Эдийн засаг
Цар тахлыг “үл ажрах” төсвийн бодлого
Засгийн газар КОВИД-19-ийн нөлөөллийг төсөвт нялзаахгүйг эрмэлзэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) оногдох төсвийн алдагдал, өрийг өмнө нь төлөвлөсөн хэмжээнд байлгахаар Засгийн газар “хичээж” байгаа нь тавдугаар сарын 13-ны өдөр баталсан хуулиар тод харагдлаа. Энэ өдөр 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцэслэн баталсан юм. Төсвийн хүрээний мэдэгдлийг хэтэрхий бэлгэдлийн шинж чанартай зүйл гэж эдийн засагчид хэлдэг нь улстөрчдийн төсвийн орлого, зарлагыг санаагаараа өөрчилж баталдаг барьцгүй зангаас улбаатай. Гэхдээ төсвийн хүрээний мэдэгдлээс Засгийн газрын хэзээ, хэрхэн “ам гарсан” болохыг харж, ядаж дурсаж болох давуу талыг бид олж авдаг.
Нүүрсний экспорт тавдугаар сард 1.32 сая тоннд хүрч өсөв
Нүүрсний экспортын тухайд оны эхний таван сард 8.63 сая тонн нүүрс буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 37.3%-иар нэмэгдсэн дүнтэй гарлаа. Энэ хугацаанд нүүрсний экспортын орлого 933 сая ам.доллартай тэнцэж 82%-иар дээшилжээ. Өмнөх оны хоёр, гуравдугаар сард нүүрсний экспорт бараг “тэг зогсолт” хийж байсан тул ийнхүү энэ онд нүүрсний экспорт харьцангуй сайн байгаа мэт харагдана. Гэвч үнэндээ нүүрсний экспорт энэ онд төлөвлөгөөнөөс ихээхэн хоцрогдолтой байгаа бөгөөд тавдугаар сараас л байдал арай дээрдэх шинж ажиглагдлаа.
Монголбанк: Дөрөвдүгээр сард 1.3 тонн үнэт метал худалдан авсан
Монголбанк 2021 оны дөрөвдүгээр сард 1.3 тонн үнэт метал худалдан авчээ. Оны эхнээс нийт 4.3 тонн үнэт металл худалдан авсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.5 тонноор буурсан үзүүлэлт юм.
Дөрөвдүгээр сарын тухайд, Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 25.5кг, Баянхонгор аймаг дахь салбар 61кг үнэт метал тус тус худалдан авсан байна. Монголбанкны 1 гр алт худалдан авах дундаж ханш 160.616.05 төгрөг байв.
АХБ : 2021 онд Монголын эдийн засаг 4.8% өсөх төлөвтэй
Азийн хөгжлийн банкны жил бүр эрхлэн гаргадаг “Азийн Хөгжлийн Төлөв” эдийн засгийн шинжилгээ, төсөөллийн энэ жилийн тайланд өгүүлснээр Монгол Улсын эдийн засаг 2020 оны 5.3%-ийн огцом агшилтаас сэргэж 2021 онд 4.8%-иар, дотоод эрэлт, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн зээл өсч, сэргэлт эдийн засгийн салбаруудыг бүрэн хамарснаар 2022 онд 5.7%-иар тус тус өснө гэж төсөөлжээ.
Хөрөнгийн захын шинэ бүтээгдэхүүн “банкны IPO”
УИХ-ын чуулганы (2021.01.28) нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан юм. Ийнхүү салбарын малгай хуулийн өөрчлөлтөөр олон жил яригдсан банкны шинэчлэл эхэлж байна. Монголын санхүүгийн зах зээлийн 90%-ийг арилжааны 12 банк бүрдүүлдэг. 2020 оны жилийн эцсийн байдлаар банкуудын нийт активын хэмжээ 36.5 их наяд төгрөгт хүрчээ. Активын 90% нь бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө бүрдүүлдэг учир банкны үйл ажиллагааг ил тод, нийтэд нээлттэй болгох. Банкны хувьцаа эзэмшлийн хэт төвлөрлийг задалж өмчлөл, удирдлагыг зааглах. Ингэж банкуудын “хөшигний цаадах” эздийн эрх ашгаа хамгаалсан засаглалыг өөрчлөх томоохон шинэчлэл энэ салбарт өрнөнө.
Нэмэлт, өөрчлөлт оруулсан Банкны тухай хуульд анхаарал татахуйц онцлог заалтууд бий.
Сангийн яам: “Мазаалай” бондын төлбөрийг бүрэн барагдууллаа
Монгол Улсын Засгийн газрын “Мазаалай” бондын үлдэгдэл 132.6 сая ам.долларын төлбөрийг (2021.04.06) бүрэн төлсөн талаар Сангийн яам мэдээллээ. 2016 онд 500 сая ам.долларын энэхүү бондыг 5 жилийн хугацаатай, 10.875%-ийн хүүтэй олон улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалсан юм. “Мазаалай” бондоос гадна “Кредит свисс” банкнаас авсан 250 сая ам.долларын арилжааны нөхцөлтэй зээлийн үлдэгдэл төлбөр болох 60 сая ам.долларыг (2021.03.15) мөн барагдуулсан байна. 2019 онд УИХ-ын 55 дугаар тогтоолоор “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг”-ийг баталсан билээ. Тус стратегийн баримт бичгийн нэгдүгээр зорилтод “Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас, зээлийн төлбөрүүдийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүйгээр төлж дахин санхүүжилтийн эрсдэлийг бууруулна” гэж заасан.
Монголын зэс, нүүрсний экспортын алдагдсан боломж 200 сая долларт хүрэв
Улсын нийт экспортын 89%-ийг эрдэс бүтээгдэхүүн эзэллээ. Тодруулбал, эрдсийн гадаад худалдаа дундаа орлогоор тэргүүлэгч нүүрсний экспорт оны эхний гурван сард 6.67 сая тонн, мөнгөн дүнгээр 689 сая ам.доллартай тэнцсэн байна. Энэ нь биет хэмжээгээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 113.7%, орлогын дүнгээр даруй 173%-иар өссөн үзүүлэлт юм. Хэдийгээр өсөлттэй өөдрөг дүр зураг ажиглагдаж байгаа ч бодит байдал дээр 2020 оны хоёр, гуравдугаар сард манай улсын нүүрсний гол боомтууд бараг бүрэн хаалттай байсан үетэй харьцуулсан үзүүлэлт болохыг онцлоё.
Виртуал хөрөнгийн хөрөнгийн үйл ажиллагааг зохицуулах хуулийн төслийг боловсруулна
Монголбанкны зүгээс ФАТФ-ын зөвлөмжийн дагуу виртуал хөрөнгийн хөрөнгийн үйл ажиллагааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр холбогдох байгууллагатай хамтран ажиллаж буйгаа өнгөрсөн сард мэдэгдсэн билээ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэлжүүлж, мөнгө угаах болоод терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд үйл ажиллагаанд нь хяналт тавихаар хуулийн төсөлд тусгажээ. Блокчейн бол анхлан биткойныг шилжүүлсэн тухай мэдээллийг хадгалах, эргэн харах боломж бүхий бүртгэлийн систем аж. Гэхдээ блокчейныг өөрчлөх болон нөлөөлөх огт боломжгүй нь давуу талтай. Одоогийн байдлаар манай улс блокчейныг сонгуулийн санал хураалт, даатгалын бүртгэл, эрүүл мэндийн дата, урлаг соёлын бүртгэл, төрийн үйлчилгээ зэрэг бүх төрлийн бүртгэлд дата байдлаар ашиглах боломжтой гэж судлаач үзэж байна
Хөрөнгийн зах зээлийн арилжааны 7.8%-ийг Хөрөнгийн оруулалтын сан бүрдүүлж байна
Санхүүгийн зохицуулах хороо жил бүр үйл ажиллагаагаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд тайлагнах үүрэг хүлээдэг. 2020 оны ажлын тайлангаа Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.07) хуралдаанаар хэлэлцүүлж дүгнүүлсэн байна. Хөрөнгийн зах зээл 2019 оноос 12.5%-иар өсч 3 их наяд төгрөг, нийт арилжааны хэмжээ 65.4 тэрбум төгрөг, хөрвөх чадварын хэмжээ 18%-д хүрчээ. Нийт арилжааны 82.5%-ийг хувьцаа, 7.8%-ийг хөрөнгө оруулалтын сан, 8.9%-ийг компанийн бонд, 0.9%-ийг Засгийн газрын үнэт цаас тус тус бүрдүүлсэн байна.
Монголбанк: 2021 онд инфляц 7.2% байх төлөвтэй
Төв банкнаас улирал бүр танилцуулдаг инфляцын үзүүлэлт шинэчлэгджээ. Инфляцад үзүүлэх эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлсийн нөлөө ирэх саруудад нэмэгдэхээр байгааг онцолсон байна. Эрэлтийн хүчин зүйлийн хувьд инфляцад үзүүлэх нөлөө нь эдийн засгийн идэвхжлийг даган аажмаар нэмэгдэх хандлагатай аж. Цаашлаад нийлүүлэлт талаасаа үнийн огцом хэлбэлзэл үүсэхгүй гэж үзвэл 2021 онд инфляц төв банкны зорилтот түвшинд (6%±2%) хадгалагдах хүлээлттэй байна.
Дэлхийн банк: Монгол Улсын эдийн засаг 6.8%-иар өсөх төлөвтэй
Дэлхийн банкнаас Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн шинэчилсэн тайланг (2021.03.26) танилцууллаа. Тус тайланд бүс нутгийн эдийн засаг болон БНХАУ, Монгол Улс, Вьетнам зэрэг улс орны өсөлтийн төлөв, цар тахлын нөлөө, голлох эрсдэлүүд багтсан байна. 2020 онд Хятад, Вьетнам улсын эдийн засаг V хэлбэрээр сэргэж КОВИД-19-ийн өмнөх түвшинг давжээ. Бусад томоохон эдийн засагтай улс орнуудад эдийн засгийн өсөлт цар тахлын өмнөх түвшнээс дунджаар 5 орчим хувиар доогуур хэвээр байна. Энэхүү зөрүү нь Индонез улсын хувьд хамгийн бага (2.2%), харин Филиппин улсад хамгийн их (8.4%) байгаа юм. Тайланд дурдсанаар, 2021 онд Хятадын эдийн засаг 8.1%, Вьетнам улсынх 6.6%-иар өсөх төлөвтэй. Харин Монгол Улсын эдийн засаг энэ онд 6.8%-иар өсөх төсөөлөлтэй байгаа юм.
Монголбанк: Бодлогын хүүг 6%-д хадгална
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал (2021.03.24) болсон юм. Эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны нөхцөл, эрсдэлийг харгалзан үзэж санхүүгийн нөхцөлийг үргэлжлүүлэн зөөлрүүлэх зорилгоор бодлогын хүүг 6%-д хадгалж, урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны хоёрдугаар улиралд 350 хүртэлх тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ. Энэ санхүүжилтийг боловсруулах, үйлчилгээ, 200-аас дээш ажилтантай худалдааны салбарын аж ахуйн нэгжүүдийг хамруулахаар өргөтгөв. Жилийн инфляц 2021 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 2.6%, Улаанбаатар хотын хэмжээнд 2%-тай байна. Эрэлтийн хүчин зүйлсийн инфляцад үзүүлэх нөлөө ирэх улирлуудад эдийн засгийн идэвхжлийг даган аажмаар нэмэгдэх бол шатахуун, cайжруулсан түлшний үнийн нөлөөгөөр нийлүүлэлтийн шалтгаантай инфляц цаашид өсөхөөр байгааг Төв банк мэдээлэлдээ дурджээ.
Moody’s: Төмөр зам ашиглалтад орсноор экспорт улам бүр сэргэнэ
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр үлдээж, төлөвийг “сөрөг” байснаас “тогтвортой” болгож сайжруулснаа зарлалаа (2021.03.16). Тус байгууллагын дүгнэлтээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал Ковид-19 цар тахлын нөлөөгөөр буурч байсан ч дараах үндэслэлүүдээр тогтворжиж эхэлснийг хэвлэлийн мэдээлэлд тэмдэглэжээ. Цар тахалтай тэмцэх зорилгоор Монгол Улсаас 2020 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг улсын төсвөөс гадна донор байгууллагуудын эх үүсвэрээр хамтран санхүүжүүлсэн нь Засгийн газрын дахин зээл авах хэрэгцээг бууруулсан байна.
Зэс, нүүрс, газрын тосны экспорт хамгийн өсөлттэй гарлаа
Зэсийн баяжмалын экспорт оны эхний хоёр сард 226 мянган тонн буюу 437 сая ам.долларт хүрлээ. Энэ нь жингээр 17.5%, мөнгөн дүнгээр даруй 99.4%-иар өссөн дүн юм. Үүнд зэсийн ханшийн өсөлт болон Оюутолгойн баяжмал дахь алтны агууламж нэмэгдэж буй нь голлон нөлөөлж байна. Төмрийн хүдрийн экспорт орлогын дүнгээр эрдсийн борлуулалтад гуравдугаарт эрэмбэлэгдлээ. Хэдийгээр төмрийн хүдрийн борлуулалт биет жингээр буурсан ч, борлуулалт 50 орчим хувиар өсчээ. Төмрийн хүдрийн ханш зах зээлд өсөлтөө хадгалсаар байгаа юм.
Ажлын байрыг дэмжих 3%-ийн хүүтэй зээлийг маргааш олгож эхэлнэ
“Ажлын байрыг дэмжих 3%-ийн хүүтэй зээл”-ийг маргаашнаас (2021.03.10) эхлэн арилжааны банкуудаар олгоно. Зээлийн батлан даалтын сангаас холбогдох хуульд нийцүүлэн батлан даалт гаргах, зээлийн хүүгийн дэмжлэгт Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэж Монголбанк оролцохыг онцоллоо. Уг зээл нь зээлдэгчийн ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, арилжааны банкнаас ижил шаардлагаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх зориулалттай юм.
Банкууд 3%-ийн хүүтэй зээлийн шаардлагыг сулруулах саналтай байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ (2021.03.04) банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзав. Уулзалт “10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад банкны салбарт анхаарах асуудлууд” сэдвийн хүрээнд болсон юм. 10 их наяд төгрөгийн санхүүжилтээс 2 их наяд нь жижиг, дунд бизнес, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих 3%-ийн хүүтэй зээлийг банкуудаар дамжуулж олгохдоо зөрүү хүүний татаасыг төр хариуцахаар тооцоолжээ. Хэдийгээр зээлийн хүү бага ч банкуудаас зээлдэгчдэд тавьж буй нөхцөл шаардлага өндөр гэж салбарынхан үзэж байна. Тиймээс Ерөнхий сайдын уулзалтын үеэр банкууд зээл олгох нөхцөл шаардлагыг бууруулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Монголбанк: Арилжааны банкуудад 200 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилт олгов
Оны нэгдүгээр улиралд Мөнгөний бодлогын хорооноос 250 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилт олгохоор шийдвэрлэсний дагуу (2021.02.22) Монголбанкнаас урт хугацаат репо арилжаагаар ирүүлсэн саналын дагуу Хаан, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Хас, Тээвэр хөгжлийн банк, Богд, Капитрон болон Кредит банкуудад нийт 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ. Урт хугацаат репо санхүүжилтийн эдийн засагт үзүүлэх нөлөөг сайжруулах зорилгоор Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийг хамрагдах боломжоор хангаж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох зээлийн дээд хэмжээг 3 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.
Стратегийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 2 их наяд төгрөг зарцуулна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2021.02.17) "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г баталлаа. Засгийн газар мөнгө хэвлэхгүй, Монголбанкин дахь 8 их наяд төгрөгийг эргэлтэд оруулах замаар эдийн засгаа идэвхжүүлж, ажлын байр бий болгон, иргэдээ орлоготой байлгахаар зорьжээ.Цар тахлын улмаас 2019 онд 5.2%-ийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 6 орчим хувиар унаж огцом агшсан. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд л 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
ҮСХ: 2020 онд уул уурхайн салбар 9.4%-иар буурав
Үндэсний статистикийн хороо 2020 онд манай улсын ДНБ-ий хэмжээ урьдчилсан гүйцэтгэлээр 37 их наяд төгрөгтэй тэнцэж, 2019 оныхоос 5.3%-иар буурсан тухай мэдээллээ. Энэ дундаа уул уурхайн салбарын үзүүлэлт 2020 онд 9.4%-иар буурсан байна. Үүнд нүүрс, газрын тосны олборлолт буурсан нь голлон нөлөөлсөн аж. Мөн аж үйлдвэр/барилгын салбар -1.1%, үйлчилгээний салбар -7.1%-иар тус тус буурчээ. Аж үйлдвэр/барилгын салбарын бууралтад хэдийгээр хүнсний үйлдвэрлэл өссөн ч нэхмэл бүтээгдэхүүний салбарын үйлдвэрлэл багассан нь голлон нөлөөлсөн байна. Үйлчилгээний салбар мэдэгдэхүйц буурсан нь тээвэр, бөөний болон жижиглэнгийн худалдаа, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ хумигдсантай холбоотой.
Юанийн өсөлтийн дарамт
2020 оны зургадугаар сараас эхлэн БНХАУ –ын эдийн засаг сэргэхтэй зэрэгцэн тус улсын валют бэхжсээр 1 ам.доллартай 6.5 юань тэнцэв. Энэ тухай Хятадын гадаад валют худалдааны газраас (2020.12.14) өдөр мэдээлсэн юм. Юанийн ханш америк долларын эсрэг найман сар тасралтгүй өсч байна. Энэ нь 2014 оноос хойших хамгийн удаан хугацаанд юанийн ханш “чангарсан” тохиолдол боллоо. Харин манай улсад 2020 оны эхний улиралд ам.долларын эсрэг төгрөг 4.2% суларсан юм. Улмаар ам.долларын ханш тогтворжиж, төгрөгийн өгөөж нэмэгдэж эхэлсэн. Гэтэл нөгөө талд 1 юань 440 төгрөгтэй тэнцэж өсчээ.