Компанийн мэдээлэл
FT: Засгийн газар “Рио Тинто”-д гэрээг хоёр талаас цуцлах хүсэлт тавьсан
Монгол Улсын Засгийн газраас шаардлагатай тохиолдолд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг цуцлах саналтай байгаагаа “Рио Тинто” компанид мэдэгдсэн билээ. Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээллээр хоёр талын харилцан зөвшилцлийн үндсэн дээр гэрээг цуцлаад шинэ гэрээ байгуулах замаар төслийг урагшлуулах санал Монголын Засгийн газар “Рио Тинто” компанид тавьсан тухай “Financial Times” өчигдөр мэдээллээ. Ингэснээр Монгол Улс зөвхөн нэг талыг барьж гадаадын хөрөнгө оруулалтад хориг саад тавьдаг гэсэн буруу ойлголт төрүүлэхээс сэргийлэх ач холбогдолтой юм.
“Vale” компани хохирлын нөхөн төлбөрт 7 тэрбум ам.доллар төлнө
Бразилийн уул уурхайн “Vale” компани нь 2019 онд төмрийн хүдрийн “Feijao” уурхайн хаягдлын далан задарсны уршгаар учирсан хор хохирлын нөхөн төлбөрт 7 тэрбум ам.доллар төлөхөөр болжээ. Эл уурхай орших Минас Жерайсын мужийн Засаг захиргаатай тус компани удаан хугацаанд хэлэлцсэний үр дүнд энэхүү шийдвэрт хүрсэн байна. “Vale” компаниас гаргах нөхөн төлбөрийн хөрөнгийн 30%-ийг Brumadinho хот, үлдсэнийг нь тухайн мужийн замын дэд бүтэц, нийгмийн чанартай барилга байгууламж барихад зарцуулах аж. Уурхайн хаягдлын далан задарсны улмаас Brumadinho хотын оршин суугч 270 хүн амиа алдсан юм.
АНУ-ын “Freeport”, Хятадын “Tsingshan” зэсийн үйлдвэр байгуулахаар хамтарна
АНУ-ын уул уурхайн “Freeport-McMoRan” болон Хятадын гангийн “Tsingshan” компаниуд хамтран зэсийн үйлдвэрийн цогцолборыг Индонезид байгуулах хэлэлцээрт үзэглэлээ. Тодруулбал зэс хайлуулах үйлдвэрийг Индонезийн Халмахера аралд байгуулахаар болсныг тус улсын Засгийн газар мэдэгдсэн байна. Дэлхийн хоёр дахь том зэсийн уурхай “Grasberg”-д олборлолт эрхэлдэг “Freeport” компани нь цэвэр зэс болон зэсийн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах үүргийг Индонезийн Засгийн газрын өмнө хүлээжээ. Ингэхдээ “Grasberg” уурхайн 49%-ийн менежментийн хяналтаа хэвээр үлдээж, үлдсэн 51%-ийг 2019-2020 онд Индонезийн төр эзэмших болсон.
“Baowu” групп дахин нэг гангийн үйлдвэр эзэмшлээ
Хятадын гангийн хамгийн том үйлдвэрлэгч “Baowu” нь дахин нэг гангийн үйлдвэрийг групптээ нэгтгэжээ. Тодруулбал, Юнань мужийн гангийн хамгийн том үйлдвэр “Kunming Iron and Steel” (Kunsteel) компанийн 90%-ийг “Baowu” групп үнэ төлбөргүйгээр эзэмшсэн байна. Өмнө нь “Baowu” групп болохоос өмнө буюу 2007 онд “Wuhan Iron and Steel” компани нь “Kunming Iron and Steel”-ийн 48.81%-ийг худалдан авч байжээ.
“Рио Тинто”-ийн АНУ дахь уурхайн зэсийн агууламж 28% буурчээ
“Рио Тинто” компани нь 2020 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн үр дүнгээ мэдээллээ. Тус компани нь АНУ, Монгол, Чили зэрэг гурван оронд зэсийн уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн онд АНУ-ын Юта мужид орших Кеннекот уурхайн хүдэр дэх зэсийн агууламж 28%-иар буурснаас үүдэн баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл 2019 онтой харьцуулбал 25%-иар буурчээ. Учир нь уурхайн зүүн хэсгийн бага агууламжтай хүдрийн хэсэгт олборлолт явуулсан болон молибдений хүдрийн үйлдвэрлэлийг илүү оновчтой болгох зорилгоор хайлуулах үйлдвэрийг мөн оны хоёр, гуравдугаар улиралд хаасан нь үүнд нөлөөлжээ.
“Эрдэнэс Монгол” анх удаа ногдол ашиг хуваарилжээ
2007 онд байгуулагдсан цагаас хойш “Эрдэнэс Монгол” нэгдэл анх удаа 100 сая ширхэг хувьцаанд 2 тэрбум 37 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилуулахаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шилжүүлжээ. Өнгөрсөн онд тус компани нийт 11.9 их наяд төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 265 тэрбум төгрөгийн орлого олж, улсын төсөвт 48.3 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн байна. Нийгмийн үүргийн хүрээнд 2019 онд хэрэгжүүлсэн менежментийн үр ашгийн тооцоолол, аудитлагдсан санхүүгийн тайлангаар баталгаажсан цэвэр ашгаас ийнхүү ногдол ашиг хуваарилж байгаа аж.
Оросын алтны компани 2 тэрбум ам.долларын IPO гаргана
Оросын алт үйлдвэрлэгч “GV gold” компани нь Лондон болон Москвагийн хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар бэлтгэж хөрөнгө оруулалтын “Goldman Suchs“, UBS тэргүүтэй банкуудтай хамтран ажиллахаар болсон талаар mining.com мэдээлэв. Нийт 2 тэрбум ам.долларын IPO энэ оны хоёрдугаар улиралд гаргахаар төлөвлөжээ. Одоогоор компани, банкны зүгээс энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. 2020 онд цар тахлын нөхцөл байдлын улмаас дэлхийн зах зээл дээр алтны ханш өсч, хөрөнгө оруулагчид алтны салбарт сонирхол нэмэгдсэн гэж шинжээчид тайлбарлаж буй юм.
Хятадад гангийн 2 дахь том нэгдэл “Northwest Union Iron & Steel” бий болов
Хятадын Шанси, Шэнси мужийн гангийн үйлдвэрлэгч 6 компани нэгдэн “Northwest Union Iron & Steel” группыг үүсгэн (2021.01.30) байгуулжээ. Шинэ группын нийт хөрөнгө 1 тэрбум юань буюу 155 сая ам.доллараар үнэлэгдэж байна. Тус нэгдэлд төрийн “Shaanxi Iron & Steel” (Shaangang) гадна “Jinnan Steel”, “Jingcheng Steel” (Jingang), “Gaoyi Iron & Steel” болон “Jianbang” зэрэг компани багтжээ. Эдгээрээс “Jianlong” нь хувийн компани аж. Шинээр байгуулагдсан “Northwest Union Iron & Steel” группын 6 компанийн эзэмшлийн гангийн 9 үйлдвэр нь жилд нийтдээ 60 сая тонн үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Энэхүү үйлдвэрлэлийн хэмжээгээр Хятад улсдаа хоёрдугаарт орж байна.
Удоканы баяжуулах үйлдвэрийн барилга 45%-ийн гүйцэтгэлтэй байна
Өнөөгийн байдлаар Удоканы орд газарт УБҮ- ийн барилгын ажил 45%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулж эхэлсэн талаар “Удоканы зэс” (хуучнаар “Байкалийн уулын компани”) компани мэдээлжээ. Тус үйлдвэрт дэвшилтэт технологийн нийт 30 гаруй тоног төхөөрөмж суурилуулах аж. Төслийн талбайд 50МВт хүчин чадалтай цахилгааны дэд станц ашиглалтад орж одоо 146МВт хүчин чадалтай станц барьж байна. Түүнчлэн, БАМ-ын төмөр замын Шинэ Чара өртөөн дээр түүхий эдийн агуулах, тээвэрлэх цогцолборын барилгын ажил явагдаж байгаа аж. Уурхайгаас олборлосон бүтээгдэхүүнийг энэхүү агуулахад нөөцлөх ба өртөөнөөс төмөр замаар тээвэрлэж экспортлох юм. Удоканы үйлдвэрлэл 2022 оны сүүлчээр эхлэх төлөвлөгөөтэй.
Оюутолгой уурхайгаас 2020 онд 693 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ
“Оюутолгой” компани өнөөдөр 2020 оны дөрөвдүгээр улирлын тайлан болон гүний уурхайн бүтээн байгуулалтын үр дүнгээ танилцууллаа. Ил уурхайн болон олборлолтын үечлэлийн төлөвлөгөөг эрчимжүүлснээр агуулга сайтай хэсэгт хүрч, олборлож эхэлсэнтэй холбоотойгоор ил уурхайн зэсийн гарц 2019 онтой харьцуулахад 2%-иар өссөн байна. Зэс, алтны агуулга сайтай хэсгийн олборлолт 2021 оны турш үргэлжлэх төлөвтэй байгааг тайландаа дурьджээ. 2020 онд ил уурхайн нийт олборлосон материал 97.7 сая тоннд хүрчээ. Үүнээс 40.2 сая тонн хүдрийг баяжуулах үйлдвэрт боловсруулсан байна. Мөн 693 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн бол баяжмал дахь зэсийн дундаж агуулга 21.6%-тай гарлаа.
“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани нэрээ өөрчилж “Барловорлд Монголиа” болов
“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани нь хуулийн этгээдийн нэрээ сольж “Барловорлд Монголиа” болсныг албан ёсоор мэдээллээ. “Катерпилларын дилерээр 94 жил ажилласан арвин туршлага, түүхтэй “Барловорлд” компаний нэг хэсэг болсон нь компанийн хувьд шинэ эхлэл, өсөлт хөгжилтийн нэг шат болж байгааг мэдээнд онцолсон байна. Монголчуудын 23 жилийн хугацаанд мэддэг болсон “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компаний үзүүлж байсан Cat машины худалдаа, сэлбэг хангамж, засвар үйлчилгээний чанарын түвшинг улам сайжруулан үйлчлэхийг “Барловорлд Монголиа” компани нь цаашид зорьж байна.
“Baowu Steel” групп “Shandong Iron & Steel” компанитай нэгдэж магадгүй
Хятадын гангийн хамгийн том үйлдвэрлэгч “Baowu Steel” групп нь “Shandong Iron & Steel” компанитай нэгдэх асуудлаар хэлэлцэж буй талаар мэдээлэл цацагджээ. Энэ мэдээллийг талууд няцаагаагүй ч албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байна. “Shandong Iron & Steel” компани жилд 30 гаруй сая тонн ган үйлдвэрлэдэг учир хэрэв компаниуд нэгдэх тохиолдолд “Baowu Steel” группын гангийн үйлдвэрлэл 160 сая тонныг давах юм. Төрийн “Shandong Iron & Steel”-ийн тухайд, охин компани “Jinan Iron & Steel” нь Монголын “Энержи Ресурс” компанитай коксжих нүүрс нийлүүлэх гэрээтэй ажиллаж байсныг монголчууд мэддэг.
“Рио Тинто”-ийн зэсийн асуудлыг Б.Болд захирал хариуцна
Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн гэрээг хэлэлцэж, өөрчлөхөөр ажиллаж буй энэ үед тус компани захирлуудын шинэ бүтцээ танилцууллаа. Тодруулбал, “Рио Тинто”-ийн Эрчим хүч, эрдсийн асуудал хариуцсан захирал Б.Болд Зэсийн группын Гүйцэтгэх захирлаар томилогджээ. Өмнө нь уг албан тушаалд Арнауд Суарат ажиллаж байсан бол ийнхүү Монгол хүн уг ажлыг хариуцахаар болж байна. Харин Арнауд Суарат нь “Рио Тинто” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирлын албанд очихоор болжээ.
“Шивээ-Овоо”ХК: Уурхайн техникийн шинэчлэлийг хийж эхлэв
Монгол Улсын Засгийн газрын (2020.12.13) 211 дүгээр тогтоолтой холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, Дулааны цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээ өссөн тул “Шивээ-Овоо”-гийн уурхайн нүүрс олборлолтын хэмжээ 76 мянган тонн, хөрс хуулалт 330 мянган шоо метр тус тус өссөн байна. Нүүрс олборлолт, борлуулалт ба нийлүүлэлт нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн тул “Шивээ-Овоо”-гийн уурхайн нүүрс борлуулалтын төлөвлөгөө 2020 оны арваннэгдүгээр сард 111.6%, арванхоёрдугаар сард 113.5%, энэ сард (2021.01.25) 101%-ийн гүйцэтгэлтэй ажиллаж төвийн эрчим хүчний систем болон орон нутгийн дулааны станцуудын хэрэглээг хангаж байна.
Хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Оросын компани Монголд бүртгүүлэв
ОХУ-аас байгалийн хий БНХАУ руу нийлүүлэх “Сибирийн хүч 2” хоолойн байгууламжийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгуулах төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах “Газопровод союз восток” компани албан ёсоор манай улсад бүртгүүлжээ. Энэ тухай Гадаад харилцааны яам болон Оросын “Газпром” компани мэдээлэв. Гадаад харилцааны яамны мэдээллээр, “Газопровод союз восток” компанийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа (2021.01.21) тус компанийн захирал Е.Н. Асеевтай цахим уулзалт хийсэн байна. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ болон Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн удирдлага, төлөөлөл оролцжээ. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын талаас баталгаажуулах шаардлагатай бичиг баримтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, “Газопровод союз восток” компани нь Монголын Худалдаа хөгжлийн банканд байнгын данс нээлгэхэд бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтын жагсаалт зэрэг асуудлыг уулзалтаар хэлэлцсэн байна.
2020 онд Элга ордоос 7 сая тонн коксжих нүүрс олборложээ
“А-Проперти” компанийн бүтэц бүрэлдэхүүнд багтдаг “Эльгаугол” нь 2020 оны дүнгээр нийт 7 сая тонн коксжих нүүрс Элгагийн ордоос олборложээ. Энэ нь өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 62.8%-иар нэмэгдсэн байна. Олборлолт нэмэгдсэн нь Элга ордын хувь эзэмшил, шинэ хөрөнгө оруулагчтай холбоотой аж. Сануулахад, Элга ордын 51%-ийг 89 тэрбум рублиэр “А-Проперти” компани (2020.04.24) худалдан авсан юм. Тус компани Элга ордын коксжих нүүрсийг Хятад руу экспортлох хэмжээг 2021 онд 15-18 сая тонн, 2022 онд 20-24 сая тонн, 2023 онд 30 сая тонн болж, түүнээс цааш 45 сая тоннд хүргэх зорилтыг танилцуулсан билээ.
“Baowu”: Үйлдвэрлэлийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа 2023 оноос бууруулна
Хятадын гангийн хамгийн том үйлдвэрлэгч “Baowu” корпорацийн үйлдвэрлэлийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын хэмжээ 2023 онд оргилдоо хүрэхээр буйг мэдэгджээ. Тухайн үеэс бууруулах арга хэмжээ авч 2025 онд 30%, 2035 онд 50%-д хүргэхээр төлөвлөж байна. 2020 оны сүүлчээр НҮБ-ын индэр дээрээс БНХАУ-ын дарга Си Жинпин нь 2060 он гэхэд Хятад нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтгүй улс болно гэж мэдэгдсэн билээ. Энэхүү санаачлагыг дэмжсэн анхны томоохон үйлдвэр “Baowu” корпораци болж байна.
“Glencore” групп зэсийн “Mopani” төслөөсөө татгалзав
Үндэстэн дамнасан уул уурхайн худалдааны “Glencore” групп нь зэсийн “Mopani” төслийн 90%-ийн эзэмшлээ Замби улсад эргүүлэн өгөх буюу төрийн өмчит ZCCM компанид худалдах “бэлгэ тэмдгийн” гэрээ байгуулжээ. Харин үүний хариуд ZCCM компани нь “Glencore”-ийн 1.5 тэрбум ам.долларын өрийг төлж барагдуулахаар болсон байна. Албан ёсоор, “Glencore” группын 81.2%-ийн эзэмшилтэй “Carlisa Investments” корпорацид “Mopani” төслийн 90%, үлдсэн 10% нь ZCCM компанийх байсан юм.
“Eldorado Gold” корпораци “QMX Gold”-ийг худалдан авчээ
QMX Gold” (TSX-V: QMX) компанийг 132 сая канад доллараар (105 сая ам.доллар) худалдан авах тухайгаа Канадын “Eldorado Gold” (TSX: ELD) (NYSE: EGO) корпораци мэдээлжээ.Энэхүү худалдан авалтын үр дүнд алтны “Lamaque” ордын олборлолтын талбай өргөжиж, үйлдвэрлэл нэмэгдэнэ гэдгийг “Eldorado Gold”-ийн Гүйцэтгэх захирал Жорж Бернс мэдэгдсэн байна. Учир нь тус корпорацийн Канад дахь ганц төсөл “Lamaque” ордтой зэрэгцээ “QMX Gold” компанийн тусгай зөвшөөрлийн талбайнууд байршилтай аж.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Я.Содбаатар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг (2021.01.20) УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж буй асуудлуудыг ҮАБЗ-ийн (2020.07.17) хуралдаанаар хэлэлцэж, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих бие даасан хуулийн төслийг боловсруулж батлуулахыг Засгийн газарт даалгасан юм. Энэ дагуу 7 зүйл бүхий хуулийн төслийг боловсруулсан байна. Хуульд заасан харилцааг “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих, төрөөс үзүүлэх үйлчилгээг хялбаршуулах горим”-ын тухай журмаар нарийвчлан зохицуулахаар тусгажээ.