Компанийн мэдээлэл
“Колмар” компани шинээр баяжуулах үйлдвэр, нүүрсний терминал ашиглалт орууллаа
Оросын коксжих нүүрсний экспортод төвлөрч буй “Колмар” компани өнөөдөр (2020.09.11) Ванино боомтод нүүрсний шинэ терминалаа нээж байна. “Ванинотрансуголь“ терминал нь Ванино боомтоос 8 км зайд байршдаг бөгөөд жилд 12 сая тонн нүүрс нэвтрүүлэх хүчин чадалтай. 2023 он гэхэд терминалыг бүрэн хүчин чадалд буюу 24 сая тоннд хүргэж Оросын нүүрсний тэргүүлэх таван терминалын нэг болгохоор зорьжээ. Терминал байгуулахад нийт хөрөнгө оруулалт 40 тэрбум рублиэр үнэлэгдэж байна. Тэгвэл “Колмар” компани нь өчигдөр (2020.09.10) баяжуулах үйлдвэрийн 6 сая тонн хүчин чадалтай эхний ээлжийг ашиглалтад оруулсан юм. Үйлдвэрийн хоёрдугаар ээлжийг 2022 онд ашиглалтад оруулна гэдгийг нээлтийн ёслол дээр Ерөнхий захирал Артем Левин мэдэгдсэн байна.
Энэтхэг улсын төрийн өмчит Coal India Ltd компани БЕЛАЗ-тай 395 сая ам.долларын гэрээ байгууллаа
Беларус улсын “БЕЛАЗ” ХК нь Coal India Ltd-ын зарласан олон улсын тендерт оролцон шалгарснаар 240 тонны даацтай автосамосвалуудыг Coal India Ltd-ын салбар компани болох South Eastern Coalfields компанийн Гевра болон Кусмунда зэрэг уурхайд нийлүүлэхээр боллоо. Ингэснээр Гевра уурхайд 240 тонны 116 ширхэг, 150 тонны 77 ширхэг нийт 193 автосамосвал, харин Кусмунда уурхайд 240 тонны даацтай нийт 32 ширхэг автосамосвал тээвэрлэлт хийхээр болж байна.
“Fortescue Metals” төмрийн хүдрийн нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ
Төмрийн хүдрийн олборлолтоор дэлхийн дөрөв дэх том компани “Fortescue Metals Group” нь өөрийн “Херб Эллиотт” боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг өнөөгийн 175 сая тонноос 210 сая тонн болгож өргөтгөх тусгай зөвшөөрлийг Баруун Австралийн Засгийн газраас авчээ. 2019-2020 оны санхүүгийн жилд, тус компани 178.2 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь өмнөх оныхоос 6.3%-иар өссөн байна. Одоо “Fortescue Metals” нь дэд бүтцийн өргөтгөлтэй холбоотойгоор экспортоо нэмэгдүүлэх үүднээс “Iron Bridge” уурхайн шинэ баяжуулах үйлдвэр болон бусад дэд бүтцийн байгууламжийг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Уг төсөл 2.6 тэрбум ам.долларын өртөгтэй.
Оюутолгой уурхайн цахилгааны зарим хэрэглээг дотоодоос хангаж эхэллээ
2013 онд Оюутолгой орд газрыг ашиглаж эхэлснээс хойш БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны эрчим хүчний системээс нэгж бүрийг 9 центийн үнэтэй импортын цахилгаан эрчим хүчийг хэрэглэж ирсэн. “Оюутолгой” компани нь жилд дунджаар 100-150 орчим мегаватт (МВт) эрчим хүч ашигладаг. Монгол Улсын Засгийн газраас Өмнөд бүс, говийн стратегийн орд газруудын цахилгааны хэрэглээг дотоодын эрчим хүчний системээс хангах зорилгоор 220 кВ-ийн гурван дэд станц, 670 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж дуусгажээ. Дотоодын эрчим хүчний системээс уурхайн цахилгааны зарим хэрэглээг хангах ажлын хүрээнд 13 мегавольт ампер (MBA) суурилсан хүчин чадалтай 4 дэд станцыг 35 кВ-ын хүчдэлээр хангаж эхэлсэн байна.
П.Ганхүү: “Газпром”-той нууцлалын гэрээ байгуулна
Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон компанийн үйл ажиллагаа, цаг үеийн сэдвээр мэдээлэл /08.28/ хийсэн юм. Тус компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Газпром компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд дараагийн шатанд хоёр компанийн хооронд нууцлалын гэрээ байгуулж, харилцан мэдээлэл солилцох, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ажиллана“ хэмээн онцлов. УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар эдийн засгийн өсөлтийг хангах стратегийн мега төслүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, ашиглалт үр өгөөжийг дээшүүлэхэд анхаарахаар болсон.
Оюутолгойн далд уурхайн нөөц 10 тэрбум ам.доллараар хорогдов
Оюутолгой төслийн далд уурхайн ашиглалт 2023 оноос эхлэхээр хүлээгдэж байгаа боловч нөөцийн тооцоолол дээр томоохон бууралт гараад байна. Тухайлбал Оюутолгой уурхайн хамгийн баялаг хэсэг болох Хойд Хюго ордын зэсийн нөөц 18%-иар буурсан тухай “Туркойз Хилл Ресурс” компани долдугаар сарын эхээр мэдээллээ. Гагцхүү зэсийн нөөц төдийгүй алт, мөнгөний нөөц ч 17-21%-иар буураад байна. Хойд Хюго ордын хүдрийн нөөц өмнө нь 447 сая тонноор хэмжигдэж байсан бол одоо 47 сая тонн буюу 11%-иар буурч 400 сая тонноор илэрхийлэгдэхээр болсныг Оюутолгойн 2020 оны техник, эдийн засгийн үндэслэлд тусгажээ.
Трансвест Монголиа ХХК-ийн осол, гэмтэлгүй ажилласан 2000 өдрийн баярт үйл явдал тохиолоо
Трансвест Монголиа ХХК нь Японы Комацу брэндийн уул уурхай, зам барилгын хүнд даацын тоног төхөөрөмжийн албан ёсны дистрибьютороор 2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ОТ, Таван Толгой, БТЕГ, Эрдэнэт УБҮ зэрэг Монгол улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж байгаа үндэсний хэмжээний олон аж ахуйн нэгжүүдэд дэлхийн хэмжээнд чанар, аюулгүй байдал, бүтээмжийн хувьд өндрөөр үнэлэгддэг тоног төхөөрөмж, түүнийг дагалдах засвар үйлчилгээ болон сэлбэг материалыг албан ёсны эрхтэйгээр нийлүүлэн Монгол залуусын ур чадварыг шинэ техник, технологитой хослуулан хэрэглэгчиддээ найдвартай үйлчилгээ үзүүлж байгаа билээ.
Хятадын “Baowu” групп гангийн TISCO компанийг эзэмшлээ
Дэлхийн гангийн үйлдвэрлэлээр хоёрт орж буй “China Baowu Steel Group” нь бүтцээ шинэ компаниар өргөжүүлж байна. Тодруулбал, Хятадын гангийн томоохон үйлдвэрлэгч “Taiyuan Iron & Steel Co Ltd“ (TISCO) компанийн хяналтын багцыг эзэмшигч боллоо. Өнгөрсөн долоо хоногт (2020.08.21)“China Baowu Steel Group” нь TISCO компанийн 51%-ийг эзэмших тохиролцоонд хүрсэн тухай Хятадын Шэнжэний хөрөнгийн бирж мэдээлсэн байна. Энэхүү хувь эзэмшил нь 14.5 тэрбум юань буюу 2.1 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа юм. Гэхдээ БНХАУ-ын төрийн бодлогоор гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, шинэчлэх хөтөлбөрийн хүрээнд “Baowu” групп нь TISCO компанийн 51%-ийг эзэмшихдээ мөнгө төлөхгүй аж. Тус компанийг эзэмшснээр “Baowu” группын үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 111 сая тоннд хүрнэ.
Хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Монгол, Оросын хамтарсан компанийг байгуулав
ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн ТЭЗҮ боловсруулах Монгол, Оросын хамтарсан тусгай зориулалтын компанийг байгуулах баримт бичгийг үзэглэв. Баримт бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар (2020.08.25) гарын үсэг зурлаа. Ингэснээр ОХУ-аас БНХАУ-д жилдээ 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч 2” хий хоолой Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах төслийн ажил бодит биелэлээ олоход нэг шат ахилаа хэмээн хуралдаанд оролцогч талууд онцлон тэмдэглэж, харилцан баяр хүргэлээ.
Удоканы зэсийн ордын хөрс хуулалтыг эхлүүлнэ
ОХУ-ын зэсийн үлэмж нөөцтэй Удоканы ордыг ашиглах эхний шатны ажлыг төлөвлөгөөт хугацаанаас нь өмнө эхлүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгч “Байгалийн уул уурхайн компани” мэдээлсэн байна. Тодруулбал, ордын баруун хэсэгт хөрс хуулах, туршилтаар хүдэр олборлох уулын ажил хийгдэнэ гэж мэдээлэлд дурджээ. Эхний шатанд уулын ажлыг 2021 онд эхлүүлэх төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж 2020 он болгож наашлуулсан аж. Энэхүү өөрчлөлтийг ОХУ-ын Газрын хэвлий ашиглалтын холбооны/агентлагийн Хатуу ашигт малтмал боловсруулах төв комиссийн хуралдаанаар баталсан байна.
“Чухамдаа бид ордын олборлолтыг эхлүүлж байгаа юм. Энэ үйл явдлыг зэсийн салбар бараг 70 жил хүлээсэн. Ордын баруун хэсгийн уурхайг ашиглалтад оруулах бэлтгэл ажлын хүрээнд 1.1 сая гаруй тонн хүдэр олборлохоор төлөвлөж байна” хэмээн “Байгалийн уул уурхайн компани”-ийн ТУЗ-ийн дарга Валерий Казикаев мэдэгджээ.
“Айвенхоу Майнз”, “China Nonferrous Metal Mining” компаниуд стратегийн түнш боллоо
Канадын “Айвенхоу Майнз” болон Хятадын “China Nonferrous Metal Mining” (CNMC) компаниуд стратегийн түншлэлийн баримт бичиг үзэглэжээ. Энэ дагуу компаниуд Африкт ашигт малтмалын ордуудыг ашиглахад хамтран ажиллах аж. Юуны түрүүнд, Конго дахь зэсийн болон бусад металын ордын төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна. “Айвенхоу Майнз” компанийн хувьд Конго дахь зэсийн “Камоа-Какула”, цайр, зэсийн “Кипуши”, Өмнөд Африк дахь платинумын бүлгийн металын “Plantreef” зэрэг төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
“Оюутолгой” 2020 оны алт үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө өсгөв
“Оюутолгой” компани хоёрдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явц болон цар тахлаас сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ танилцууллаа. “Оюутолгой” компани энэ оны алт үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө нэмэгдүүлсний сацуу оны эхний хагасын байдлаар улсад 134 сая ам.долларыг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлээд байгаагаа мэдээллээ. Мөн өнгөрсөн хоёрдугаар улиралд хилийн нэвтрэлт сайжирснаар баяжмалын борлуулалт нэмэгдсэн дүнтэй гарчээ.
Туркойз Хилл: Оюутолгойн далд уурхайн зэсийн нөөц 18%-иар буурав
Оюутолгой төслийн хяналтын багцыг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс” компани өнгөрсөн баасан гаригт (2020.07.03) ордын нөөцийн шинэчилсэн тайлан болон техник, эдийн засгийн үндэслэлийн (ТЭЗҮ) шинэчилсэн хувилбарыг танилцууллаа. Шинэчилсэн ТЭЗҮ-ээр Оюутолгойн далд уурхайн төслийн ашиглалтад орох хугацаа 2016 оны ТЭЗҮ-д дурдсантай харьцуулахад 21-29 сараар хойшилно. Энэ нь 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургадугаар сарын хооронд далд уурхайн үйлдвэрлэл эхэлнэ гэсэн үг. Далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал анх тооцоолж байсан 5.3 тэрбум ам.доллар дээр нэмж 1.3-1.8 тэрбум ам.доллар шаардагдахаар болжээ.
BHP, Baosteel компаниуд блокчейн платформоор төмрийн хүдрийн худалдаа хийжээ
Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани “BHP group” нь анх удаа блокчейн платоформ ашиглан төмрийн хүдэр борлуулжээ. Тодруулбал, Хятадын “Baosteel” компанитай 14 сая ам.долларын худалдаа хийсэн байна. Энэхүү худалдаа нь Канадын технологийн “MineHub Technologies” компанийн боловсруулсан блокчейн платформоор хийгдсэн аж. “BHP group”-ийн Худалдаа, маркетинг хариуцсан захирал Михел Ховерс “Уг платформыг ашиглан худалдааны гэрээг боловсруулж, баримт солилцон, ачааны тээвэрлэлтийн цаг хугацааг хянасан” гэдгийг тайлбарлажээ. Тус компани цаашид уул уурхайн бүтээгдэхүүний худалдааны төлбөр, баримт бичгийн боловсруулалтыг түргэвчлэх, тээвэрлэлтийг хянахад блокчейн платформыг ашиглахаар төлөвлөж буй аж.
“Колмар” компани өөрийн боомтоос коксжих нүүрс экспортолж эхэллээ
Оросын коксжих нүүрсний “Колмар” компани Алс Дорнод дахь “Ванино Транс уголь” боомтыг байгуулж байгаа бөгөөд туршилтаар коксжих нүүрсний анхны экспортыг Хятад руу хийлээ. Тодруулбал, долдугаар сарын 1-нд эхний 38.5 мянган тонн коксжих нүүрс, дараагийн өдөр 45.5 мянган тонныг далайгаар тээвэрлээд байна. “Ванино Транс уголь” боомтын эхний ээлжийн 12 сая тоннын хүчин чадалтай терминалыг ийнхүү ашиглалт оруулж байгаа бол 2023 онд бүрэн хүчин чадлаар буюу жилд 24 сая тонн нүүрс нэвтрүүлэх аж.
“Колмар” компанийн тухайд, Өмнөд Якутын нутагт “Денисовский”, “Инаглинский” гэсэн нүүрс баяжуулах цогцолбор төслийг хэрэгжүүлж байна. 2021 онд Алс Дорнод дахь өөрийн эзэмшлийн “Ванино Транс уголь” боомтоор 22 сая тонн коксжих нүүрс Ази-Номхон далайн орнууд руу экспортлох төлөвлөгөөтэй.
Засгийн газар “Оюутолгой”-той эрчим хүчний тохиролцоонд хүрлээ
Засгийн газар төрийн өмчийн станцтай холбогдох эрчим хүчний асуудлаар Оюутолгой төслийн хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компанитай тохиролцоонд хүрсэн талаар мэдээллээ. Уг тохиролцооны хүрээнд, одоогийн мөрдөгдөж буй Тавантолгойн цахилгаан станцыг барьж, байгуулах Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд тодорхой өөрчлөлт оруулж байна. Энэ дагуу төр Тавантолгойн станцын санхүүжилт, барилгын ажлыг бүрэн хариуцахаар боллоо. Энэхүү өөрчлөлтүүд нь Эрчим худалдан авалтын гэрээ байгуулах, станцыг барьж байгуулах хугацаатай холбоотой юм. Тухайлбал, 2021 оны гуравдугаар сард багтаан Эрчим хүчний худалдан авалтын гэрээг талууд үзэглэх, улмаар мөн оны долдугаар сарын 1-нээс хойшлуулахгүйгээр станцын барилгын ажлыг эхлүүлэх зорилтууд багтсан байна.
“Ачит Ихт” ХХК улирлын ногдол ашгаа хуваариллаа
Монголын үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” компани нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа давуу эрхийн хувьцааны долоо дахь улирлын ногдол ашгаа өчигдөр хуваарилжээ. Балансын бус хүдрийг ашиглаж, баялаг бүтээж буй ажилчдадаа үйлдвэрлэлийнхээ үр шимийг хүртэх боломжийг давуу эрхийн хувьцаа эзэмшүүлэх замаар олгож, 2018 оны есдүгээр сараас эхлэн “Ачит зэс” ХК-иараа дамжуулан жилийн 30 хувийн ногдол ашиг хүртээж байгаа бөгөөд улирал бүрийн сүүлийн сарын 15-нд олгодог ногдол ашгаа энэ удаа ч ийнхүү хугацаанд нь олголоо.
Зэсийн Удоканы ордын УБҮ-ийн тоног төхөөрөмжийн угсралт эхэлжээ
Оросын Забайкалийн хязгаар нутагт орших зэсийн үлэмж нөөцтэй Удоканы ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил 2019 онд эхэлсэн билээ. Энэхүү төслийг Алишер Усмановын “USM Holdings” корпорацийн бүрэлдэхүүнд багтдаг “Байгалийн уул уурхайн компани” хэрэгжүүлж байна. Ордод түшиглэн жилд 36-45 сая тонн хүдэр боловсруулж, 474 мянган тонн катодын зэс, дагалдах 277 тонн мөнгө үйлдвэрлэх хүчин чадалтай уулын баяжуулах үйлдвэр (УБҮ) байгуулах төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, үйлдвэрийн суурийг тавиад байгаа юм. Тавдугаар сарын байдлаар, БАМ-ын төмөр замын “Новая Чара” өртөөн дээр байнгын үйл ажиллагаатай гаалийн бүс байгуулжээ. Ингэснээр гаалийн үйл ажиллагааг түргэтгэж, тэр хэрээр УБҮ-ийн бүтээн байгуулалт хурдан явагдах нөхцөлийг бүрдүүлж буй юм. Удоканы УБҮ-ийн тоног төхөөрөмжийг Финляндын “Outotec” компани нь дэлхийн 43 орноос татах аж.
Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт шинэ инновацийн төслийг хэрэгжүүлэх боломж бүрдлээ
Байгальд ээлтэй дахин боловсруулах үйлдвэрийн технологийг Монголд нутагшуулж, хаягдал нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсад экспортлох төслийн эхлэл өнөөдөр /2020.06.10/ тавигдаж байна. “Эрдэнэс Монгол” ХХК болон БНКАЗУ-ын “Эрдэс түүхий эд боловсруулах иж бүрэн цогцолбор төв”, ХБНГУ-ын “Металл хайлш боловсруулах ICMD интернэйшнл холдинг” компани, “Коэус консалтинг” компани хооронд 4 талт санамж бичиг байгууллаа. “Эрдэнэс Монгол” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал П.Ганхүү, ХБНГУ-ын “Металл хайлш боловсруулах ICMD интернэйшнл холдинг” компанийг төлөөлж Монгол дахь төлөөлөгч Н.Цэнд-Аюуш нар гарын үсэг зурлаа. Санамж бичиг байгуулснаар Монголын уул уурхайн салбарт байгаль орчинд ээлтэй, шинэ инновацийн төслийг хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.
“Zijing Mining” компани Түвдийн зэсийн 2 уурхайд хяналтын багцыг эзэмшив
Хятадын зэс, алтны томоохон үйлдвэрлэгч “Zijing Mining” компани нь 3.88 тэрбум юань буюу 548 сая ам.доллараар Түвдийн автономит тойрог дахь зэсийн 2 уурхайн 51%-ийн хяналтын багцыг худалдан авчээ. Энэ нь “Qulong”, “Zhibula” уурхай юм. Хамгийн ирээдүйтэй төсөл нь 2037 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрөлтэй “Qulong” уурхай бөгөөд жилд 30 сая тонн хүдэр олборлодог байна. “Zijing Mining” компани эдгээр уурхайг худалдан авсан нь Хятадад зэсийн хомсдол үүсч буйтай холбоотой аж. Коронавирусын улмаас тус улсад зэсийн хэд хэдэн уурхай хаагдсан юм.