Хэдийгээр энэ нь чухал нээлт боловч АНУ-ын тооцоолсон дэлхийн 120 сая тонн нөөцтэй харьцуулахад  багахан  хэсэг юм. Газрын ховор элемент  нь өдөр тутмын амьдралд нэн чухал олон төрлийн бүтээгдэхүүн, дэд бүтцэд ашигладаг 17 элементийн бүлгийг хэлдэг.
Сэргээгдэх эрчим хүчний  салбарт ажлын байр нэмэгдэж байна 2021 онд дэлхийн сэргээгдэх эрчим хүчний ажлын байр 12.7 саяд хүрсэн бөгөөд энэ хандлага цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Сэргээгдэх эрчим хүч рүү шилжихийн хэрээр дэлхий даяар чулуужсан түлшний ажлын байр эрс багасна гэж болгоомжилж байгаа ч ногоон эрчим хүчний боломжууд хурдацтай нэмэгдэж байна. IRENA  (Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг)  болон ОУХБ (Олон улсын хөдөлмөрийн байгууллага) -аас гаргасан “Сэргээгдэх эрчим хүч ба ажлын байрны 2022 оны тойм”-д мэдээлснээр сэргээгдэх эрчим хүчний ажлын байрны тоо 2020-2021 оны хооронд дэлхий даяар 700 мянгаар өссөн байна. Нарны эрчим хүч одоогоор сэргээгдэх эрчим хүчний хамгийн олон буюу 4.3 сая ажлын байр бий болгосон. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний салбарын нийт ажлын байрны гуравны нэг орчим хувь болж байна. Хятад дэлхийн сэргээгдэх эрчим хүчний ажлын дийлэнх буюу 42%, Европын Холбоо болон Бразил тус бүр 10%, АНУ болон Энэтхэг хоёр тус бүр 7%-ийг эзэлдэг.
“Роснефть” компани “Сибирийн хүч-2” хоолойгоор дамжуулан Хятадад байгалийн хий нийлүүлэхээр төлөвлөж байна Оросын газрын тосны  "Роснефть" компани байгалийн хийн нөөцөө “Сибирийн хүч” хоолойн хоёр дахь замаар Хятад руу экспортлох орон зай хайж байна гэж Оросын өдөр тутмын "Коммерсант" сонин даваа гарагт эх сурвалжаас иш татан мэдээлэв. Владимир Путины ойрын холбоотон гэгддэг “Роснефть” компанийн Гүйцэтгэх захирал Игорь Сечин ОХУ-ын Ерөнхийлөгчид захидал бичиж,   “Оросын байгалийн хийн  “Газпром” компаниас гадна “Роснефть” компанийг “Сибирийн хүч-2” хоолойгоор байгалийн хий нийлүүлэх боломжтой”  гэжээ. Найман жил бүтээн байгуулалтын ажил өрнөсний эцэст 2019 оны сүүлээр ашиглалтад орсон “Сибирийн хүч” хоолойгоор Орос Хятадад байгалийн хий нийлүүлж байна. “Сибирийн хүч-2” хоолой 2030 он гэхэд ашиглалтад орж, ОХУ-ын баруун хэсэгт орших хийн ордуудыг ОХУ-ын зүүн хэсгийн ордуудтай холбож, Монголоор дамжуулан Хятад руу хий нийлүүлэх төлөвлөгөөтэй.
Рио Тинто, Хятадын Baowu нар Гвиней улсад хамтарсан үйлдвэр байгуулах дараагийн алхамаа хийлээ Рио Тинтогийн Гвиней дахь салбар Симандоугийн төмрийн хүдрийн  том ордын дэд бүтцийг хөгжүүлэх талаар Хятадын Baowu корпорац болон томоохон түншүүдтэй тохиролцоонд хүрлээ. Симандоу нь Гвиней улсын алслагдсан бүс нутагт оршдог бөгөөд төмрийн хүдрийг уурхайгаас зах зээл рүү тээвэрлэх дэд бүтэц хөгжөөгүй байдал нь уг нутгийн хөгжилд саад болоод удаж байна. Далайн эрэг хүртэл 600 км төмөр зам барих хөрөнгө оруулалт Гвинейн Засгийн газарт шаардлагатай байгаа юм. Рио Тинтогийн Гвиней дахь салбар нь өнгөрсөн долдугаар сард Winning Consortium Simandou (WCS) болон Гвинейн Засгийн газартай төмөр зам, далайн боомтын дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор хамтарсан компани байгуулсан.
Хятад гурван жил үргэлжилсэн Ковидын хөл хориогоо цуцалж  хилээ нээлээ БНХАУ 2020 оны гуравдугаар сард хөл хорио тогтоосноос хойш анх удаа олон улсад хилээ нээлээ. Зорчигчдыг тусгаарлах шаардлагагүй болсон нь тус улсын Ковидын бодлогод томоохон өөрчлөлт гарч байгаагийн илэрхийлэл болж байна.  Харин жуулчдаас 48 цагийн дотор хийлгэсэн PCR-ын шинжилгээний сөрөг хариу нэхэх журам Хятадад үйлчилж байгаа хэвээр. Энэхүү шийдвэрийг гэр бүлтэйгээ эргэн нэгдэх хүсэлтэй олон хүн талархан хүлээн авч байна. Хонконгод ирэх долоо хоногт 400.000 хүн эх газрын Хятад руу аялах төлөвтэй байгаа бөгөөд Бээжин, Шямэнь (Xiamen) зэрэг хот руу нисэх урт дараалал үүссэн байна.
Оросын Urals нефтийн үнэ барууныхны тогтоосон үнийн дээд хязгаараас доош уналаа Оросын Urals нефтийн үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нэг баррель нь 50.47 ам.доллар болж, барууны орнуудын тогтоосон үнийн дээд хязгаараас доош буув. Urals нефтийн үнэ өмнөх сартай харьцуулахад 24%, 2021 оны арванхоёрдугаар сартай харьцуулахад бараг 1.5 дахин буурсан гэж ОХУ-ын Сангийн яамнаас мэдээллээ.  Оросын Urals нефтийн үнэ 2022 оны арванхоёрдугаар сард баррель тутам 50.47 ам.доллар болж буурсан нь 2021 оны арванхоёрдугаар сарын үнээс 1.44 дахин бага байна. Энэ тухай мэдээ Сангийн яамны цахим хуудсанд гарчээ.    Харьцуулахад, Брент нефтийн гуравдугаар сарын фьючерсийн үнэ нь энэ мэдээ гарах үед (2023 оны нэгдүгээр сарын 5) баррель нь 78.28 доллар, WTI маркийн нефтийн хоёрдугаар сарын фьючерсийн үнэ нь баррель нь 73.11 ам.доллараар дэлхийн зах зээл дээр арилжаалагдаж байсан.
БНХАУ-ын дөрвөн компанид Австралийн нүүрсний импортыг сэргээх зөвшөөрөл олгов БНХАУ-ын Төлөвлөлтийн төв байгууллагын зүгээс  төрийн дэмжлэгтэй гурван аж ахуйн нэгж болон Хятадын топ ган үйлдвэрлэгчдийг  Австралиас нүүрс  импортлохыг зөвшөөрөв.  Энэ нь Бээжин 2020 онд Австралийн нүүрсний импортод албан бус хориг тавьснаас хойшхи анхны нааштай алхам боллоо. Нүүрсний импортын хоригийг хэсэгчлэн зөөлрүүлэх энэхүү явдал нь өнгөрсөн сард Австрали, Хятадын Гадаад хэргийн сайд нар хоёр улсын хооронд үүссэн хүйтэн харилцааг сэргээхийг зорьж  уулзсаны үр дүн  юм. Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо (ҮХШХ) нь China Datang Corp, China Huaneng Group, China Energy Investment Corporation болон China Baowu Steel Group зэрэг компаниудтай /01.03/ уулзалт хийж, Австралиас нүүрсний импортоо сэргээх талаар ярилцсаныг эх сурвалж мэдээлж байна. 
АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 0.75%-иар огцом нэмэгдүүлэв АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 0.75%-иар нэмэгдүүлж буйгаа (2022.06.15) зарлалаа. Энэ нь бодлогын хүүг 1994 оноос хойших хамгийн өндөр дүнгээр нэмэгдүүлсэн хэрэг болж байна. Ингэснээр АНУ-ын төв банкны бодлогын хүүгийн хэмжээ 1.5-1.75%-д хүрч байна. Энэ оны эцэс гэхэд тус улсын төв банкны бодлогын хүү 3.4%-д, улмаар ирэх оны хавар гэхэд 3.8%-д хүрэхээр байгааг тус банк төсөөлж байна. Гэхдээ бодлогын хүү ирэх оны эцэс гэхэд эргээд буурч 3.4%, 2024 оны эцэс гэхэд 3.1%-д хүрэх болов уу гэж үзжээ.
АНУ-ын шингэрүүлсэн хийн экспорт тавдугаар сард 12%-иар өсөв АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн экспорт тавдугаар сард 7.29 сая тоннд хүрсэн байна. Энэ нь эхнээсээ хоёрт бичигдэх дээд амжилт төдийгүй өмнөх сарынхаас 5%-иар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12%-иар тус тус өссөн үзүүлэлт боллоо. Өмнөх гуравдугаар сард тус улсын экспорт 7.67 сая тоннтой тэнцэж оргилдоо хүрч байсан юм.
CRU: Зэсийн ханшийн шинэ оргил удахгүй тохионо “Дэлхийн зэсийн хурал 2022” Чилийн нийслэл Сантьяго хотноо гуравдугаар сарын 28-30-нд боллоо. Энэ удаагийн хурал нь илүү байгаль орчин, нийгмийн хариулагын сэдвүүдэд төвлөрсөн төдийгүй хорь дахь удаагийн арга хэмжээ геополитикийн хурцадмал үед болсноороо онцлог байлаа. Тухайлбал уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зэсийн салбарын хүлэмжийн хийн ялгаруулалтыг хэрхэн бууруулах тухай хурлаар хэлэлцсэн. Энэ онд дэлхийн зэсийн уурхайн нийлүүлэлт өмнөх оныхоос 4%-иар өсөхөөр байгаа ч зэсийн зах зээлд хомсдол байсан хэвээр байна. Энэ онд Камоа Какула болон бусад уурхайн нийлүүлэлт нэмэгдэхээр байгаа боловч цаашид байгаль орчин, нийгэм, засаглалын асуудлаас үүдэлтэйгээр шинэ төслүүдэд эрсдэл учирч болзошгүйг хурлаар онцлов. Ногоон шилжилтийн нөлөөгөөр зэсийн ханш 10 мянган ам.долларын шугамаас давсан төдийгүй голлох металын биржүүдийн агуулах дахь нөөц буурч байгаа нь үнийн өсөлт үргэлжлэх нөхцөл болж байна.
АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 0.5%-иар өсгөв АНУ-ын төв банк инфляцтай тэмцэх зорилгоор бодлогын хүүгээ 0.5%-иар өсгөж 0.75-1%-д хүргэхээр болсноо (2022.05.04) зарлалаа. Энэ нь 2000 оноос хойш байгаагүй огцом өсөлт болсныг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Цаашид шат дараатайгаар Холбооны нөөцийн банк бодлогын хүүг өсгөсөөр энэ онд 2.25-2.5%-д хүргэх төлөвтэй байгаа ажээ. Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Повелл бодлогын хүүг 0.75%-иар буюу огцом өсгөх бодолгүй байгааг дуулгажээ. Өөрөөр хэлбэл Холбооны нөөцийн банк энэ онд багтаан гурван удаа бодлогын хүүгээ 0.5%-иар тус тус нэмэгдүүлэх төлөвтэй байгаа нь хөрөнгийн зах зээлд эерэг дохио боллоо.
АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 0.25%-иар өсгөв АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 2018 оноос хойш анх удаа өсгөж буйг тус банкны тэргүүн Жером Пауэлл (2022.03.16) мэдэгдлээ. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 0.25%-иар нэмэгдүүлснээр хүүгийн хэмжээ 0.25-0.5%-тай болж байна. Он дуустал тус банк дахин зургаан удаа бодлогын хүүгээ нэмэгдүүлж оны эцэс гэхэд 1.9%-д хүргэж магадгүй байна. Энэ нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын төсөөллөөс даруй нэг хувиар илүү дүн болохыг хэвлэлүүд онцоллоо. Залгуулаад 2023 онд ч дахин гурван удаа бодлогын хүүгээ өсгөж 2.8%-д хүргэх зураглал тодорлоо.
Хятадын үйлдвэрлэлийн идэвхжил суларсан дүнтэй гарлаа Хятадын үйлдвэрлэлийн салбарын PMI (Purchasing Managers' Index) үзүүлэлт оны эхний сард 50.1-тэй гарсан байна. Энэ нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын үзүүлэлт болох 50.3-тай харьцуулахад өсөлт буурсныг илтгэнэ. Хэрэв PMI үзүүлэлт 50-иас дээш гарвал өсөлттэй, бага бол бууралттайд тооцогддог. Ийнхүү үйлдвэрлэлийн салбарын өсөлт буурч байгаа нь зарим дэд салбарын хувьд оргил идэвхитэй улирал өнгөрсөн төдийгүй зах зээл дэх эрэлт суларсантай холбоотойг тус улсын Үндэсний статистикийн газар мэдэгджээ.
Хятадын төв банк эдийн засгийн өсөлтийг дэмжихээр зээлийн хүүг бууруулав Хятадын төв банк голлох зээлийн хүүгийн түвшинг бууруулах шийдвэрээ танилцуулсан (2022.01.20) байна. Тодруулбал тус улсын арилжааны банкуудаас олгодог нэг жилийн хугацаатай зээлийн хүүг 0.1%-иар буюу 3.80% байсныг 3.70%, таван жилийн хугацаатай зээлийн хүүг 4.65% байсныг 4.60% болгож бууруулжээ. Нэг жилийн хугацаатай зээлийн хүүг өнгөрсөн арванхоёрдугаар сард буулгасан бол таван жилийн хугацаатай зээлийн хувьд өнгөрсөн 2020 оны дөрөвдүгээр сараас хойш хүүг доошлуулсан анхны тохиолдол боллоо. Хятадын арилжааны банкуудын шинэ зээл олголтын хүүгийн түвшин төв банкнаас тогтоосон нэг жилийн хугацаатай (LPR) зээлийн хүүний хувиар тооцогддог байна. Харин таван жилийн хугацаатай зээлийн хүү нь ипотекийн зээлийн хүүгийн түвшинг тогтооход суурь болдог ажээ.
Газрын ховор элемент тойрсон улс төр АНУ-ын батлан ​​хамгаалахын гэрээлэгчдийг 2026 он гэхэд Хятадаас газрын ховор элемент худалдаж авахыг зогсоож, стратегийн ашигт малтмалын байнгын нөөцийг бүрдүүлэх агуулгатай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Сенатад өргөн барьсан нь олны анхаарлыг татаж байна.
15 16 17 18 19 20 21