Ертөнц
Австрали-Хятадын худалдааны харилцаанд “ан цав” суув
Австрали улс нь Хятадын хамгийн том түүхий эд нийлүүлэгч. Гэхдээ цаашид Хятад улс энэхүү томоохон нийлүүлэгч улстайгаа эвтэй байх уу гэдэг асуудал уул уурхайн салбарт хэн бүхний анхаарлыг татсан сэдэв болоод байна. Австралийн хувьд өнгөрсөн 2019 оны байдлаар Хятад руу нийт 153 тэрбум австрали долларын бараа, үйлчилгээ экспортолжээ. Энэ нь Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүний 7.7%-тай тэнцэнэ. Гэвч шинэ коронавирусын өвчний эх үүсвэрийг эрэн сурвалжилж олж тогтоох талаар Австралийн Засгийн газар улс орнуудад уриалга гаргасан нь худалдааны томоохон түншид нь тун эмзэг тусжээ. Хятадын Засгийн газар Австралийн уриалгыг ихээхэн эмзэг хүлээн авч буйгаа огтхон ч нуусангүй.
Япон нүүрсээр ажилладаг 100 цахилгаан станцыг хаана
2030 он гэхэд Япон улс нүүрсээр ажилладаг 100 цахилгаан станцыг хаахаар төлөвлөж буй тухай Kyodo агентлаг мэдээлжээ. Тус улсын хэмжээнд нийт 140 цахилгаан станц нүүрснээс эрчим хүч үйлдвэрлэж байна. Нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний хэрэглээг багасгаж, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх зорилтот ажлыг долдугаар сараас эхлүүлнэ гэж Японы Эрчим хүчний сайд мэдэгджээ. Өнөөгийн байдлаар, тус улсын нийт эрчим хүчний 32%-ийг нүүрснээс, 17%-ийг сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэж байна. 2030 он гэхэд нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэлийг 26% хүртэл бууруулахаар зорьжээ.
Элга ордын коксжих нүүрс олборлолтыг 45 сая тоннд хүргэнэ
ОХУ-ын Якутын нутаг дахь Элга ордын шинэ хувь эзэмшигч “А-Проперти” компани нь уг төслийг хөгжүүлэх төлөвлөгөө танилцуулжээ. 2023 он хүртэлх энэхүү төлөвлөгөөний хүрээнд, коксжих нүүрсний олборлолтыг 45 сая тоннд хүргэх, УБҮ байгуулах, Элга ордоос Улак өртөөтэй холбосон төмөр замын хүчин чадлыг 30 сая тонн болгож нэмэгдүүлэх, Ванино боомт дахь нүүрсний терминалыг өргөтгөх ажлуудыг хэрэгжүүлэх юм байна. Эдгээр ажилд нийт 130 тэрбум рублийн хөрөнгө оруулахаар тооцжээ. Сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй тус ордын төслийг хөгжүүлснээр дэлхийн зах зээлд томоохон тоглогч болох зорилттой гэж “А-Проперти” компани мэдээндээ онцолжээ.
2020 онд Хятад нүүрсний 5000 уурхайг хаана
Хятад улс нь “13 дугаар 5 жилийн төлөвлөгөө”-ний дагуу хуучирсан тоног төхөөрөмж, бага хүчин чадалтай нүүрсний уурхай, гангийн үйлдвэрүүдийг хаах үйл ажиллагааг 2020 онд үргэлжлүүлнэ гэж тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдээлжээ. Гангийн үйлдвэрлэлийн салбарын нийлүүлэлтийн сүлжээнд хийж буй шинэчлэлийг үргэлжлүүлэн, илүүдэл хүчин чадлыг бууруулснаар “ногоон” эдийн засгийн хөгжлийг түргэсгэнэ хэмээн мэдэгдэлдээ онцолсон байна. Байгаль орчин, экологийн стандартад нийцээгүй нүүрсний уурхайг бүрэн хаахын зэрэгцээ бага хүчин чадалтай олборлолт бүхий уурхайнуудыг мөн зогсоох аж. Энэ дагуу 2020 онд нийт 5000 уурхайг хаахаар төлөвлөжээ.
Саудын Араб уул уурхайд гадаадын хөрөнгө оруулалт татах хууль баталжээ
Саудын Арабын Засгийн газар уул уурхайн салбарын шинэ хуулийг баталсан байна. Уг хуулиар гадаадын хөрөнгө оруулалт татан уул уурхайн салбараа хөгжүүлснээр эдийн засаг дахь газрын тосны экспортын хамаарлыг бууруулахаар зорьжээ. Хууль, эрх зүйн шинэ зохицуулалтаар ашигт малтмалын хайгуул, олборлолтыг дэмжихээс гадна хөрөнгө оруулагчдад санхүүжилт хийх боломжийг бүрдүүлэх аж. Саудын Араб нь газрын тосноос гадна уран, бокситын ихээхэн нөөцтэй. Өнөөгийн байдлаар уул уурхайн “Ma’aden” компани алт, зэс болон фосфатын олборлолт явуулдаг байна.
2020 онд Шанси мужийн нүүрсний олборлолт 15 сая тонноор танагдана
Хятадын Шанси мужид 600 мянган тонноос бага нүүрс олборлодог уурхайнуудыг 2020 онд бүрэн хаахаар төлөвлөжээ. Энэхүү арга хэмжээний үр дүнд тус мужийн нүүрсний нийт олборлолт 15 сая тонноор танагдах магадлалтай гэж бүс нутгийн удирдлагууд үзэж байна. Өнөөгийн байдлаар Шанси мужид нүүрсний 954 уурхай үйл ажиллагаа явуулж буй аж. Өнгөрсөн онд нийт 971 сая тонн нүүрс олборложээ. 2016-2019 онд Шанси мужид нүүрсний 106 уурхайг хаасан тухай тус мужийн Эрчим хүчний удирдлагын газрын мэдээлэлд тэмдэглэсэн байна.
Путин Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг Думд танилцуулжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улс, ОХУ хооронд байгуулсан найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг соёрхон батлахаар төрийн Думд танилцуулсан байна. Төрийн Думд өргөн мэдүүлж, соёрхон батлуулах тухай захирамжийг зургаадугаар сарын 8-ны өдөр гаргажээ. Үүнээс өмнө буюу тавдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар ОХУ-ын Засгийн газар уг гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжснээр ОХУ-ын Ерөнхийлөгчид танилцуулж, ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думд өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
Хятад жижиг, дунд бизнесээ дэмжихэд 56 тэрбум ам.доллар зарцуулна
Орон нутгийн банкуудаас жижиг, дунд бизнест олгосон зээлийг худалдаж авах тухайгаа Хятадын Төв банк (2020.06.01)мэдэгджээ. COVID-19 цар тахлын хүндрэлийг даван туулахад жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс банкууд 1 их наяд юань буюу 140 тэрбум ам.долларын нэмэлт зээл олгохоор тус улсын Засгийн газраас шийдвэрлэсэн байна. 2020 оны гуравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэл арилжааны болон хувийн банкуудаас жижиг, дунд бизнест олгох зээлийг Төв банк худалдан авахдаа 400 тэрбум юань буюу 56 тэрбум ам.доллар зарцуулах аж. Гэхдээ тухайн банкууд нэг жилийн дараа эргээд зээлүүдээ худалдан авах юм байна.
Төмрийн хүдрийн үнэ 102 ам.доллар болж өсчээ
Энэ долоо хоногийн даваа гаригт (2020.06.01) Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн фьючерс тонн тутамдаа 108.92 ам.долларт хүрч өсчээ. Энэ нь тус бирж 2013 оноос эхлэн төмрийн хүдэр арилжаалах болсноос хойших дээд амжилт болж байна. Өнгөрсөн гуравдугаар сараас Хятадын гангийн нөөц буурч тус улсын гангийн үйлдвэрлэл нэмэгдсэнээр түүхий эдийн эрэлт өсч, үүнийгээ дагаад үнэ нь ч дээшлэхэд нөлөөлжээ. Өнөөдрийн байдлаар Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн 62%-ийн агуулгатай баяжмал нэг тонн нь 102.5 ам.доллараар борлуулагдаж байна.
Alcoa: Хөнгөн цагааны ханш нэмж буурах эрсдэл бий
Дэлхийн хөнгөн цагаан үйлдвэрлэлийн томоохон компаниудын нэг, АНУ-д төвтэй “Алкоа”-ийн Гүйцэтгэх захирал Roy Harvey дэлхийн эдийн засгийн сэргэлтийн талаар сөрөг үзэл бодолтой байгаагаа метал, уул уурхайн нэгэн цахим хурлын үеэр мэдэгджээ. Тэрээр сэргэлтийн талаар дүгнэлт хийхэд олон зүйл тодорхойгүй гэж үзэж байна. Хөнгөн цагаан нь аж үйлдвэрийн голлох метал бөгөөд Лондоны металын бирж дээр он гарснаас хойш 20%-иар ханш нь буураад байгаа юм. Шинэ коронавирусийн нөлөөгөөр хамгийн их цохилтод өртөж буй салбарын нэгээр хөнгөн цагааны салбар нэрлэгдэж байна.
Хятадын төмрийн хүдрийн импорт 13%-иар нэмэгдэв
Дөрөвдүгээр сард Хятад нь нийт 97.27 сая тонн төмрийн хүдэр импортолсон байна. Энэ нь өнгөрсөн гуравдугаар сарын үзүүлэлтээс 13%-иар өсчээ. COVID-19 холбоотой хязгаарлалтыг цуцалснаар тус улсын гангийн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа хэвэндээ орж эхэлснээр импорт өсөх болсон гэж шинжээчид тайлбарлаж байна. Хятад руу чиглэсэн Австралийн төмрийн хүдрийн экспорт 12%, Бразилынх 10%-иар тус тус нэмэгджээ. 2020 оны эхний дөрвөн сарын байдлаар Хятад нийт 360 сая тонн төмрийн хүдэр импортолсон бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.8%-иар өссөн үзүүлэлт юм.
“Platts”: Дэлхийн 33 орны 260 уурхайн үйл ажиллагаа зогссон
Дөрөвдүгээр сард “S&P Global Market Intelligence” байгууллагаас хийсэн судалгаагаар, COVID-19-ын тархалтын улмаас сүүлийн хоёр сарын хугацаанд дэлхийн 33 орны 260 уурхайн үйл ажиллагаа зогссон байна. Үүнээс дийлэнх уурхай нь Өмнөд Африк, АНУ, Мексик, Канад зэрэг орнуудынх аж. Шинэ коронавирусийн дэгдэлтээс сэргийлж хөл хорио тогтоосон нь ураны зах зээлд хамгийн ихээр нөлөөлжээ. “Platts”-ийн мэдээллээр, ураны үйлдвэрлэлийн 21 уурхай хаагдсан бөгөөд дэлхийн ураны нийт олборлолт 11%-иар буурахаар байна. Энэ нь түүхий эдийн зах зээл дээр ураны ханш өсөхөд нөлөөлжээ.
Оросын нүүрсний экспорт буурч байна
Дөрөвдүгээр сард ОХУ 32.6 сая тонн нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.3%-иар буурчээ. Энэ хугацаанд дотоодын зах зээл дэх нүүрсний нийлүүлэлт 7.8%-иар буурч 12.7 сая тоннд хүрсэн байна. Мөн сард 14.67 сая тонн нүүрс экспортолжээ. Өмнөх оны дөрөвдүгээр сарын үзүүлэлттэй харьцуулахад 12.3%-иар бага юм. Эхний дөрвөн сарын нийт үзүүлэлтээр ОХУ-ын нүүрсний экспорт 55.93 сая тонн болж өмнөх оныхоос 9.9%-иар буурчээ. Тус улс нь Хятадтай хиллэх хуурай боомтуудын тээврийг хязгаарлаад байгаа юм. Алс Дорнодын боомтуудаар нүүрс экспортолж байна. ОХУ нь нүүрсний салбарыг 2035 он хүртэл хөгжүүлэх стратегийн хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд тус хөтөлбөр нийт 6 их наяд рублийн өртөгтэй. Санхүүжилтийн дийлэнх хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй.
Өмнөд Африк уурхайн үйл ажиллагааг сэргээх арга хэмжээ авч байна
Өмнөд Африк улсад дөрөвдүгээр сарын 30-наас онцгой дэглэмийг үе шаттайгаар сулруулж байна. Энэ нь эдийн засгийг дэмжих багц арга хэмжээ авч буйтай холбоотой болохыг тус улсын Ерөнхийлөгч Сирил Рамафоза мэдэгджээ. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хүндрэлээс сэргийлж зарим салбарыг сэргээхэд анхаарах аж. Үүнд уул уурхайн салбар багтсан байна. Тухайлбал, тавдугаар сарын 1-нээс уурхайнуудын үйл ажиллагаа 100%-ийн хүчин чадлаар ажиллах аж. Коронавирусын дэгдэлтээс сэргийлсэн онцгой дэглэмийн хугацаанд уурхайн үйл ажиллагааг 50%-иар хязгаарлаад байжээ
Хятадын эдийн засгийн идэвхжил удаашрав
Хятадын эдийн засгийн эрчмийн үзүүлэлт болох аж үйлдвэрийн PMIndex дөрөвдүгээр сарын байдлаар 50.8%-тай гарсан тухай тус улсын Үндэсний статистикийн газар мэдээллээ. Энэ нь COVID-19-ийн тархалтаас хойш Хятадын эдийн засгийн эрчим хоёр сар дараалан өсч буйг харууллаа. Гэхдээ өсөлтийн хурд гуравдугаар сартай харьцуулахад удааширсан байна. Өнгөрсөн сарын дүн нь хоёрдугаар сарын түүхэн доод үзүүлэлт болох 35.7%-иас огцом дээшилж 52%-тай гарсан билээ. Харин дөрөвдүгээр сард уг үзүүлэлт Ройтерс-ийн шинжээчдийн дэвшүүлж байсан 51%-д хүрч чадсангүй. Энэ үзүүлэлт 50%-иас дээш гарвал өсөлтийг, үүнээс доош орвол бууралтыг илтгэдэг.
Ураны ханш 32 ам.долларт хүрч нэмэгдэв
Японы Фукушима атомын цахилгаан станцад осол гарснаас хойш дэлхийн зах зээл дэх ураны ханш огцом унаж өнөөг хүртэл бүрэн сэргээгүй билээ. Тэгвэл коронавирус тархаад буй өнөөгийн нөхцөл байдалд ураны үнэ өсч сүүлийн дөрвөн жилийн хамгийн дээд үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл цар тахлын халдварын улмаас улс орнууд хөл хорио тогтоож буй нь уурхайн олборлолт, ханган нийлүүлэлтийн тээвэрт нөлөөлж, эргээд нийлүүлэлтээс хамааран ханш өсөхөд нөлөөлсөн аж. Ураны томоохон нийлүүлэгч “Казатомпром” компани энэ онд ураны үйлдвэрлэлээ 4 мянган тонноор бууруулахаа мэдэгджээ. Канадын “Cameco” компани нь ураны хамгийн том уурхай “Cigar Lake”-ийн үйл ажиллагааг зогсоосон төдийгүй Онтарио дахь төслүүдээ ч царцаагаад байна.
Хятадын төмрийн хүдрийн импорт өсчээ
Сүүлийн нэг сарын турш Хятадын түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж байна. Гэсэн ч тус улс руу коронавирусын тархалтын улмаас Австрали, Бразилийн томоохон компаниудын төмрийн хүдрийн нийлүүлэлт буурсаар байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Австрали, Бразилийн нийлүүлэх төмрийн хүдрийн импорт 3.17 сая тонноор буурч 19.81 сая тоннд хүрчээ. Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, энэ оны эхний улирлын байдлаар 262.7 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3%-иар өссөн байна. Өнгөрсөн есдүгээр сараас хойш Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ 1.2%-иар өсч 86.23 ам.долларын ханштай байгаа аж. Энэ нь гуравдугаар сарын 18-наас хойших хамгийн өндөр үнэд тооцогдож байна.
Хятад эдийн засгийн өсөлтийг дэмжихэд 570 тэрбум доллар зарцуулах төлөвтэй
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусын аюулыг “цар тахал”-ын хэмжээнд хүрсэн болохыг албан ёсоор (03.11) зарласан. Энэ нь дэлхийн олон улс оронд халдварт өвчин эрчимтэй тархах үед хэрэглэдэг нэр томъёо юм. Үүнтэй холбоотойгоор Европын холбооноос АНУ руу чиглэх бүх нислэгийг нэг сарын хугацаатайгаар зогсоож байгаагаа Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Уг шийдвэр баасан гаригаас (2020.03.13) хэрэгжиж эхэлнэ. АНУ-ын тус мэдэгдэл нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдэлтэй хүч хавсарснаар хөрөнгийн зах зээлд томоохон савлагаа үүсгээд байна. Өчигдрийн байдлаар АНУ-ын хөрөнгийн биржийн гол индексүүд эрчимтэй буурч 1987 оны “хар даваа гариг”-аас хойш үзэгдээгүй их уналт үзүүлжээ. Тухайлбал Dow Jones Industrial Average индекс ганцхан өдрийн дотор 2300 нэгжээр буюу 10%-иар, Нью-Йоркийн хөрөнгийн биржийн S&P 500 индекс 9.51%-иар, NASDAQ-ийн биржийн Composite индекс 9.43%-иар тус тус буурсан байна. Европын гол индекс болох Euro Stoxx 600 индекс ч мөн 10 гаруй хувиар буурчээ.
Хятадын нүүрсний уурхайнуудын 83% нь хэвийн үйл ажиллагаанд шилжлээ
Коронавирусын дэгдэлтийн улмаас карантин тогтоосон нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаа сэргэж эхэлснийг Хятадын Үндэсний эрчим хүчний газраас мэдээлжээ. Тодруулбал, Хубэй мужаас бусад бүс нутгийн нүүрсний уурхайн 83% нь хэвийн үйл ажиллагаанд орж байна. Тус уурхайнууд жилд нийтдээ 3.43 тэрбум тонн нүүрс олборлох хүчин чадалтай. 2020 онд БНХАУ-ын өмнөд бүс нутгийн Юунан, Гуйжоу мужийн нүүрсний 280 уурхайг хаах аж. Тухайлбал, Гуйжоу мужийн жилийн нүүрсний олборлолтыг 10 сая тонноор бууруулж 80 уурхай, Юунан мужид 200 уурхайг тус тус хаахаар болжээ.
Оросын нүүрсний экспорт 14%-иар буурчээ
ОХУ энэ оны эхний хоёр сарын байдлаар 25.2 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14%-иар бага аж. Мөн хугацаанд тус улсын нүүрсний олборлолт 7.5%-иар буурч 66.54 сая тонн болжээ. Коронавирусын дэгдэлтийн улмаас Алс Дорнодын бүс нутгийн Хятадтай хиллэх хуурай боомтуудыг дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл хаасан бөгөөд далайн боомтуудаар нүүрс экспортолж байна. 2019 онд Орос улс нийт 193.6 сая тонн нүүрс экспортолжээ.