Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Орос төмөр замын чингэлэгт тээврээр нүүрсээ Хятад руу экспортолж байна 2021 оны нэгдүгээр сард Орос улс нийт 33.9 сая тонн нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.4%-иар өсчээ. Дотоодын зах зээлд 15.8 сая тонн нүүрс нийлүүлсэн бол 16.31 сая тонн нүүрс экспортолсон байна. Экспортын тухайд өнгөрсөн оны мөн үеэс 26.1%-иар өссөн үзүүлэлт юм. “Оросын төмөр зам” (РЖД) компани нь нэгдүгээр сарын 20-ноос Забайкалийн бүс нутгаас эрчим хүчний нүүрсийг төмөр замаар 20 тонн чингэлгийн (34 сая тонн нүүрс) тээврээр экспортолж эхэлжээ.
Киргиз уул уурхайн салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг хориглоно ​​​​​​​Киргизийн шинэ Ерөнхийлөгч Садыр Жапаров өөрийн улсын уул уурхайн салбарын шинэчлэлтэй холбоотой зарлигт газрын үсэг зуржээ. Тус шинэчлэлээр, ашигт малтмалын томоохон ордод хэрэгжүүлэх төсөлд гадаадын хөрөнгө оруулалттай компанийн оролцоог хориглосон байна. Тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны мэдэгдэлд дурдсанаар, төрийн хувь оролцоотой ордуудын ашиглалтыг зөвхөн Киргиз улсын 100%  эзэмшилтэй  үндэсний компани гүйцэтгэнэ. Энэхүү хориг нь одоо хэрэгжиж буй гадаадын хөрөнгө оруулалттай төслүүдэд хамаарахгүй аж.
“Хос эргэлт”-д тулгуурласан Хятадын  стратеги Урд хөрш хөгжлийн чиглэлээ шинэчлэн тогтоож байна. Өнгөрсөн тавдугаар сард Хятадын дарга Си Жинпин “хос эргэлт” бүхий эдийн засгийн хөгжлийн стратегийг танилцуулсан юм. Энэхүү стратеги нь Хятадын XIV таван жилийн төлөвлөгөөний гол хэсэг байх нь одоо нэгэнт тодорхой боллоо.  Монголын эрдэс түүхий эдийг, тэр дундаа нүүрс, зэс, төмрийн хүдэр, цайр, газрын тосыг бараг бүхэлд нь худалдаж авдаг, худалдааны гол түнш орон нь урд хөрш.
ГШХО татсан үзүүлэлтээр Хятад тэргүүллээ Гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан байдлаар анх удаа дэлхийд БНХАУ тэргүүлсэн байна. НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын (ЮНКТАД) тайлангаар, 2020 онд Хятадын эдийн засагт гадаадаас 163 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оржээ. Энэ нь өмнөх оноос 4%-иар нэмэгдсэн үзүүлэлт аж. Хятад улс тэргүүлэхэд дэлхийн бусад орнууд, тэр дундаа АНУ-д хөрөнгө оруулалт буурсан нь нөлөөлжээ. Сүүлийн арав гаруй жил тэргүүлж ирсэн АНУ-ын эдийн засаг 2020 онд 134 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гадаадаас татсан байна. Энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн 2019 онтой харьцуулахад хоёр дахин буурчээ. Тайланд тэмдэглэснээр, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын бүрэн эрхийн хугацаанд тус улс руу чиглэсэн ГШХО буурсан байна.
Хятад руу хийх Австралийн зэсийн баяжмалын экспорт “таг зогсов”  Хятад улс Австралиас зэсийн баяжмал импортлохоо бүрэн зогсоожээ. Энэ нь албан ёсны хориг биш ч хоёр улсын таагүй харилцааны улмаас Хятадын үйлдвэрлэгчид Австралиас түүхий эд худалдан авахаас зайлсхийж байна.  Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард Австралиас нэг ч тонн зэсийн баяжмал болон хүдэр Хятад улс импортлоогүйг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Тэгвэл өмнөх арваннэгдүгээр сард 26.71 мянган тонн, 2019 оны сүүлийн сард 110.93 мянган тонныг Австралиас худалдан авч байжээ. Австралийн зэсийн баяжмалын Хятадын импортын хэмжээ 0 болсон нь сүүлийн 16 жилийн хугацаанд буюу 2014 оны дөрөвдүгээр сараас хойших анхны тохиолдол болохыг International Copper Study Group (ICSG) мэдэгдсэн юм.
Хятад хөнгөн цагааны 10 үйлдвэр шинээр ашиглалтад оруулна Энэ онд Хятад улсад нийт 2.35 сая тонн хөнгөн цагаан үйлдвэрлэх хүчин чадал бүхий 10 шинэ үйлдвэр ашиглалтад орох төлөвтэйг “S&P Global Platts” мэдээллээ. Тодруулбал, тус улсын хөнгөн цагааны үйлдвэрлэлийн гол бүс нутаг Юнань мужид 2020 онд “Yunnan Shenhuo Aluminum”, “Wenshan Aluminum” болон “Yunnan Hongtai New Materials” зэрэг гурван том үйлдвэрлэгч нийт 1.68 сая тонн хүчин чадалтай үйлдвэрүүдийг ашиглалтад оруулжээ. 2021 онд нэмж 2.08 сая тонн хүчин чадал бүхий үйлдвэрүүдээр тус улсын хөнгөн цагааны салбар өргөжих юм байна.   
“Mysteel”: 2021 онд Хятадын гангийн эрэлт тогтвортой байна Хятадын төмөрлөгийн холбооны (CISA) тайланд (2021.01.19) тус улсын дотоодын зах зээл дээр гангийн үнэ буурах төлөвийг дурджээ. Энэ нь эцсийн хэрэглэгчдийн эрэлт багассантай холбоотой гэж “Mysteel”-ийн шинжээчид тайлбарлаж байна. Нөгөөтэйгүүр, КОВИД-19 цар тахлын дэгдэлтээс сэргийлэх дотоодын хяналтаа чангатгаж буй нь эрэлт буурахад нөлөөлж байгаа аж. Гэхдээ Хятад улсын эдийн засгийн сэргэлт, өсөлт хүлээлтээс өндөр байгаа учир 2021 онд тус улсын гангийн эрэлт тогтвортой байх төлөвийг шинжээчид тэмдэглэжээ.
Орос Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг алт руу шилжүүлнэ ОХУ-ын гадаад валютын нөөцийн бүтцэд анх удаа алтны хувь хэмжээ ам.долларыг давжээ. Тодруулбал, тус улсын Төв банкны тайлангаар, нийт нөөцийн 23%-ийг алт (128.5 тэрбум ам.доллартай тэнцэнэ) бүрдүүлж еврогийн дараа оржээ. Харин 124.6 тэрбум америк доллар нь нийт нөөцийн 22% болж буурсан байна. 2018 онд нийт нөөцийн 44%-ийг америк доллар бүрдүүлж байжээ. Энэхүү өөрчлөлт нь Оросын эдийн засгийг америк доллараас үл хамаарах, хоёр улсын харилцаа муудаж буй нөхцөлд АНУ-ын хориг арга хэмжээнд өртөмтгий байдлыг бууруулах гэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бодлогын нэг хэсэг хэмээн шинжээчид тайлбарлаж байгаа юм. 2020 оны арванхоёрдугаар 25-ны байдлаар, тус улсын гадаад валютын нийт нөөц 592.4 тэрбум ам.доллартай тэнцэж байв.   
Родийн үнэ 20.19 мянган ам.доллар хүрч өсчээ Үнэт металын бүлэгт багтах родийн (Rh) ханш өссөөр байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард, дэлхийн зах зээл дээр унц родий 16.9 мянган ам.доллар хүрч түүхэн дээд үзүүлэлтэд тооцогдсон юм. Тэгвэл 2021 он гарснаас хойш тухайн металын ханш 19%-иар өсчээ. Лхагва гаригийн (2021.01.13) байдлаар, унц родий 20.19 мянган ам.долларын үнэтэй худалдаалагдаж байна.  Ердөө 615 ам.долларын үнэтэй байсан родийн үнэ сүүлийн таван жилийн хугацаанд 3000% өсчээ. Энэхүү метал нь автомашины үйлдвэрлэлийн ойролцоогоор 85%-д хамаардаг гол түүхий эд юм. Улс орнууд агаарын бохирдлыг бууруулах хүчин чармайлтаас үүдэн аж үйлдвэрийн салбарт родийгийн хэрэгцээ нэмэгдсээр байна.
Хятад зам тээврийн дэд бүтцэд 2.4 их наяд юанийн хөрөнгө оруулна 2021 онд Хятад улс нь зам тээврийн дэд бүтцэд 2.4 их наяд юанийн хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна. Энэ тухай тус улсын Зам, тээврийн сайд Ли Сяопин мэдэгджээ. Ингэхдээ 3700 км төмөр зам шинээр барьж байгуулах төсөөлөлтэй байна. Гэхдээ дэд зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын талаарх тодорхой төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын хэмжээг албан ёсоор мэдээлээгүй байгаа юм. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын хэмжээтэй харьцуулахад 2021 онд мэдэгдэхүйц буурахаар байна. Тодруулбал, 2020 онд зам тээврийн дэд бүтцэд 3.42 их наяд юань (523.47 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулсан тухай Хятадын Үндэсний зам тээврийн хурлаар танилцуулжээ.
“China Molybdenum”компани Конгод зэс, кобальтын томоохон ордыг эзэмшив Хятадын молибден, вольфрамын томоохон үйлдвэрлэгч “China Molybdenum” нь Конго улс дахь зэс-кобальтын “Kisanfu” ордын төслийн 95%-ийг эзэмшилдээ авлаа. Энэхүү хувь эзэмшлийг 550 сая ам.доллараар АНУ-ын “Freeport-McMoRan” компаниас худалдан авсан байна. “Kisanfu” ордын төслийн үлдсэн 5%-ийг Конго улсын Засгийн газрын эзэмшилд буй аж. Тус орд нь ойролцоогоор 6.28 сая тонн зэс болон 3.1 сая тонн кобальтын нөөцтэй. Ордыг ашиглалтад оруулснаар дэлхийн кобальтын томоохон нийлүүлэгч болох боломжтой гэж Хятадын компанийн Захирлуудын зөвлөлийн дэд дарга Ли Чаочун мэдэгджээ.   
Хятадад нүүрсний төмөр зам шинээр ашиглалтад оржээ Хятадын Хэбэй муж дахь Хунхуа боомтыг Шандун мужийн Ингкоу боомттой холбосон 216.8 км төмөр зам шинээр (2020.12.26) ашиглалтад оржээ. Энэхүү төмөр зам нь жилд 32 сая тонн нүүрс тээх хүчин чадалтай бөгөөд цаашдаа 47.5 сая тоннд хүргэж нэмэгдүүлэх юм байна. Тонн нүүрсний тээврийн өртөг ойролцоогоор 107 юань байсан бол төмөр замаар 43 юаниар тээвэрлэх боломж бүрдэж, жилд тээврийн зардлаас 170 сая юань (24 сая ам.доллар) хэмнэх тооцоо гарчээ.
Дэлхийн банк : Монгол Улсын эдийн засаг 4.3% өсөх төсөөлөлтэй байна Дэлхийн эдийн засаг 2020 онд 4.3%-иар агшиж, цаашид эргэн сэргэх төлөвтэй байгаа ч цар тахлын нөлөөгөөр өвчлөл, нас баралт үлэмж хэмжээгээр нэмэгдсэнээс гадна сая сая хүн ядууралд өртөж, эдийн засгийн идэвхжил, орлогын сэргэлт багагүй хугацаа шаардахаар байна. Дэлхийн банк “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайлангаа шинэчлэн танилцуулжээ. Ингэхдээ дэлхийн эдийн засаг 2021 онд 4%-иар өсөх боломжтой бөгөөд вакцинжуулалт болон хөрөнгө оруулалт эдийн засгийн сэргэлтэд чухал үүрэгтэйг онцолж байна. Хөгжиж буй орнууд (БНХАУ-ыг оруулснаар)-ын эдийн засаг 2020 онд 2.6%-иар агшсан бол 2021 онд 5%-иар өснө хэмээн үзжээ.
“Mуsteel”: 2021 онд Хятадын гангийн үйлдвэрлэл 2%-иар өснө 2020 онд Хятад улсын гангийн нийт үйлдвэрлэл 5-6%-иар нэмэгдэж 1.05 тэрбум тоннд хүрэв. Агаарын бохирдолтой тэмцэж чанар муутай, бага хүчин чадалтай үйлдвэрүүдийг хаах хүрээнд 2021 онд гангийн үйлдвэрлэлээ бууруулах зорилт тавьжээ. Энэ онд тус улсын XIV таван жилийн төлөвлөгөө эхэлж байна. Тэгвэл төмрийн хүдэр, гангийн үйлдвэрлэлийн зах зээлийн шинжилгээний “Mуsteel” агентлагийн шинжээч Ван Цянхуа “2021-2025 онд дотоодын зах зээлийг өргөжүүлэх нь Хятад улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл байх болно. Энэ нь өргөн хэрэглээний бараа, өндөр технологийн аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд нөлөөлнө. Дэд бүтцийн төслүүд ч үргэлжилнэ. Тиймээс металлургийн салбарт ихээхэн түлхэц үзүүлнэ. 2021 онд Хятадын гангийн үйлдвэрлэл 2%-иар нэмэгдэнэ” гэж таамаглаж байна.
Жо Байден: “Ногоон” металын эрэлтийг өсгөнө АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль (2020.11.03) болж, үр дүнд нь “ногоон” металын ирээдүйг баталгаажууллаа.  Доналд Трамп, аль эсвэл Жо Байден ялах уу гэдэг нь яг тухайн өдөртөө тодорхой болоогүй учир хүмүүс урьдчилсан үр дүнг удтал хүлээсний эцэст дөрөв хоногийн дараа сонссон. Одоогийн байдлаар Байден ялах нь эргэлзээгүй болоод байгаа ч Трамп сонгуулийн дүнг хууль бус хэмээн хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна. Трамп сонгуулийн дүнтэй эвлэрэхгүй байгаа ч арванхоёрдугаар сарын 14-нд сонгуулийн дүнг эцэслэж гаргана. Энэ үеэр мэдээж Ардчилсан намаас нэр дэвшсэн Байдены ялалт албажиж, харин Конгрессын дээд танхим буюу Сенатад түүний өрсөлдөгч нам болох Бүгд Найрамдахчууд олонх болох магадлалтай байна. 
“Сибирийн хүч 1” хоолойгоор 3.84 тэрбум шоо метр хий Хятадад нийлүүлжээ “Сибирийн хүч 1” байгалийн хий дамжуулах хоолойг одоогоос жилийн өмнө (2019.12.02) ашиглалтад оруулж Оросоос анхны бүтээгдэхүүнийг Хятад руу нийлүүлж байсан билээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус хоолойгоор 3.84 тэрбум шоо метр хий экспортолсон тухай Оросын “Газпром” компани мэдээлэв. Гэрээний дагуу арванхоёрдугаар сард Хятадын тал Оросоос авах байгалийн хийн импортоо огцом нэмэгдүүлэх, эсвэл энэ оны үлдсэн нийлүүлэлтийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Орос, Хятадын тал 2014 онд байгуулсан гэрээгээр “Сибирийн хүч 1” хоолойгоор 2020 онд 5 тэрбум, 2021 онд 10 тэрбум, 2022 онд 15 тэрбум шоо метр хий нийлүүлэх хуваарьтай. Хий дамжуулах хоолойг бүрэн хүчин чадалд хүргэхэд Оросын талаас түүхий эдийн нөөц дутмаг гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. 
Канад, Австралийн хамтарсан компани зэс-цайрын төсөл хэрэгжүүлнэ  Канад, Австралийн хамтарсан “Ambler Metals” компани зэс-цайрын ордын “Upper Kobuk Mineral Projects” төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө баталжээ. Канадын “Trilogy Metals”, Австралийн “South32” хамтарсан компанийг 2020 оны хоёрдугаар сард байгуулсан байна. Тухайн үед “Upper Kobuk” ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Trilogy Metals” компани нь төслийг хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчийг хайж байжээ. “Upper Kobuk” орд нь 3.6 сая тонн зэс, 1.36 сая тонн цайр болон 1 сая унц алтны таамаг  нөөцтэй. Гэхдээ ордын алслагдсан байршил, байгалийн хүнд нөхцөл нь төслийн бүтээн байгуулалтын зардлыг ихээхэн нэмэгдүүлж байгаа юм.
“Codelco” компани Эквадор дахь төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байна Чилийн төрийн өмчит “Codelco” компани нь Эквадорын эрх баригчдаас зэсийн “Llurimagua” томоохон төсөлд тус улсын төрийн “Enami EP” компанитай хамтрахад "найрсаг" дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Эквадор дахь зэсийн ихээхэн нөөцтэй “Llurimagua” ордын хайгуулын ажилд 2012 оноос Чилийн компани оролцож ирсэн бөгөөд ойролцоогоор 60 сая ам.доллар зарцуулжээ. 2019 онд “Codelco” болон “Enami EP” компаниуд хамтарсан үйлдвэр байгуулах гэрээг үзэглэж, хамтарсан үйлдвэрийн 51%-ийг Эквадорын тал эзэмшихээр  тохиролцсон байна. Гэвч гэрээний нөхцөлөө зөрчсөн гэж талууд бие биенээ буруутгаснаар энэхүү төслийг хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөө нурсан аж. Түүнчлэн, Эквадорын байгаль орчныг хамгаалах ТББ-ууд “Llurimagua” төслийг хэрэгжүүлэхийн эсрэг байр суурьтай байгаа юм.
“Эливана” уурхайгаас хүдрийг төмөр замаар тээвэрлэхэд бэлэн болжээ “Fortescue Metals” компани нь Баруун Австрали дахь “Эливана” уурхайгаас төмрийн хүдрийн анхны тээвэрлэлтийг төмөр замаар хийхэд бэлэн болжээ. Тодруулбал, арванхоёрдугаар сараас тээврийг эхлүүлэх аж. Нийт 1.25 тэрбум ам.долларын өртөгтэй “Эливана” уурхайн цогцолборт, жилд 30 сая тонн хүдрийг хуурай аргаар баяжуулах үйлдвэр, 143 км төмөр замын төсөл багтаж байгаа юм. Төмөр зам барих ажил 2019 оны долдугаар сараас эхэлж ийнхүү ашиглалтад орж байна. Анх 2018 онд тус компаниас “Эливана” ордыг шинээр хэрэгжүүлэхээр болж, уурхайг 2020 оноос олборлохоор төлөвлөснөө мэдэгдсэн билээ. Ордын ашиглалтын хугацаа 18 жил бөгөөд 60%-ийн төмрийн агуулгатай хүдэр олборлоно. 2021 оны эхний хагаст уурхайн үйл ажиллагаа эхлэх юм.
“First Quantum” компани “Таса Таса” ордын  хайгуулын дүнг танилцуулав   Канадын “First Quantum” компаниас Аргентин дахь зэсийн “Таса Таса” ордын хайгуулын эцсийн үр дүнг танилцуулжээ. Тухайн дүгнэлтээр, эл орд нь 7.7 сая тонн зэс, 5 сая унц алт болон 210 мянган тонн молибдений нөөцтэй аж. Ингэснээр “First Quantum” компанийн нийт зэсийн нөөц 29 сая тонн хүрч, дэлхийд 5 дахь том зэс үйлдвэрлэгч болж байна. Тус компани нь “Таса Таса” ордыг түшиглэн жилд 60 сая тонн хүдэр боловсруулах УБҮ байгуулах юм. Тус үйлдвэрлэлд Панам дахь “Cobre Panama” болон Замби дахь “Sentinel" уурхайн техникүүдийн шийдлийг ашиглахаар төлөвлөжээ.
20 21 22 23 24 25 26