Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Alcoa: Хөнгөн цагааны ханш нэмж буурах эрсдэл бий Дэлхийн хөнгөн цагаан үйлдвэрлэлийн томоохон компаниудын нэг, АНУ-д төвтэй “Алкоа”-ийн Гүйцэтгэх захирал Roy Harvey дэлхийн эдийн засгийн сэргэлтийн талаар сөрөг үзэл бодолтой байгаагаа метал, уул уурхайн нэгэн цахим хурлын үеэр мэдэгджээ. Тэрээр сэргэлтийн талаар дүгнэлт хийхэд олон зүйл тодорхойгүй гэж үзэж байна. Хөнгөн цагаан нь аж үйлдвэрийн голлох метал бөгөөд Лондоны металын бирж дээр он гарснаас хойш 20%-иар ханш нь буураад байгаа юм. Шинэ коронавирусийн нөлөөгөөр хамгийн их цохилтод өртөж буй салбарын нэгээр хөнгөн цагааны салбар нэрлэгдэж байна.
Хятадын төмрийн хүдрийн импорт 13%-иар нэмэгдэв Дөрөвдүгээр сард Хятад нь нийт 97.27 сая тонн төмрийн хүдэр импортолсон байна. Энэ нь өнгөрсөн гуравдугаар сарын үзүүлэлтээс 13%-иар өсчээ. COVID-19 холбоотой  хязгаарлалтыг цуцалснаар тус улсын гангийн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа хэвэндээ орж эхэлснээр импорт өсөх болсон гэж шинжээчид тайлбарлаж байна. Хятад руу чиглэсэн Австралийн төмрийн хүдрийн экспорт 12%, Бразилынх 10%-иар тус тус нэмэгджээ. 2020 оны эхний дөрвөн сарын байдлаар Хятад нийт 360 сая тонн төмрийн хүдэр импортолсон бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.8%-иар өссөн үзүүлэлт юм.
“Platts”: Дэлхийн 33 орны 260 уурхайн үйл ажиллагаа зогссон Дөрөвдүгээр сард “S&P Global Market Intelligence” байгууллагаас хийсэн судалгаагаар, COVID-19-ын тархалтын улмаас сүүлийн хоёр сарын хугацаанд дэлхийн 33 орны  260 уурхайн үйл ажиллагаа зогссон байна. Үүнээс дийлэнх уурхай нь Өмнөд Африк, АНУ, Мексик, Канад зэрэг орнуудынх аж. Шинэ коронавирусийн дэгдэлтээс сэргийлж хөл хорио тогтоосон нь ураны зах зээлд хамгийн ихээр нөлөөлжээ. “Platts”-ийн мэдээллээр, ураны үйлдвэрлэлийн 21 уурхай хаагдсан бөгөөд дэлхийн ураны нийт олборлолт 11%-иар буурахаар байна. Энэ нь түүхий эдийн зах зээл дээр ураны ханш өсөхөд нөлөөлжээ.
Оросын нүүрсний экспорт буурч байна Дөрөвдүгээр сард ОХУ 32.6 сая тонн нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.3%-иар буурчээ. Энэ хугацаанд дотоодын зах зээл дэх нүүрсний нийлүүлэлт 7.8%-иар буурч 12.7 сая тоннд хүрсэн байна. Мөн сард 14.67 сая тонн нүүрс экспортолжээ. Өмнөх оны дөрөвдүгээр сарын үзүүлэлттэй харьцуулахад 12.3%-иар бага юм. Эхний дөрвөн сарын нийт үзүүлэлтээр ОХУ-ын нүүрсний экспорт 55.93 сая тонн болж өмнөх оныхоос 9.9%-иар буурчээ. Тус улс нь Хятадтай хиллэх хуурай боомтуудын тээврийг хязгаарлаад байгаа юм. Алс Дорнодын боомтуудаар нүүрс экспортолж байна. ОХУ нь нүүрсний салбарыг 2035 он хүртэл хөгжүүлэх стратегийн хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд тус хөтөлбөр нийт 6 их наяд рублийн өртөгтэй. Санхүүжилтийн дийлэнх хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй.  
Өмнөд Африк уурхайн үйл ажиллагааг сэргээх арга хэмжээ авч байна Өмнөд Африк улсад дөрөвдүгээр сарын 30-наас онцгой дэглэмийг үе шаттайгаар сулруулж байна. Энэ нь эдийн засгийг дэмжих багц арга хэмжээ авч буйтай холбоотой болохыг тус улсын Ерөнхийлөгч Сирил Рамафоза мэдэгджээ. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хүндрэлээс сэргийлж зарим салбарыг сэргээхэд анхаарах аж. Үүнд уул уурхайн салбар багтсан байна. Тухайлбал, тавдугаар сарын 1-нээс уурхайнуудын үйл ажиллагаа 100%-ийн хүчин чадлаар ажиллах аж. Коронавирусын дэгдэлтээс сэргийлсэн онцгой дэглэмийн хугацаанд уурхайн үйл ажиллагааг 50%-иар хязгаарлаад байжээ
Хятадын эдийн засгийн идэвхжил удаашрав Хятадын эдийн засгийн эрчмийн үзүүлэлт болох аж үйлдвэрийн PMIndex дөрөвдүгээр сарын байдлаар 50.8%-тай гарсан тухай тус улсын Үндэсний статистикийн газар мэдээллээ. Энэ нь COVID-19-ийн тархалтаас хойш Хятадын эдийн засгийн эрчим хоёр сар дараалан өсч буйг харууллаа. Гэхдээ өсөлтийн хурд гуравдугаар сартай харьцуулахад удааширсан байна. Өнгөрсөн сарын дүн нь хоёрдугаар сарын түүхэн доод үзүүлэлт болох 35.7%-иас огцом дээшилж 52%-тай гарсан билээ. Харин дөрөвдүгээр сард уг үзүүлэлт Ройтерс-ийн шинжээчдийн дэвшүүлж байсан 51%-д хүрч чадсангүй. Энэ үзүүлэлт 50%-иас дээш гарвал өсөлтийг, үүнээс доош орвол бууралтыг илтгэдэг.
Ураны ханш 32 ам.долларт хүрч нэмэгдэв Японы Фукушима атомын цахилгаан станцад осол гарснаас хойш дэлхийн зах зээл дэх ураны ханш огцом унаж өнөөг хүртэл бүрэн сэргээгүй билээ. Тэгвэл коронавирус тархаад буй өнөөгийн нөхцөл байдалд ураны үнэ өсч сүүлийн дөрвөн жилийн хамгийн дээд үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл цар тахлын халдварын улмаас улс орнууд хөл хорио тогтоож буй нь уурхайн олборлолт, ханган нийлүүлэлтийн тээвэрт нөлөөлж, эргээд нийлүүлэлтээс хамааран ханш өсөхөд нөлөөлсөн аж. Ураны томоохон нийлүүлэгч “Казатомпром” компани  энэ онд ураны үйлдвэрлэлээ 4 мянган тонноор бууруулахаа мэдэгджээ. Канадын “Cameco” компани нь ураны хамгийн том уурхай “Cigar Lake”-ийн үйл ажиллагааг зогсоосон төдийгүй Онтарио дахь төслүүдээ ч царцаагаад байна.
Хятадын төмрийн хүдрийн импорт өсчээ Сүүлийн нэг сарын турш Хятадын түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж байна. Гэсэн ч тус улс руу коронавирусын тархалтын улмаас Австрали, Бразилийн томоохон компаниудын төмрийн хүдрийн нийлүүлэлт буурсаар байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Австрали, Бразилийн нийлүүлэх төмрийн хүдрийн импорт 3.17 сая тонноор буурч 19.81 сая тоннд хүрчээ. Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, энэ оны эхний  улирлын байдлаар 262.7 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3%-иар өссөн байна. Өнгөрсөн есдүгээр сараас хойш Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ 1.2%-иар өсч  86.23 ам.долларын ханштай байгаа аж. Энэ нь гуравдугаар сарын 18-наас хойших хамгийн өндөр үнэд тооцогдож байна.
Хятад эдийн засгийн өсөлтийг дэмжихэд 570 тэрбум доллар зарцуулах төлөвтэй Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусын аюулыг “цар тахал”-ын хэмжээнд хүрсэн болохыг албан ёсоор (03.11) зарласан. Энэ нь дэлхийн олон улс оронд халдварт өвчин эрчимтэй тархах үед хэрэглэдэг нэр томъёо юм. Үүнтэй холбоотойгоор Европын холбооноос АНУ руу чиглэх бүх нислэгийг нэг сарын хугацаатайгаар зогсоож байгаагаа Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Уг шийдвэр  баасан гаригаас (2020.03.13) хэрэгжиж эхэлнэ. АНУ-ын тус мэдэгдэл нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдэлтэй хүч хавсарснаар хөрөнгийн зах зээлд томоохон савлагаа үүсгээд байна. Өчигдрийн байдлаар АНУ-ын хөрөнгийн биржийн гол индексүүд эрчимтэй буурч 1987 оны “хар даваа гариг”-аас хойш үзэгдээгүй их уналт үзүүлжээ. Тухайлбал Dow Jones Industrial Average индекс ганцхан өдрийн дотор 2300 нэгжээр буюу 10%-иар, Нью-Йоркийн хөрөнгийн биржийн S&P 500 индекс 9.51%-иар, NASDAQ-ийн биржийн Composite индекс 9.43%-иар тус тус буурсан байна. Европын гол индекс болох Euro Stoxx 600 индекс ч мөн 10 гаруй хувиар буурчээ.
Хятадын нүүрсний уурхайнуудын 83% нь хэвийн үйл ажиллагаанд шилжлээ Коронавирусын дэгдэлтийн улмаас карантин тогтоосон нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаа сэргэж эхэлснийг Хятадын Үндэсний эрчим хүчний газраас мэдээлжээ. Тодруулбал, Хубэй мужаас бусад бүс нутгийн нүүрсний уурхайн 83% нь хэвийн үйл ажиллагаанд орж байна. Тус уурхайнууд жилд нийтдээ 3.43 тэрбум тонн нүүрс олборлох хүчин чадалтай.  2020 онд БНХАУ-ын өмнөд бүс нутгийн Юунан, Гуйжоу мужийн нүүрсний 280 уурхайг хаах аж. Тухайлбал, Гуйжоу мужийн жилийн нүүрсний олборлолтыг 10 сая тонноор бууруулж  80 уурхай, Юунан мужид 200 уурхайг тус тус хаахаар болжээ.
Оросын нүүрсний экспорт 14%-иар буурчээ ОХУ энэ оны эхний хоёр сарын байдлаар 25.2 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14%-иар бага аж. Мөн хугацаанд тус улсын нүүрсний олборлолт 7.5%-иар буурч 66.54 сая тонн болжээ. Коронавирусын дэгдэлтийн улмаас Алс Дорнодын бүс нутгийн Хятадтай хиллэх хуурай боомтуудыг дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл хаасан бөгөөд далайн боомтуудаар нүүрс экспортолж байна. 2019 онд Орос улс нийт 193.6 сая тонн нүүрс экспортолжээ.
“Shanghai Metals Market”: Хятадын зэсийн үйлдвэрлэл гуравдугаар сараас сэргэнэ Хоёрдугаар сард Хятад улс 683.1 мянган тонн катодын зэс үйлдвэрлэжээ. Энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.1%-иар буурсан гэж “Shanghai Metals Market” мэдээлсэн байна. Тус улсын дотоодын тээврийн хөдөлгөөний хязгаарлалтын улмаас эрэлт буурч, үйлдвэрүүдийн нөөц нэмэгдсэнээр зарим компаниуд зэсийн үйлдвэрлэлээ танах, түр зогсооход хүрсэн. Энэ сарын эхээр гол бүс нутгийн тээврийн хөдөлгөөнийг нээж байгаа учир Хятадын үйлдвэрүүд сэргэхэд нөлөөлнө шинжээчид үзэж байна. 
ОХУ: Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг хязгаарлахгүй ОХУ-ын Үндсэн хуулийг өөрчлөх төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг  Төрийн Дум (2020.03.10) хийсэн байна. Анхны сансрын нисгэгч эмэгтэй Валентина Терешкова төрийн Думын гишүүний хувьд “Нэгдсэн Орос” намыг төлөөлж Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг  2 удаа улиран ажиллах хязгаарыг хүчингүй болгох саналыг дэвшүүлжээ. Төрийн Дум хагас цагийн завсарлага авсан бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж үг хэлэхдээ шинэ саналыг дэмжиж буйгаа мэдэгдсэн аж. Түүний мэдэгдлийн дараагаар, Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг хязгаарлахгүй байхаар төрийн Дум болон доод танхим тогтсон байна.
Алс Дорнодын хуурай  боомтууд  хаагджээ  Коронавирусын дэгдэлтийн улмаас ОХУ-ын Ерөнхий сайд Сергей Мишустин Алс Дорнодын бүс нутгийн Хятадтай хиллэх хуурай боомтын 16 цэгийг нэгдүгээр сарын 30-наас гуравдугаар сар хүртэл хаах шийдвэрийг гаргасан юм. Тэр дунд төмөр болон авто замын Забайкальск-Манжур, Благовещенск -Хэйхэ, Нижнеленинское-Тунзян, Пограничный–Суйфэнхэ, Гродеково–Суйфэньхэ болон Махалино–Хуньчунь   багтаж байна. Оросын хувьд Хятад, цаашлаад Азийн нутгийн орнуудын зах зээлд Монголын нүүрсний томоохон өрсөлдөгч орон юм. Хуурай боомтын тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хорьсноор Оросын нүүрсний экспортод   нөлөөлж эхэлжээ.
Роберт Фрийдланд: Зэсийн ханш огцом өсөх нь гарцаагүй Даваа гаригт (2020.03.02) Торонто хотноо эхэлсэн “PDAC 2020“ чуулганаар “Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд илтгэлдээ зэсийн болон платинумын бүлгийн металын ирээдүй хэрхэн өнгөтэй байгааг тодорхой танилцуулсан байна. Тэрээр “2020 оны  нэгдүгээр сар нь сүүлийн 141 жилийн хамгийн “дулаан сард” тооцогдсон бөгөөд агаарын бохирдол нэмэгдсээр байгаа нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал хэвээр байна. Үүнээс болж дэлхийн эдийн засагт жилд 5 их наяд ам.долларын зардал гарч, 7 сая хүн эндэж байна. Энэ бол коронавирусээс илүү ноцтой зүйл”
PDAC 2020: Коронавирус уул уурхайн төлөвийг хүндрүүлж байна Жил бүрийн гуравдугаар сард Торонто хотод болдог PDAC чуулганы үеэр суудал олох нь ихэвчлэн хэцүү байдаг. Гэсэн ч энэ жилийн чуулганаар өмнөх жилүүдээс харьцангуй цөөн зочид цугларчээ. “CRU” группийн захирал Пол Робинсон, метал олборлолтын төлөв байдлын талаарх илтгэлээ чуулганы сийрэг ирцийн талаар эхлүүлсэн байна. Тэрээр “Бид коронавирусын талаар ярихгүй байж болохгүй. Одоогоор дэлхий дахинд эрдэс, түүхий эдийн эрэлтэд төдийлөн өөрчлөлт гараагүй. Гэвч аялал жуулчлалын салбар,  гадаадад зорчиход бэрхшээлтэй байгааг чуулганы энгийн үе болон одоогийн ирцийг хараад та бүхэн ойлгох байх. Гэхдээ бидэнд БНХАУ, БНСУ-д тохиолдсон шиг цохилт хараахан тохиолдоогүй байгаа” гэлээ. Лондон хотод байрлах, бараа бүтээгдэхүүний судалгааны чиглэлийн компанийн удирдлагын Пол Робинсон уул уурхай, металын салбарт үүсээд байгаа өөрчлөлт, эргэлзээний талаар илтгэлдээ хуваалцсан байна.
Хятадын эдийн засгийн идэвхжил түүхэн доод хэмжээнд хүрлээ Улс орны эдийн засгийн эрчмийг илтгэдэг (аж үйлдвэрийн) PMI үзүүлэлтээр Хятадын хувьд өнгөрсөн хоёрдугаар сард түүхэн доод хэмжээнд хүрчээ. Тодруулбал уг үзүүлэлт өнгөрсөн сард 35.7%-тай гарчээ (50-иас доош бол бууралтыг илтгэдэг). Өнгөрсөн нэгдүгээр сард тус улсын PMI үзүүлэлт 50%-тай гарч байсан юм. Ийнхүү хоёрдугаар сард тун доогуур дүн гарсан нь ялангуяа Хятадын барилгын салбарын уналтаас болжээ. Гэхдээ коронавирусын тархалтыг тус улс хяналтандаа авсан тул ирэх саруудад сэргэлт ирнэ гэж Capital Economics тайлбарлажээ.
Орос Хятад руу эрчим хүч экспортлох нүүрсний цахилгаан станцын төслөө хийн болгож өөрчилнө Хятадын хилд ойр буюу Амар мужид Оросын хамгийн том цахилгаан станц байгуулах төслийг шинэчлэхээр болжээ. Тодруулбал, 1 ГВт хүчин чадалтай хийн цахилгаан станц болгож өөрчлөхөөр болсон тухай Оросын “Интер РАО” компани мэдэгдсэн байна. Хийн түүхий эдийн хувьд “Сибирийн хүч” хоолойгоос цахилгаан станцид нийлүүлэх боломжийг судлах аж. Цахилгаан станцын үйлдвэрлэлийг хийн болгох нь төслийн өртгийг бууруулж 80 тэрбум рублийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх урьдчилсан тооцоо гарчээ. 2009 оноос анх уг цахилгаан станцыг барих асуудал яригдсан. Улмаар 2013 онд Оросын “Интер РАО” компани болон Хятадын эрчим хүчний сүлжээний корпорацийн хооронд хамтын ажиллагааны гэрээ үзэглэсэн байдаг.
Орост нүүрсний салбараа хөгжүүлэхэд 6 их наяд рубль шаардлагатай  Өнөөдөр ОХУ-ын Засгийн газар “Нүүрсний аж үйлдвэрлэлийг 2035 он хүртэл хөгжүүлэх стратеги” хөтөлбөрийг хэлэлцэж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 6 их наяд рубль шаардлагатай гэж урьдчилан тооцож буй. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгджээ. 2035 он гэхэд Орос улс нийт 485-668 сая тонн нүүрс олборлохоор зорьж байна. Ирэх 15 жилд нүүрсний экспортын хэмжээг 259 сая, 2035 онд 390 сая тоннд хүргэхээр төлөвлөж байгаа юм. 2025 он хүртэл нүүрсний салбарт 1 их наяд рублийг хувийн хөрөнгө оруулалтаар татна гэж харж байна. Үүний тулд нүүрсний гол үйлдвэрлэлийн Тува, Якут, Забайкаль, Алс Дорнодын гол бүс нутагт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд анхаарах гэнэ. Шинээр 14 уурхайг нээж, нүүрс баяжуулах 20 үйлдвэрийг ашиглалтад оруулж, одоо үйл ажиллагаа явуулж буй 8 үйлдвэрийг шинэчлэн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хөтөлбөрт тусгажээ. 
ОХУ: Төмөр замаар Казахстаны нутгаар дамжин Хятад руу нүүрс экспортлоно 2020 оны хоёрдугаар сараас Орос улс төмөр замаар Казахстаны нутгаар дамжин Хятад руу нүүрс экспортлох талаар Москва, Нур-Султан хэлэлцэж байна. Тус хэлэлцээрээр талууд төмөр замын тээврийн тарифыг 65%-иар хөнгөлөх асуудлыг хэлэлцэж буй. Экспортын шинэ чиглэл нь Оросын “Кузбасс” компанийн нүүрсний Хятад руу нийлүүлэлтийг өргөжүүлж, Алс Дорнодын чиглэлийг нүүрсний төмөр замын тээврийг ачааллын дарамтыг бууруулна гэж үзэж байгаа юм. Казахстан улсын хувьд төмөр замын транзит тээврийг нэмэгдүүлэх сонирхолтой байна. Орос нь Хятадын зах зээлд нүүрсний нийлүүлэлтээр Австрали, Индонезийн дараагаар гуравдугаарт орохоор эрмэлзэж байгаа юм. Тус улс нь ирэх 10 жилд Хятад рүү экспортлох нүүрсний хэмжээгээ жилд 55 сая тоннд хүргэх зорилттой.
22 23 24 25 26 27 28