Ертөнц
Аргентинд литийн батарей үйлдвэрлэж эхэлнэ
Аргентины анхны литийн батарейн үйлдвэр 9 дүгээр сард ашиглалтад орох бөгөөд АНУ-ын Livent Corp компанийн олборлосон металлыг тус үйлдвэрт ашиглана гэж уул уурхайн албаныхан өнгөрсөн сарын 1-нд мэдэгдэв.
Энэтхэг, Хятад дэлхийн алтны эрэлтийн 50%-ийг бүрдүүлж байна
Дэлхийн алтны зөвлөл 30 жилийн өмнө алтны эрэлтийн хандлагын тухай анхны тайлангаа нийтлэх үед Азийн эрэлт дэлхийн нийт эрэлтийн 45%-ийг эзэлж байсан. Өнөөдөр Азийн эзлэх хувь дэлхийн алтны эрэлтийн 60%-д дөхөж байна.
Хятад, Энэтхэг хоёр алтны эрэлтийг Зүүн Ази руу чиглүүлж байна. Дэлхийн алтны зөвлөл хоёр улсыг алтны "супер хэрэглэгчид" гэж тодорхойлсон. 30 жилийн өмнө Хятад, Энэтхэг улсууд нийлээд дэлхийн алтны эрэлтийн 20 орчим хувийг эзэлдэг байсан. Өнөөдөр энэ хоёр улс нийт алтны эрэлтийн бараг 50%-ийг бүрдүүлж байна.
Францын Гадаад хэргийн сайд Кэтрин Колонна Монголд айлчилна
Францын Гадаад хэргийн сайд Кэтрин Колонна цөмийн эрчим хүчний "Орано" группын хэрэгжүүлэх нэг тэрбум еврогийн хөрөнгө оруулалттай ураны хэлэлцээрийг дэмжих зорилготой Монгол Улсад хийх айлчлалаа ирэх лхагва гарагт хийхээр төлөвлөж байна. Уран олборлолт явуулах энэхүү Хөрөнгө оруулалтын хэлэлцээр ирэх намар байгуулагдах урьдчилсан тов гарсан гэж Францын дипломат эх сурвалж хэллээ.
Узбекистан “Газпром”-тай байгалийн хий нийлүүлэх хэлэлцээр байгуулав
Узбекистан Оросын “Газпром” компанитай ойрын хоёр жилийн хугацаанд жил бүр 2.8 тэрбум куб метр байгалийн хий худалдан авахаар тохиролцлоо. 10 дугаар сарын 1-нээс өдөр бүр 9 сая куб метр хий нийлүүлж эхэлнэ. Хийн тарифыг Узбекистаны зах зээлийн үнэ ханш дээр үндэслэн тогтооно гэж Эрчим хүчний яам 6 дугаар сарын 19-нд мэдэгджээ.
Литийн эрэлт 2025 онд 1.5 сая тоннд хүрэх төлөвтэй байна
Сүүлийн жилүүдэд цахилгаан машин болон литийн батарейнд тулгуурласан цэвэр технологиуд эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой литийн эрэлт хэрэгцээ дэлхийд өссөн. Дэлхийн лити-ион батерейны зах зээл 2022 онд 52 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан бол 2030 онд 194 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.
Зэсийн үнийн уналт худалдан авалтыг эрчимжүүлэх төлөвтэй
Цахилгаан тээвэр болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өсөхийн хэрээр ойрын хэдэн жилд зэсийн зах зээл дэх хөрөнгө оруулагчдын оролцоо улам ихсэх төлөвтэй байна гэж Citigroup Inc Хөрөнгө оруулалтын банк мэдээллээ.
Зэс бол дэлхийн эдийн засгийн идэвхжлийг илэрхийлдэг гол металл. Сүүлийн саруудад барилгын болон өргөн хэрэглээний барааны эрэлт хэрэгцээ буурсантай холбоотой зэсийн үнэ мөн унасан.
Хятадын хөрөнгө оруулалт Дундад Ази руу чиглэж байна
Хятад, Казахстан улсууд Бахты-Аягоз бүсэд шинэ төмөр зам болон хилийн боомт байгуулахаар төлөвлөж байна. Шинэ зам ашиглалтад орсноор ачаа тээвэрлэх хугацаа богиносно гэсэн хүлээлт байна. Энэ тухай Казахстаны Ерөнхийлөгч Токаев 5 дугаар сарын 24-нд болсон Евразийн Эдийн засгийн форумын үеэр мэдэгдэв.
Норникель орлогынхоо бараг талыг Ази тивээс олдог
Оросын хамгийн том уул уурхайн компани “Норильск никель” орлогынхоо бараг тал хувийг Ази тивээс олж, харин Европ дахь борлуулалт нь буурч байна. Энэ нь дэлхийн түүхий эдийн урсгал өөрчлөгдөж байгаагийн бас нэг нотолгоо юм.
Конго дэлхийн хоёр дахь шилдэг экспортлогч боллоо
Хоёр улсын статистик мэдээнээс харахад, дэлхийн хамгийн том экспортлогч улс Чилийн дараа Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс эрэмбэлэгдэж байна. Урьд нь Перу дэлхийн зэсийн хоёр дахь том экспортлогч улс байсан юм.
Энэ өөрчлөлт нь хэд хэдэн чухал чиг хандлагыг илэрхийлж байна. Нэгдүгээрт, нийгмийн хямрал, улс төрийн тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа нь Өмнөд Америк дахь хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байгаа бөгөөд Африк руу илүү их мөнгө урсаж байна.