Ертөнц
Хятад: Америкийн бараанд ногдуулах импортын татвараа 50%-иар багасгана
Өнгөрсөн пүрэв гаригт БНХАУ-ын зүгээс АНУ-тай хийсэн Худалдааны хэлэлцээрийн эхний шатны гэрээний хэрэгжилт болгож татвар бууруулахаар болсноо зарлалаа. Тодруулбал Америкаас импортолдог 75 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг 50%-иар багасгахаар болжээ. Уг шийдвэр энэ сарын 14-нөөс хэрэгжиж эхлэх бөгөөд цаашид хоёр улсад үлдээд буй импортын нэмэлт татварыг бүхэлд нь цуцлах хүртэл хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа Хятадын зүгээс илэрхийллээ.
S&P Global Platts: Коронавирусын улмаас Хятадын гангийн хэрэглээ 45-60%-иар буурч болзошгүй
Коронавирусын дэгдэлтийн улмаас хоёрдугаар сард Хятадын гангийн хэрэглээ буурч 31-43 сая тоннд хүрч болзошгүй гэсэн таамгийг “S&P Global Platts” агентлагаас дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл 2018 оны мөн үеэс 45-60%-иар буурна гэж тус агентлаг үзэж байна. “S&P Global Platts” агентлагийн шинжээчид, гангийн нийт хэрэглээний 55%-ийг бүрдүүлдэг барилгын салбартай холбон тайлбарлажээ. Учир нь Хятадын ихэнх бүс нутагт хоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэл барилгын үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байгаа юм. Барилгын ажилчдын хоёр долоо хоногийн хугацаатай карантиныг энэ сарын 24-ныг хүртэл сунгахаар болжээ. Зарим хотод барилгын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл зогсоосон байна. Коронавирусээр халдварласан иргэдийн тоо буурахгүй байгаа энэ үед Хятад улсын хэмжээнд барилгын салбарын үйл ажиллагааг дөрөвдүгээр сар хүртэл царцааж магадгүй гэж “S&P Global Platts” агентлаг таамаглаж байгаа юм.
Cochilco: Чили улсын зэсийн үйлдвэрлэл 2027 онд дээд хэмжээнд хүрнэ
Чилийн төрийн зэсийн “Cochilco” хорооноос үндэсний зэсийн салбарын 2030 он хүртэлх зэс үйлдвэрлэлийн таамгийг гаргасан байна. Энэхүү таамгийг дэвшүүлэхдээ тус улс дахь гадаад, дотоодын компаниудын одоо хэрэгжүүлж буй болон шинээр хэрэгжих зэсийн төслүүдийг хамруулжээ. Уг таамгаар, ирэх 10 жилд Чили улсын зэсийн үйлдвэрлэл 20.5%-иар өсч 7.04 сая тоннд хүрэх аж. Гэхдээ 2027 онд зэсийн үйлдвэрлэл 7.33 сая тонн хүрч дээд амжилт үзүүлэх ч эргээд 4%-иар буурна гэж таамаглажээ.
Австралийн уул уурхай, барилгын гүйцэтгэгч "CIMIC" группын шинэ захирлыг томиллоо
Австралийн уул уурхай, барилгын гүйцэтгэгч "CIMIC" групп шинэ гүйцэтгэх захирлаараа Жан Сантамариаг дэвшүүлэн томиллоо. Тэрбээр төрийн болоод хувийн хэвшлийн хувьд уул уурхай, барилгын салбарт ажиллахуйц хангалттай туршлагатай нэгэн юм. Өмнө нь "CIMIC" группын Гүйцэтгэх захирлаар Майкл Райт ажиллаж байсан. "CIMIC" группын ТУЗ-ийн дарга Марселино Фернандез Вердез “Жан Сантамариагийн уул уурхай, барилгын бизнесийн салбарт ажилласан 20-иод жилийн туршлага нь цаашид "CIMIC" группын үйл ажиллагааг тогтвортой өсөлтийг үргэлжлүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Мөн “Сантамариа бол "CIMIC" группын бүхий л үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд мэддэг учраас ажилчдыг хөгжүүлэх, цаашлаад үйлчлүүлэгчдэд мэргэжлийн үйлчилгээг үзүүлж чадна” гэжээ.
Си Жинпин коронавирус Хятадын нийгмийн тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэлтэйг санууллаа
Даваа гаригт (02.03)Хятадын Коммунист намын хоёр дахь хурал болсон байна. Энэ үеэр БНХАУ-ын дарга Си Жинпин коронавирусын дэгдэлтийг дарахын тулд бүх шатны байгууллагууд хамтран ажиллах шаардлагатайг хэлжээ. Мөн үхлийн аюулт энэхүү вирус нь Хятад улсын нийгмийн тогтвортой байдалд нөлөөлж болзошгүйг сануулав. Энэ жилийн зорилт нь дундаж давхаргыг нэмэгдүүлэх гэдгийг Коммунист намын удирдлага хэллээ. Хятадад үүссэн нөхцөл байдлаас үүдэж тус улсын удирдлагууд сүүлийн жилүүдэд дээд хэмжээний уулзалтуудыг ойр ойрх зохион байгуулж байгаа юм. Мөн коронавирусийн халдвараар нас барагсдын тоо 400 зуу хол давсан нь Хятадын хөрөнгийн биржүүдэд хувьцааны үнэ унахад нөлөөлж байна.
Трампын "парадокс"
Тэргүүлэх эдийн засагтай хоёр гүрэн АНУ-Хятадын хооронд хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн худалдааны дайныг эцэслэх тухай эхний шатны хэлэлцээрт хүрч чадсан талаар арванхоёрдугаар сарын 13-нд талууд албан ёсоор мэдэгдэв. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа хүрэн метал буюу зэсийн ханш Лондоны металын бирж дээр 6000 мянган ам.доллар/тонн-ын босгыг хол давж тавдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрэв. Газрын тосны ханш ч өсөх шинжтэй болж ирлээ. АНУ нь арванхоёрдугаар сарын 15-нд Хятадаас импортолдог 160 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд “торгууль” болгож нэмэлтээр 15%-ийн татвар ногдуулах байснаа цуцаллаа.
Гэхдээ АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар Хятадын 250 тэрбум ам.долларын импортын татварын хувь хэмжээг 25%-иар хэвээр үлдээж, харин 120 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварын хувь хэмжээг 7.5% руу буулгаж байгааг мэдэгдээд (2019.12.13) байна.
Хятадын газрын ховор металын экспорт буурчээ
2019 онд Хятад 46.33 мянган тонн газрын ховор метал экспортолсон нь 2015 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болохыг тус улсын Гаалийн Ерөнхий газраас мэдээлжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 3657 тонн газрын ховор метал экспортолсон нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 32.5%-иар буурчээ. Энэхүү бууралтыг Хятадын шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлт буурч, Япон, АНУ болон Европын Холбооны аж үйлдвэрлэл саарч буйтай холбон тайлбарлаж байна. АНУ-Хятадын худалдааны зөрчилтэй шууд холбоогүй гэдгийг ч тэмдэглэж байгаа юм.
АНУ-Хятадын худалдааны эхний шатны гэрээг үзэглэв
Сүүлийн 18 сарын хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийн эцэст АНУ-Хятадын худалдааны дайныг "зөөлрүүлэх" томоохон гэрээнд талууд лхагва гаригт Цагаан ордонд үзэглэлээ. Энэхүү 86 хуудас бүхий гэрээнд АНУ-ын талаас Ерөнхийлөгч Доналд Трамп, Хятадын талаас Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ гарын үсэг зурсан байна. Гэрээ зурагдсан явдлыг Трамп АНУ-ын эдийн засгийн хувьд ялалт болсныг зарлажээ. Ингэснээр түүний хувьд 2020 оны сонгуулийн кампанит ажилдаа хэлэх үгтэй болж байна.
Platts: 2020 онд Хятадын гангийн үйлдвэрлэл түүхэн дээд хэмжээнд хүрнэ
Энэ онд Хятадын гангийн үйлдвэрлэл 1 тэрбум тонноос давна гэж “Platts” агентлагийн шинжээчид таамаглаж байна. Хэдийгээр тус улсын төрийн бодлогоор төвийн бүс нутгуудад хүнд аж үйлдвэрлэлийн хүчин чадлыг танаж байгаа ч зах зээлийн эрэлтийг дагаад гангийн үйлдвэрлэл өснө гэж үзжээ. Дэлхийн гангийн холбооны мэдээллээр, 2019 оны эхний 11 сард Хятадын гангийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 7%-иар өсч 904.18 сая тоннд хүрсэн аж. Өнгөрсөн оны нийт үйлдвэрлэл 986 сая тонн байхаар байна.
Узбекистан тэрбум гаруй долларын уран Японд нийлүүлэхээр төлөвлөжээ
Узбекистан улсын Ерөнхийлөгчийн "Узбекистан, Япон улс хоорондын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээний тухай" зарлигийн дагуу Навоигийн уулын баяжуулах үйлдвэр 2023-2030 онд 1.14 тэрбум долларын үнэтэй уран Японд нийлүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, “Марубени”-д 510.1 сая ам.доллар, “Иточу” компанид 636.4 сая ам.долларын уран тус тус нийлүүлэх аж. Навоигийн уулыг баяжуулах үйлдвэр нь Узбекистан улсын уран экспортолдог ганц үйлдвэр юм.
Хэбэй муж коксжих нүүрсний үйлдвэрлэлээ 2 сая тонноор танана
Хятадын гангийн үйлдвэрлэлийн хамгийн том бүс нутаг Хэбэй муж гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа үргэлжлүүлэн танана гэж тус мужийн амбан захирагч Сю Цинь мэдэгджээ. Тодруулбал, 2020 онд Хэбэй мужийн гангийн нийт үйлдвэрлэлийг 14 сая тонноор танах аж. Мөн агаарын бохирдлыг бууруулах төрийн бодлогын дагуу, тус муж нүүрсний олборлолтоо 6 сая тонн, тэр дундаа коксжих нүүрснийхийг 2 сая тонноор тус тус танах юм байна. Өнгөрсөн 2019 онд Хэбэй муж гангийн үйлдвэрлэлийг 14.02 сая, нүүрсийг 10.06 сая тонноор бууруулжээ.
“Nippon Steel” компани Австралид коксжих нүүрсний уурхай худалдан авчээ
Японы гангийн томоохон үйлдвэрлэгч “Nippon Steel” нь уул уурхайн “Anglo American” компаниас Австрали дахь нүүрсний “Grosvenor” уурхайн хувь эзэмшлийг худалдан авсан байна. Тодруулбал, 60 сая ам.доллараар тус уурхайн 5%-ийг эзэмшихээр болжээ. Энэ уурхай нь “Nippon Steel” компанийн мөн л 5%-ийн эзэмшилтэй “Moranbah North” нүүрсний уурхайд ойр байршдаг аж. “Grosvenor” уурхай Зүүн Австралийн Квийнслэнд мужид оршдог бөгөөд 2016 оноос өндөр чанарын коксжих нүүрсний олборлолт явагдаж байгаа юм.
ОХУ: Хятад руу экспортлох нүүрсний хэмжээг 55 сая тоннд хүргэнэ
ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд Анатолий Яновский мэдэгдсэнээр, 2019 онд тус улсын нүүрсний нийт экспортын хэмжээ 225 сая тоннд хүрэхээр байна. Үүнээс 35 сая тонн нүүрс Хятад руу экспортолж өмнөх оныхоос 27%-иар өсөх төлөвтэй. Ази-Номхон далайн орнуудад экспортолж буй нүүрсний нийт хэмжээ 100 сая тоннд хүрэхээр байгаа аж. Ирэх арван жилд зөвхөн Хятадын зах зээлд нийлүүлэх нүүрсний экспортын хэмжээг 55 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна.
2020 онд Оросын зэсийн Быстринскийн үйлдвэр IPO гаргана
Оросын Забайкалийн хязгаар дахь зэсийн Быстринскийн уулыг баяжуулах үйлдвэр нь 2020 онд IPO гаргахаар төлөвлөж буйг “Норникель” компанийн санхүүгийн зах зээл хариуцсан Дэд ерөнхийлөгч Алексей Захаров мэдэгджээ. IPO гаргах ажлын талаарх илүү нарийн мэдээлэл энэ оны эцсээр тодорхой болох аж. Урьдчилсан байдлаар, Москва, Лондон, Шанхай, Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар судалж байна. Ирэх оны сүүлч гэхэд Быстринскийн УБҮ нь бүрэн хүчин чадалдаа хүрэх учир IPO гаргах тохиромжтой гэж компани үзэж байна. Тус үйлдвэрийн бүтээн байгуулалт 2013 онд эхэлсэн бөгөөд 2017 онд эхний ээлж ашиглалтад орсон юм. Бүрэн хүчин чадлаар, жилд 260 мянган тонн зэсийн баяжмал, 2.9 сая тонн төмрийн хүдэр болоод 252 мянган унц алтны агуулга бүхий баяжмал тус тус үйлдвэрлэнэ. Бүтээгдэхүүнээ Хятад, Япон, Өмнөд Солонгосын зах зээлд экспортлох зорилттой.
ОХУ: 2025 онд Энэтхэг рүү 28 сая тонн нүүрс экспортолно
Орос нь 2025 онд Алс Дорнодын нутгаар Энэтхэг рүү нүүрсний экспортоо 6 дахин нэмэгдүүлж 28 сая тоннд хүргэхээр төлөвлөжээ. Энэ тухай Алс Дорнодын хөгжлийн сайдын нэгдүгээр орлогч Сергей Тырцев “Орос-Энэтхэгийн нүүрсний төслүүд” бага хурал дээр мэдэгдсэн байна Алс Дорнодын холбооны тойрог нь нүүрсний олборлолтын хэмжээгээр ОХУ-д хоёрдугаарт ордог бүс нутаг юм. Өнөөгийн байдлаар тус бүс нутагт томоохон 10 уурхайгаас нүүрсний гол олборлолт хийгдэж байна. 2018 онд Алс Дорнодын нутгаас 4.5 сая тонн нүүрс Энэтхэгийн зах зээлд экспортолжээ.
Перугийн Засгийн газар зэсийн Tia Maria уурхайн зөвшөөрлийг олгожээ
Мексикийн “Southern Copper” компанийн зэсийн 1.4 тэрбум ам.долларын өртөгтэй Tia Maria төслийн үйл ажиллагааг сэргээн явуулах зөвшөөрлийг Перу улсын Засгийн газраас олгожээ. Тус компани нь “Grupo Mexico” группийн бүрэлдэхүүнд багтдаг байна.Перугийн өмнөд хэсэгт орших энэхүү зэсийн уурхайн төсөл нь 2010 оноос хэрэгжиж эхэлсэн ч байгаль орчин болоод ус бохирдуулна гэж болгоомжилсон нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас төслийн үйл ажиллагаа 3 удаа зогсоход хүрчээ. Хамгийн сүүлд, 2019 оны наймдугаар сард уг зэсийн уурхайн “Southern Copper” компанийн тусгай зөвшөөрлийг Перугийн Засгийн газраас цуцалж байжээ.
ОХУ: Дэлхийн нүүрсний зах зээлийн 25%-ийг эзлэх зорилттой
Энэхүү зорилтыг “ОХУ-ын эрчим хүчний 2035 он хүртэлх стратеги”-д тодорхойлсон байна. Уг төлөвлөгөөний дагуу, 2018 онтой харьцуулахад 2024 он гэхэд нүүрсний олборлолтыг 20%-иар нэмэгдүүлж 480-530 сая тоннд хүргэх аж. Нүүрсний экспортын тухайд, Ази-Номхон далайн бүс нутаг, Ойрхи Дорнод болон Африкийн орнуудын зах зээлд чиглэх бөгөөд 2035 онд дэлхийн нүүрсний зах зээлийн 25%-ийг хангах зорилт дэвшүүлжээ. Хэдий дэлхийн улс орнуудад нүүрсний хэрэглээ буурч байгаа ч Азийн зах зээлийн эрэлт өндөр хэвээр байна гэж Оросын зах зээлийн шинжээчид үзэж буй.
Бразилийн“Vale”, Хятадын “Baowu” хамтарна
Дэлхийн төмрийн хүдрийн томоохон үйлдвэрлэгч Бразилийн “Vale” компани, Хятадын гангийн гол үйлдвэрлэгч “Baowu Iron&Steel” групптэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Олон улсад төмрийн хүдэр болоод гангийн үйлдвэрлэлийн худалдаа эрхлэх хамтарсан компани байгуулахаар талууд тохиролцсон байна. Энэхүү хамтын ажиллагаа нь “Baowu Iron&Steel”-ийн жилд 100 сая тонн ган үйлдвэрлэх зорилтод хүрэхэд томоохон түлхэц болно хэмээн тус групп үзэж байгаа юм.
Sinosteel” компани нь Баруун Австралид боомт, төмөр зам барих эрх авлаа
Хятадын “Sinosteel” компани нь Баруун Австрали дахь Оукежи боомтын өргөтгөл, тус боомт хүртэлх төмөр зам барьж байгуулах төслийн эрхийг Японы “Mitsubishi” группээс худалдан авчээ. Төмөр замын хувьд тус улсын төмрийн хүдрийн гол бүс PiIbara-аас татах юм. 2011 онд уг төслийн 50%-ийг Хятадын “Sinosteel” компаниас 250 орчим сая ам.доллараар “Mitsubishi” групп худалдан авсан байдаг. “Sinosteel” компанийн хувьд 1.6 тэрбум ам.долларын өртөг бүхий төслийн “Weld Range” уурхайг 2010 оноос ашиглаж эхэлсэн боловч дэд бүтэц, тээврийн зардлаас шалтгаалан төслийг 2011 онд зогсоожээ. “Mitsubishi” групп нь өөрийн эзэмшлийн төмрийн хүдрийн “Jack Hills” уурхайгаас бүтээгдэхүүнээ Оукежи боомтыг ашиглан экспортлохоор төлөвлөж байсан ч дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн үнэ буурсны улмаас олборлолтоо мөн зогсоосон байна.
Хятадын нүүрсний импорт есдүгээр сард буурав
2019 оны эхний гурван улирлын байдлаар, Хятадын нүүрсний олборлолтын хэмжээ 2.74 тэрбум тоннд хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.5%-иар өссөн тухай тус улсын Статистикийн хороо мэдээллээ. Зөвхөн есдүгээр сард 320 сая тонн нүүрс олборлосон нь 2018 оны мөн үеэс 4.4%-иар нэмэгдсэн аж. Өнгөрсөн сард 30.29 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх наймдугаар сарынхаас 8.1%-иар буурсан үзүүлэлттэй байна. Энэ оны эхний есөн сарын хугацаанд нийт 250.57 сая тонн нүүрс импортолсон бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.5%-иар өсчээ. 2018 онд тус улсын нүүрсний импортын хэмжээ 281.23 сая тоннд хүрсэн юм.